Елюй Жү

Елюй Жү (ханз: 耶律鑄, пиньинь: Yélǜ zhù) (1221-1285) болбоос Их Монгол Улсын бичгийн эрдэмтэн, сайд, кидан угсааны Елюй Чуцайгийн хөвгүүн, мөн Их Юань Улсын төвлөн засах яамны зүүн гарын чинсан зэрэг чухал албан тушаалд томилогдон ажиллаж байсан улс төрч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1244 онд эцгийгээ нас барсны дараа Төвлөн засах яаманд ажиллаж эхлэсэн. 1257-1259 онд Мөнх хааныг дагаж Сүн улстай хийх дайнд хамт явж гавъяа зүтгэл байгуулсан тул алтадмал хуяг, ажнай хүлэгээр шагнуулсан. 1259 онд Мөнх хаан тэнгэрт хальсны дараа Хубилайн дэргэд үлдэн 1261 оны 7 сард Төвлөн засах яамны зүүн гарын чинсангаар томилогдон 1264 оны 9 сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд Аригбөхийн эсрэг дайнд Хубилай хааны удирдсан армид багтан, гавьяа зүтгэл байгуулсан тул 1264 онд гуанлю дайфу цол хүртэв. 1266 онд хааны зарлигаар 37 бүлэгтэй хууль цаазын бичиг зохиох ажлыг гардан хариуцав. 1267 оны 7 сард рунлю дайфу цол хүртэж, пинжан жэнши түшмэлээр томилогдов. 1268 оны 4 сард зүүн гарын чинсангийн тушаалд дахин томилогдож, 1270 онд ахин огцоржээ.

1276 онд Түүх зохиох хэлтэсийн даргаар томилогдож, түүх шастир зохиох ажилд хяналт тавих болсон. "Шу нутагт зорчсон тэмдэглэл" (徵蜀道錄) нэртэй ном бичиж хэвлүүлсэн. 1282 онд Ахмад Фанакат сайдын авилгалын хэрэг илчэгдэж цаазлуулсны дараа түүнийг дахин Төвлөн засах яамны зүүн гарын чинсангаар томилсон. 1283 онд албан тушаалаасаа огцоржээ.

1285 онд нас барсан. 1330 онд Тугтөмөр хааны зарлигаар тайш, кайфу итун сансы (開府儀同三司), шанжугуо (上柱國), Инин ван (懿宁王) цол, вэньжун (文忠) өргөмжлөлөөр нэхэн шагнаж, үр удамд нь гардуулсан. Тэрээр олон ном, шүлэг найраглал бичснээс "Шуанси зүй-ин жи" (双溪醉隐集) нэртэй ном нь Мин улсын үед зохиогдсон Юнлэ дадянь нэвтэрхий тольд тэмдэглэгдсэн нь орчин үед уламжлагдан ирсэн байна.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Аав: Елюй Чуцай
  • Ээж: Сү овогт ахайтан
    • Ах: Елюй Сюань: Елюй Чуцайгийн лян овогт эхнэрээс төрсөн.

Елюй Жү нь 11 хүүтэй байснаас 9 хүүгийн нэр тодорхой байдаг.

  1. Елюй Шижи (希徵)
  2. Елюй Шибо (希勃)
  3. Елюй Шилян (希亮)
  4. Елюй Шикуан (希寬)
  5. Елюй Шисү (希素)
  6. Елюй Шигү (希固)
  7. Елюй Шижоу (希周)
  8. Елюй Шигуан (希光)
  9. Елюй Ши-и (希逸)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "元史/卷146 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2024-03-11.
  2. "新元史/卷127 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2024-03-11.