Тоба Анчар

Тоба Анчар (хятадаар: 拓跋氏 按扎兒, пиньинь: Tà bá shì Àn zhā er) нь Их Монгол Улсад дагаар орсон цэргийн жанжин. Эртний Тоба аймгийн хойчис, Алтан улсын цэргийн жанжин байсан. 1211 онд Чингис хаанаар удирдуулсан монголын арми Алтан улсад дайран орсны дараа Их Монгол Улсад дагаар орж, Яньнань, Хэбэй, Шаньдун, Шаньси мужийн 10 гаруй тойрог, хотыг эзлэн авсан. 1222 онд монголд дагаар орсон Ши Тяньин жанжны хамтаар Жунтяо ууланд Алтан улсын 100,000 цэрэгтэй байлдахад Ши Тяньин тулаанд амь үрэгдсэн хэдий ч, Анчараар удирдуулсан цэрэг дайсны хүчийг ялаад Хэжун фугийн газрыг эзлэн авав. 1230 онд Өгэдэй хааныг дагаж Алтан улсын Фэнсян фу хотыг довтлов. 1232 онд улсын ван Тас, Тулуй ноён нарын хамтаар Санфэн ууланд Алтан улсын цэргийн хүчтэй тулалдаж ялсан. Улмаар Сүбээдэй баатрын хамтаар Бянжин хотыг довтлон Алтан улсын өмнөд нийслэлийг эзлэв. 1236 онд Өгэдэй хааны зарлигаар Пиняны 614 өрхийг хишиг болгон өгөв. Удалгүй тэрээр өвчнөөр нас барсан.

Удам угсаа[засварлах | кодоор засварлах]

Анчар нь Манхань, Чучигэ гэх хоёр хөвүүнтэй байсан. Манхань нь 1278 онд мянгатын ноён болж, 1287 онд Наянгийн бослого, 1289 онд Хайдугийн довтолгооныг дарах олон удаагийн тулаанд цэрэг захиран оролцож байсан. Найман гэх нэг хөвүүнтэй.

Чучигэ нь хааны хишигтэн цэрэгт алба хааж байсан. 1266 онд Ли Таний бослогын үеэр амь үрэгдсэн. Хөхөчү гэх хөвүүн нь зарга шийтгэх яамны тэмдэглэгч түшмэл, Хунань мужийн лянфан түшмэлийн албанд ажиллаж байсан.

  • Тоба Анчар
    • Тоба Манхань
      • Тоба Найман
    • Тоба Чучигэ
      • Тоба Хөхөчү

Эшлэл[засварлах | кодоор засварлах]