Орчуулга

Орчуулга- аливаа нэг хэл (эх сурвалж хэл) дээрх тодорхой мэдээллийг өөр аль нэг хэл (зорилтод хэл) рүү амаар буюу бичгээр хөрвүүлэн хүргэх үйл ажиллагааг хэлнэ. Орчуулга анх зөвхөн торхой нэг хүн хийдэг байсан. Сүүлд техник хөгжихийн хэрээр орчуулгыг автоматжуулах (үгчилсэн орчуулга (англи. MT — Machine Translation) буюу компьютер ашигласан орчуулга (автоматжуулсан орчуулга (англи. CAT — Computer Aided/Assisted Translation) хийх оролдлогууд гарч ирсэн.

Орчуулгын зорилго нь эх сурвалж мэдээлэл ба орчуулсан хэл дээрх мэдээлэл хоёр тухайн хэлнийхээ соёл, бүх онцлогт таарсан бүрэн ижил нэг утгатай байхад оршино.

Орчуулга судлал (англи. Translation Studies) гэж орчуулгын үйл ажиллагааг бүх талаас нь судалдаг шинжлэх ухаан юм.

Төрөл[засварлах | кодоор засварлах]

Орчуулгын үйл ажиллагаа нь үндсэн хоёр төрөлд хуваагддаг. 1. Бичгийн орчуулга (англи. translation) гэдэг нь эх бичвэрийн утгыг бичмэл болон цахим хэрэгслээр бичмэл текст болгон хоёр эх бичвэрийн бичгийн хэлний хэм хэмжээ, шинж чанарыг хадгалсан байхыг хэлнэ. 2. Аман орчуулга (англи. interpreting) хоёр хэлний аман ярианы онцлогийг харгалзан эх хэл дээрх утга санааг зорилтот хэл рүү хөрвүүлэхэд чиглэгддэг байна. Аман орчуулга нь синхрон ба дараалсан гэж хоёр хэсэгт хуваагддаг. Дохионы хэлний орчуулга нь аман орчуулгын төрөлд ордогүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эрт дээр үеэс өөр өөр хэлтэй хүмүүс хоорондоо ойлголцохын тулд орчуулга хэрэгтэй болсон гэдэг нь ойлгомжтой.

Монголын Эзэнт Гүрний үед Европ тивээс олон зуун элч, санваартнууд ирсэн бөгөөд түүний нэг нь 1294-1305 оны үед Ханбалигт амьдарч байсан Католик шашны Францискийн бүлгэмийн санваартан, Эцэг Монте Корвино болно. Тэрээр 1305 онд Ромын Пап-д илгээсэн захидалдаа "...монгол хэлний хувьд ярианы болон бичгийн чадвар маань хангалттай түвшинд хүрсэн бөгөөд одоогийн байдлаар би Шинэ Гэрээг бүхэлд нь, мөн Дуулал номыг тэдний албан ёсны хэл болох Монгол-Татар хэл рүү орчуулж, монгол бичгээр хичээнгүйлэн буулгав." хэмээн дурдсан байдаг.

Энэхүү сурвалж өдгөөгөөс 700 гаруй жилийн өмнөх Ариун Библийн монгол орчуулгын нотлох үндсэн баримт юм.

Монголчууд бүр 13-14 зууны үеэс төвд хэлнээс ном судар орчуулж байсан түүхтэй. Эдгээр ном судар буддын шашны агуулгатай байснаас гадна тэжээх ухаан, одон зурхай, зохист аялгуу, учир шалтгааны ухаан зэрэг буддын утга зохиолын олон салбарыг хамарч байв. Монгол орчуулгын үйлсэд төв халх, буриад, ойрад, өвөрлөгч аймгийн үе үеийн эрдэмтэн мэргэд, гүүш хэлмэрч нар оролцож орчуулгын асар их өвийг монгол бичгээс гадна тод, дөрвөлжин, соёмбо зэрэг бичгээр бичиж туурвисан нь өдгөө Монгол улсад төдийгүй дэлхийн бусад орны номын санд ч хадгалагдаж байна. Монголын хаад нийгэм, улс төрийн зорилгоор төвдийн улааны болон шарын шашныг дэлгэрүүлж, Төвд, Монгол хоёр орны хооронд утга зохиолын харилцаа холбоо тогтсон тэр цаг үеэс төвд хэлнээс ном судар орчуулж эхэлжээ. Ялангуяа шарын шашин хүчтэй дэлгэрсэн 17-18 зуунд төвд хэл эрдэм боловсролын хэлний үүргийг гүйцэтгэх болж, монгол лам нар төвд хэлээр бүтээлээ туурвиж, төвд хэлнээс ном судар орчуулах үйл ч өрнөн хөгжсөн байна.

Төвд хэлнээс ном судар орчуулсан түүхээс үзвэл орчуулгын эхэн үед буддын шашны нэр томъёог санскрит хэлээр сэргээн буулгах уйгарын орчуулгын аргыг баримталж, төвд үг хэллэгийг зээлж авах биш, харин орчуулах хандлагатай байсан бол шарын шашны нийгмийн үүрэг, нэр нөлөө хүчтэй болж ирсэн 17-19 зуунд төвдүүдийн санскрит, хятад хэлнээс ном судар орчуулахдаа аливаа нэр томъёог хуулбарлан буулгаж байсан тэрхүү аргыг даган мөрдсөн төдийгүй Ганжуур, Данжуурын олон үеийн монгол орчуулгыг бээжин барын төвд эхийг үндэс болгож засан найруулсан түүхтэй. Буддын шашин номын агуулгатай төвд ном судрыг зонхилон үгчилж орчуулж байсан бол уран зохиол, ялангуяа иргэний чиглэлийн ном судрыг утга төгөлдөр уран яруу орчуулахаас гадна аман бичгийн орчуулгын баялаг уламжлал байсныг ч дурдах нь зүйтэй.