Телевиз

Телевиз (Латин: video) нь tele-алс vision-харах гэсэн үгнээс гаралтай.

Үүсэл[засварлах | кодоор засварлах]

Үе үеийн олон эрдэмтэдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд телевиз бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй. Английн эрдэмтэн Жеймс Клерк Максвелл (1831-1879) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглал анх дэвшүүлжээ. Цахилгаан соронзон орон үнэхээр бодитой оршиж байгааг Германы эрдэмтэн Генрих Герц (1857-1894) туршилтаар баталсан юм. Цахилгаан соронзонгийн тархах хурд, түүний физик шинж чанарыг ч Герц нарийвчлан судалсан байна. Оросын эрдэмтэн Александр Степанович Попов (1859-1905), италийн эрдэмтэн Гульелмо Маркони (1874-1937) нар цахилгаан соронзон үелзлэлийг ашиглан агаарын орон зайг ашиглаж ямар нэгэн дохио дамжуулах арга бодож олжээ. Тэднийг анх радио зохион бүтээсэн эрдэмтэд гэж үздэг. 1880 онд П.И.Бахметьев дүрсийг алсад дамжуулахын тулд эхлээд цахилгаан соронзон орон болгож задлаад, дараа нь хүлээн авагчаар эргэж цуглуулах хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн байна. Үүний дараа 1884 онд Германы эрдэмтэн Паул Нипков дүрсийг алс холын орон зайд дамжуулах анхны шийдлийг олжээ. Нипковийн санаачилсан энэ арга дээр тулгуурлан 1920 онд Шотландын зохион бүтээгч Жон Байрд (1888-1946) механик телевизор бүтээсэн юм.

1900 оны 8 сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “ television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм. Tele - алс хол, vision - үзэгдэх, харагдах гэсэн утгатай үг юм. Монголчууд энэ үгийг зурагт гэж орчуулжээ. Гадны фото үзэгдлийг ашиглан Петербург хотын технологийн их сургуулийн багш Б.Л.Розинг 1907 онд өнөөгийн зурагт ажиллах үндсэн зарчимыг боловсруулжээ. Телевизийн цаашдын хөгжилд Б.П.Грабовский, С.И.Катаев, П.В. Шматков, В.К.Зворыкин зэрэг олон эрдэмтэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь телевиз гэдэг бол олон хүний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамтын бүтээл юм. Одоо ч телевизийн материал, техникийн бааз шинэчлэгдсээр байна.

Анхны телевиз[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн улс орнуудын туулж өнгөрүүлсэн түүхээс нь хамаарч телевизийн хөгжлийн үе шат харилцан адилгүй байна. Улс бүрт телевиз байгуулагдсан цаг үе харилцан адилгүй боловч “туршилтын нэвтрүүлэг” явуулж байсан зурвас үе заавал байдаг. Манай хойд хөрш Орост телевизийн туршилтын нэвтрүүлгийг 1931 оны 5 сарын 1-нд хийсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө “Правда” сонинд энэ тухай мэдээлэл хэвлэгджээ. 5 сарын 1-нд Оросын инженерүүд хэд хэдэн гэрэл зургийг дуугүйгээр алсын орон зайд дамжуулсан нь амжилттай болжээ. Тэгвэл Германд 1928 онд телевизийн туршилтын нэвтрүүлэг хийж байсан тухай баримт байдаг. Телевизийн нэвтрүүлгийг тогтмол явуулж эхэлсэн дэлхийн анхны улс бол Их Британи юм. 1936 онд Их Британий нийслэл Лондон хотод “London Television Service” компани тогтмол нэвтрүүлэг явуулах болжээ. Харин Орост 1939 оны 3 сарын 10-аас телевизийн нэвтрүүлэг тогтмол явах болжээ. Мөн 1939 оноос Америкийн телевизийн түүх эхэлдэг. Америкийн радио корпорацийн ерөнхийлөгч Дэвид Сарнов: Одоо бид дуунд дүрс нэмж чадах боллоо гэж мэдэгдэж телевиз байгууладаж байгааг тунхагласан байна. 1939 оны 4 сарын 30-нд Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельтийн яриаг дамжуулснаар АНУ-д телевизийн өргөн нэвтрүүлгийн нээлт болжээ. Дэлхийн II дайны дараа телевизийн хөгжлийн алтан үе ирсэн юм. Ази, Европ, Латин Америк, Африкийн орнууд 1950 оноос хойш телевиз байгуулжээ. Ази тивд телевиз байгуулсан хамгийн анхны орон нь Иран, Филлипин юм. 1953 онд Филлипинд нэгэн зэрэг хоёр телевиз байгуулагджээ. Тайланд улсад 1955 онд, Энэтхэгт 1959 онд, Малайз улсад 1963 онд, Пакистан 1964 онд, Турк улсад 1968 онд, Хятад улс 1958 онд, БНСУ 1956 онд, Япон 1953 онд телевизтэй болжээ. 1970 оноос телевиз бол ОНМХ-ийн нэг чухал суваг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Телевиз орчин үед[засварлах | кодоор засварлах]

