Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн 3 сарын 8-нд болдог, олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг.

Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай тус баярыг Зүүн Европ, Орос зэрэг хуучин Зөвлөлтийн блокийн орнуудад өргөн тэмдэглэдэг. Харин өдгөө ихэнх улсад улс төрийн утгаа алдаж, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хайраа илэрхийлэн, Ээжүүдийн өдөр болон Гэгээн Валентины өдөр зэрэг баяртай төстэйгээр тэмдэглэдэг болжээ. Монгол улсад ч мөн уг баяр нь ийм утгатай болсон бөгөөд бүх нийтээр амрах баярын өдөр болсон байдаг. Харин зарим улс, бүс нутагт Нэгдсэн Үндэстний Байгууллага анхны улс төрийн, хүний эрхийн утгыг нь хадгалж, даян дэлхийн эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, улс төр, нийгмийн анхаарлыг хандуулах талаар ажилладаг.

1975 онд Австралийн Барилгын Ажилчдын Холбооны эмэгтэй гишүүд олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр Сиднейд жагсаж байгаа нь.
Гамба цэцэг нь Итали, Орост олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн бэлгэдэл болдог.

1910 онд Хоёрдугаар Интернационал анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг Копенхаген хотноо хуралдуулж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгожээ. Санаачлагч нь Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гэж үздэг бөгөөд анх хэзээ санаачилсан нь тодорхойгүй.[1] Ийнхүү 1911 оны 3 сарын 19-нд уг өдрийг Австри, Дани, Герман, Швейцари зэрэг орны сая гаруй хүн тэмдэглэжээ.[2] Мөн оны 3 сарын 25-нд Нью-Йорк хот дахь нэгэн оёдлын үйлдвэрт гал гарч, 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэй байсан бөгөөд аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас нас барагсдын тоо олон болсон аж. Энэ нь ч нөлөөлж, дэлхийн нэгдүгээр дайны өмнө буюу 1913 оны 3 сарын 8-нд Европ даяар энхтайвны төлөө жагсаал өрнөжээ.

Ишлэл[засварлах]