Куликовын тулалдаан
Куликовын тулалдаан (1380 оны 9 сарын 8) нь Дон мөрөн, Непрявда гол хоёрын бэлчир орчим Куликовын тал гэдэг уудам газар Алтан Ордын эзэн Мамай, Москвагийн вант улсын Донын Дмитрий нарын хооронд болжээ.
Тулалдаан туйлын ширүүн болж, хоёр талаас их цус урсаж, маш олон хүний амь үрэгдсэн байна. Аль аль тал нь их хохирол үзэж, тулалдааны талбараас хоёулаа ухран зайлцгаасан гэдэг. Дмитрий ван Дон мөрний дэргэд Алтан Ордын цэрэгтэй эрэлхэг зоригтой байлдсан учир Донын Дмитрий гэж алдаршжээ.
Энэхүү тулалдаан Алтан Ордын захиргаанаас Орос орныг чөлөөлж чадаагүй юм. Гэхдээ түүхэнд алдаршсан энэ тулалдаан монголын ноёрхлоос эх орноо чөлөөлж, Оросын вант улсууд нэгдэж, төвлөрсөн улс байгуулах угтвар болж өгчээ. Мамай нь албан ёсны Алтан Ордын ханы удам байгаагүй бөгөөд Чингисийн удмын Ногай ханы ач гэдгээрээ Чингисийн удамд тооцогддог. Тэрээр оросын ванлигуудыг Алтан Ордод биш өөрт нь татвар төлж байхыг шаардаж байсан. Иймээс ч Куликовын талд Донын Дмитрийтэй хийсэн тулаанд Алтан Ордын цэрэг Оросын голлох цохилтын хүч болсон байдаг юм.