Интернэт түгээмэл тархах хүртэл телевиз хамгийн шуурхай мэдээллийн хэрэгсэл гэсэн байр сууриа хадгалж ирсэн. Хамгийн анх 1947 онд АНУ-д кабелийн телевиз байгуулагдсан. 1970-аад оны сүүл үеэс кабелийн сүлжээ ашиглан нэвтрүүлэг дамжуулах нь улам ихэссэн. Харин 1990 оноос хойш пост коммунист орнуудад кабелийн телевиз сонгодог утгаараа хөгжиж эхлэжээ. Ингэснээр телевизийн сувгийн тоо ч нэмэгдсэн байна. 1976 онд хиймэл дагуулын телевиз бий болов.

Орчин үед хиймэл дагуулын телевиз нь тоон систем ашиглан дуу дүрсний өндөр чанартай нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байна. Мэдээллийн технологийн хөгжлийн үр шимээр IPTV Internet Protocol Television бий боллоо. IPTV хамгийн гол давуу тал нь дүрс бичлэгийг үзээд зогсохгүй түүнтэй холбоотой бусад нэмэлт мэдээлэл авах, нэвтрүүлэгт шууд оролцох боломжтой. Мөн хэрэглэгч хүссэн нэвтрүүлгээ өөртөө тохиромжтой цаг үед үзэх боломж нээж өгдөг.

Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн нь[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны 4 сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ. 1965 оны 10 сард БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гаргажээ. Үүний дагуу телевизийн техникийн мэргэжилээр 40 хүнийг ЗХУ руу илгээсэн байна. 1966 оны 3 сарын 29-нд Монгол телевизийн техникийн төвийн шавыг тавих ёслол болжээ. 1966 оны 5 сарын 16-нд телевизэд ажиллах залуусын хоёрдугаар ээлжийг ЗХУ руу явуулсан юм.

1967 онд Монголын телевиз байгуулагдахад барьж байгуулсан теле цамхаг нь 193 метр өндөр. 1967 оны 7 сарын 9-ний өдрийн “Үнэн” сонинд монголын телевизийн төвийн ерөнхий инженер В.И.Алырщиковын өгсөн ярилцлага хэвлэгджээ. Тэрээр энэ ярилцлагадаа телевизийн төв нэвтрүүлэг дамжуулахад бэлэн гэж мэдэгджээ. Ингээд 1967 оны 7 сарын 11-нд Монголд анх удаа туршилтын нэвтрүүлэг хийжээ. Ардын хувьсгалийн 46 жилийн ойд зориулсан концерт, хүндэтгэлийн арга хэмжээг телевизээр дамжуулжээ. Дараа нь 1967 оны 8 сарын 15-нд хоёр дахь удаагийн туршилтын нэвтрүүлэг хийжээ. Туршилт амжилттай болсоны дараа тогтмол нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гаргасан байна. Радио телевизийн улсын хорооны даргаар Жалан-Аажив, орлогчоор нь Сумъяа томилогджээ. 1967 оны 9 сарын 27-ноос эхлэн Монгол телевиз тогтмол нэвтрүүлгээ явуулах болжээ. Монгол телевиз анх байгуулагдаад даваа пүрэв, бямба, ням гаригт нэвтрүүлэг дамжуулдаг байв.

