Петра

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Петра*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Petra Jordan BW 22.JPG
Петрагийн сүм
Улс Flag of Jordan.svg Йордан
Төрөл Соёлын
Шалгуур i, iii, iv
Дугаар 326
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1985  (9-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Петра нь (гре. πέτρα; араб. البتراء, Al-Batrāʾ) Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабад орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. 1812 онд Швейцарийн аялагч Иохан Людвиг Буркхардт уг байгууламжийг нээх хүртэл хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв.Ньюдигэйтийн шагналт Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа “Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан сарнай лугаа хот ” хэмээсэн байдаг. ЮНЕСКО 1985 онд “Петра нь хүн төрөлхтөний соёлын өвийн хамгийн гайхамшигт шинж чанаруудыг агуулсан бүтээлүүдийн нэг” хэмээн үзэж, Дэлхийн өвд бүртгэн авчээ.

Петрад хийсэн олон тооны археологийн шинжилгээний үр дүнд нэн эртнээс хүн амьдарч ирснийг нотолсон байдаг. Неолитийн үеийн хүний зурсан гөрөөс агнаж буй хадны сүг зураг олдсон нь үүний нотолгоо юм. Египетийн найм дахь улсын үед Петра нь байнгын оршин суугчидтай байсны нотолгоо олддог. Балар эртний үеэс Петра нь шашин мөргөлийн чухал төв, ариун газар байсан байсан тухай хуучин гэрээнд өгүүлсэн байдаг. Библид тэмдэглэснээр Петрад анх Хоритууд амьдардаг байсан бөгөөд хожим нь Эмодитууд суурьших болжээ. Уугуул оршин суугчдын ийм зан заншил нь Набатейчуудад нөлөөлж, нөгөө ертөнцөд одогсодоо хагас агуй хэлбэрийн ухмал бунханд оршуулдаг болсон гэж үздэг. Петрагийн барилгуудын үлдэцийг харвал Набатей, Греко-Роман урлагийн аль алиных нь хэв маягийг агуулсан нь илт мэдрэгддэг байна. МЭӨVI зууныг хүртэл Набатейчуудын соёлын ул мөр олддог бол түүнээс хойш Греко-Роман хэв маяг давамгайлдаг.


Птолемейн улсын харъяанд байх үед Грек, Египет, Сирийн соёл иргэншлийн нөлөө хүчтэй түрэн орж ирсэн байдаг ба Селевкид, Птолемейн улсуудын нөлөө багасч, Набатейчуудын улс сэргэхэд улс орны чухал хэсэг болж байв. Ромын эзэнт гүрний үед Сирийн захирагч Корнелиус Палма Ромын эзэнт гүрэнд Арабыг нэгтгэх аяны түшиц газраар Петраг сонгож байв. Удалгүй уугуул нутгийн хаант улс мөхөж, Петра нь Ромын эзэнт гүрний Арабиа Петрей мужийн төв болжээ. Набатейчуудын улс мөхсөн ч Петра улам бүр цэцэглэн хөгжиж байв. Дараагийн зуун жилд ялангуяа Александр Северусын хаанчлалын үед уг хотын сүр жавхлант байдал оргилдоо хүрч, зоосон мөнгөн дээр дүрслэгдэн үлджээ.


Сассанидын эзэнт улсыг байгуулсан шинэ Персүүдийн халдан довтолгоо ширүүсч, байгалийн гамшигт үе үе болох болсон нь Арабын худалдааны гол төв Петрад шинэ барилга байгууламжууд сүндэрлэхэд хориг болж, мөхлийн шатандаа оржээ. МЭ 363 онд болсон газар хөдлөлтийн уршгаар хотын маш олон барилга нуран унаж, хотын амин сүнс ус түгээлтийн систем бүхэлдээ эвдэрчээ. Энэ явдал хотыг гэнэтийн мөхөлд хүргэв. Дундад зууны үед Петра нь адал явдал хайгчид, аянчин гийчдийн очих дуртай хамгийн гайхалтай газруудын нэг байсан бөгөөд XIII зууны үед Египетийн султан Бейбарс орхигдсон хотын туурийг очиж үзэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.


2006 онд уран барилгачдын нэгэн баг Петрагийн загварныг сэргээн босгож, аялагчдын төв байгуулсан нь гайхалтай амжилтанд хүрч, Йорданд ирэх жуулчдын тоог эрс нэмэгдүүлсэн гэдэг. 2006 оны арванхоёрдугаар сарын байдлаар зөвхөн ганцхан сарын дотор уг байгууламжийг үзэхээр 59000 орчим хүн хүрэлцэн ирсэн байна.

Гадаад холбоосууд[засварлах]

Wikimedia Commons has media related to Petra.
Wikimedia Commons has media related to Category:Petra Church.