Казак

Хээр тал дахь запорожчуудын дайралт, Франц Алексеевич Рубогийн уран зураг
Кубаны казакууд, 1916 он

Казак буюу Казакууд (украинаар: козаки́, оросоор: казаки́, польшоор: kozacy) бол Украин болон Өмнөд Оросын тал нутагт үүссэн, голдуу зүүн слав бүлгийн хэлээр ярьдаг, ортодокс христ шүтлэгт хүмүүс юм. Хэл болон шашны олон бүлгүүд нэгдэж казакуудыг бий болгосон ба тэдний ихэнх нь хоорондоо холилдон нийлж зүүн слав бүлгийн хэлээр ярьдаг, ортодокс христ шүтлэгтэй ард түмэн болжээ. "Казак" хэмээх нэрээр заримдаа жирийн адал явдал эрэгчдийг, эсвэл Зүүн Европын өмнөд хэсгийн хээр талаар (зэрлэг талыг үзэх) хэрэн явагчдыг нэрлэдэг байв.

Казак гэх нэр нь түрэг хэлний бүлгээс гаралтай «чөлөөт дайчид» гэсэн утгатай үг бөгөөд казахуудтай үгийн гарал зүйн хувьд ижил боловч угсаатны зүйн хувьд огт хамааралгүй юм.

Казакууд нь доод Днепр, Дон, Терек, Урал мөрний сав газарт хүн ам цөөтэй бүс нутаг, арлуудад нутаглаж байсан агаад Украин, Оросын түүх, соёлын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ өөрийн армийн бүрэлдэхүүнд байсан казак цэргийн ангиудыг татан буулгасан байна. 1980-аад оны сүүл үед ЗХУ-ад өрнөсөн "перестройка" хэмээх өөрчлөн байгуулалтын үйл явцын үеэр казакуудын удам үндэсний уламжлалаа сэргээх ажлуудыг хийж эхэлсэн. 1988 онд ЗХУ урьдын казакийн байгууллагуудыг сэргээн байгуулах болон мөн тиймэрхүү байгууллагуудыг шинээр нэмж байгуулахыг зөвшөөрсөн хууль гаргасан байна. 1990-ээд онд бүс нутгийн олон эрх баригчид орон нутгийн захиргааны болон цагдаагийн зарим үүргийг казакийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

2002 оны Оросын хүн амын тооллогын үеэр 140.028 хүн өөрийгөө казак гэж бүртгүүлсэн бол 2010 оны хүн амын тооллогоор 67.573 хүн казак удамтай болох нь тогтоогджээ. Европ болон дэлхийн бусад газруудад өөрийгөө казакуудтай холбодог 3.5-5 сая хүн байдаг. Казакийн байгууллагууд Орос, Украин, Беларусь, Казахстан, Канад, АНУ-д сайн дурын олон нийтийн байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Казакууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Казакууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]