Монгол телевизийн төлөвшил[засварлах | кодоор засварлах]

1972 онд Монгол телевиз нь “Интервидение” олон улсын телевизийн байгууллагийн гишүүн болсон юм. 1980 онд Монгол телевиз техникийн шинэчлэл хийсэн байна. Хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчилж өнгөтөөр нэвтрүүлэг дамжуулах болжээ. 1980 оны олимпийн наадам, 1981 оны 3 сарын 22-өөс 30-ний хооронд Ж.Гүррагчаа сансарт ниссэн тухай шууд дамжуулан үзүүлж байлаа. 1971 онд “Интерспутник” хиймэл дагуулын тусламжтайгаар радио, релейний шугамаар орон даяар нэвтрүүлэг дамжуулах болсон. 1980 оноос эфирийн цагаа нэмэгдүүлж долоо хоногт 6 өдөр эфиртэй болжээ. Энэ үеэс “Оддын ахан дүүс”, “Оноо хурд хором”, “Бид Артек явна” зэрэг шинэ нэвтрүүлэг гарах болсон. 1972 онд Монгол телевизийн дэргэд “Телекино” үйлдвэр байгуулагджээ. Ургацын далай нэвтрүүлэг радиогоос телевизийн хувилбарт шилжсэн байна.

1990 онд ASIASAT-1 хиймэл дагуулаар нэвтрүүлгээ дамжуулах болсон. 1991 оны 1 сарын 1-ээс Монгол телевизийн сувгаар америкийн телевизийн нэвтрүүлгийг үзүүлдэг болжээ. 1992 онд Монгол телевиз бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж бие даасан студи байгуулагджээ. 1992 оны 4 сарын 25-нд сэтгүүлч Ц.Нармандах “Чөлөөт телевиз”, Д.Гарам-Очир “Мэдээлэл арилжааны чөлөөт суваг” байгуулжээ. Мөн уран бүтээлийн “Жолоо” нэгдэл үүссэн. Энэ бол хувийн арилжааны телевиз байгуулах гэсэн анхны оролдлого гэж хэлж болно. 1997 онд Монгол телевиз “Ханилаг”, “Алслал”, “ACD” зэрэг 20 гаруй студи болж бүтцийн өөрчлөлт хийжээ. Гэвч тун удалгүй дахин редакцийн бүтэц зохион байгуулалтандаа оржээ. 1998 онд Монгол телевиз Японы засгийн газрын тусламжтайгаар техникийн шинэчлэл хэсэгчилж хийв. 1998 оноос Монгол телевиз өдөр бүр нэвтрүүлэг дамжуулах болж, өглөөний хөтөлбөр нээсэн. 1998 онд Монгол Улсын парламент “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хууль батлав. Ингэснээр Монгол телевиз нь “МҮТВ” хэмээн нэрээ өөрчилжээ. 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагджээ. Анх байгуулагдсанаасаа хойш төрийн мэдэлд байж, эрх баригчдын дуу хоолой болж байсан МҮТВ нь олон нийтийн статустай телевиз болов.

Монголын арилжааны телевизүүд[засварлах | кодоор засварлах]

1972 онд байгуулагдсан “Телекино” үйлдвэрийн бааз сууринд түшиглэн нийслэл хотын захиргааны мэдлийн “Улаанбаатар” телевизийг байгуулжээ. Тус телевиз анхны нэвтрүүлгээ 1992 оны 9 сарын 15-нд үзэгчдэд хүргэсэн байна. УБТВ нь хотын захиргаанаас санхүүжиж, монгол телевизийн сувгаар долоо хоногт нэг удаа нэвтрүүлэг дамжуулдаг байлаа. 1995 оноос “Өглөөний мэнд” хөтөлбөрийг дамжуулдаг болсон. 1998 онооc “UBSTV” хэмээн нэрээ өөрчилжээ. Тус телевиз нь 1997 оноос дуу хөгжим, кино, танин мэдэхүйн нэвтрүүлэг дагнан бэлтгэж нэг өдрийн эфирээ зориулж байлаа. ОХУ, Япон, БНСУ-ын телевизүүдтэй хамтран ажиллаж “Загасан нүд” олон улсын теле наадмыг зохион байгуулж байсан. 1996 оны 9 сарын 27-нд Монголын анхны арилжааны телевиз “25-р суваг” байгуулагдсан. Мөн онд Америкийн хөрөнгө оруулалттай мэдээллийн “EAGLE” телевиз үйл ажиллагаагаа эхэлжээ. 1998 оноос эхлэн Монголын үндэсний телевиз PAL системээр нэвтрүүлгээ цацах болжээ. Үүнээс өмнө SECAM системээр нэвтрүүлгээ дамжуулдаг байлаа. EAGLE телевиз 2003 онд түр хаагдаад 2005 оноос нэвтрүүлгээ сэргээжээ. 2003 онд TV5, TV9 гэсэн хоёр ч арилжааны телевиз шинээр нээгджээ. 1995 оноос Монголд гадаадын болон дотоодын телевизүүдийн нэвтрүүлгийг дахин дамжуулах үйл ажиллагаа явуулдаг кабелийн сүлжээ бий болов. Хамгийн олон хэрэглэгчтэй нь Монгол-Хятадын хамтарсан “Сансар” кабелийн телевиз юм. Гадаад дотоодын телевизийн сувгуудыг дахин дамжуулахаас гадна Сансар кабелийн телевиз нь өөрийн гэсэн 4 суваг нээсэн. 2010 оны байдлаар зөвхөн УБ хотод 20 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байв. Харин 2014 оны байдлаар Монгол Улсад 160 гаруй телевизийн компани ажиллаж байгаагаас 90 гаруй нь Улаанбаатар хотоос нэвтрүүлгээ дамжуулж байна. Монголын телевизүүдийн холбоо 2005 онд байгуулагдсан. Тус холбоо жил бүр “Алтан шонхор” теле наадмыг зохион байгуулдаг.

Дэлхийн телевизийн өдөр[засварлах | кодоор засварлах]

1996 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 21-нд дэлхийн телевизийн өдрийг тэмдэглэдэг болсон. Ийм өдрийг тэмдэглэхийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж шийдсэн байна.

Телевизийн сэтгүүл зүйн тухайн номын жагсаалт[засварлах | кодоор засварлах]

  1. Д.Амбасэлмаа Зурагт зулын хойморт заларсан нь., 1997
  2. Д.Амбасэлмаа Мянга сонсохоос нэг үзэхүй УБ., 2003
  3. Д.Амбасэлмаа Баяртай гунигтай борхон өдрүүд минь УБ.,2003
  4. Монголын телетеатр., УБ 2000 /Эмхэтгэсэн Ч.Мөнхзул/
  5. Г.Золжаргал Холоос тээсэн бодол УБ., 2002
  6. С.Жаргал Соёлын хөгжилд ОНМХ-ийн гүйцэтгэх үүрэг УБ.,2002
  7. С.Жаргал Нийтийн хөгжил ба монголын үндэсний телевиз. УБ., 2004
  8. Х.Наранжаргал Телевизийн сэтгүүл зүй УБ., 2006
  9. Л.Норовсүрэн Монголын сэтгүүл зүйн түүх УБ.,2001
  10. Хишигээ Микрофонтой харьцахад УБ.,1998
  11. Ю.Эрдэнэтуяа Монголын телевизийн өнөөгийн байдал. Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан Чөлөөт хэвлэл цуврал эмхэтгэл УБ.,2007
  12. М.Зулькафиль. Сэтгүүл зүйн тайлбар толь. УБ
  13. Г.Мэндхүү, Т.Өнөрсайхан "Телевизийн тухай А-Я хүртэл". УБ., 2014
  14. Г.Мэндхүү, Т. Өнөрсайхан "Мэргэжлийн телевиз" УБ., 2015
  15. Т.Өнөрсайхан "Монголын арилжааны телевизүүд: түүх, онол, арга зүй". УБ.,2019
  16. Г. Мэндхүү "Телевизийн мэдээллийн хөтөлбөр: түүх, онол практик" УБ.,2018
  17. Сэтгүүлчийн номын сан цуврал-2: "Телевизийн сэтгүүл зүй". ред.доктор Т. Өнөрсайхан

Stub icon

Энэ нисэх онгоцны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.