Jump to content

Уитни Хьюстон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Уитни Хьюстон
Уитни Хьюстон
Төрсөн1963 оны 8 сарын 9 (1963-08-09)
АНУ, Нью-Жерси, Нью-Арк
Нас барсан2012 оны 2 сарын 11
(60 настай насалсан)
АНУ, Калифорни, Беверли Хиллз
Үхлийн шалтгаанмансууруулах бодист хордсон
ХүүхэдБобби Кристина Браун
Эцэг эхЖон Рассель Хьюстон, том = Сисси Хьюстон
Цахим сүлжээ
whitneyhouston.com

Уитни Элизабет Хьюстон (Англи: Whitney Elizabeth Houston, 1963 оны Наймдугаар сарын 9  – 2012 оны Хоёрдугаар сарын 11) Америкийн дуучин, жүжигчин, загвар өмсөгч, продьюсер. Түүнийг Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн их шагнал хүртсэн эмэгтэй уран бүтээлч гэсэн төрөлд 2009 онд бүртгэжээ. Хьюстон поп урлагийн түүхэнд хамгийн их ашиг олсон уран бүтээлчийн нэг бөгөөд замналынхаа туршид нийт 170 сая цомгоо дэлхийн зах зээлд борлуулсан юм. Тэрээр студийн 6 цомог, Зул сарын баярын нэг цомог, киноны сайундтрак бүхий гурван цомог худалдаанд гаргаж, тэдгээр нь очир эрдэнэ, мульти-платинум, платинум, алтан цомгийн гэрчилгээг хүртэж байжээ. Хьюстоны дуулсан "How Will I Know" дууны клип MTV сувгаар цацагдсанаас хойш олон орны хөгжмийн жагсаалтад тэргүүн эгнээнд бичигдэж, улмаар олон хар арьст эмэгтэй уран бүтээлчдийг араасаа дагуулсан юм.

Биллбордын шилдэг 100 дууны жагсаалтад долоон удаа тэргүүн байранд бичигдсэн. Биллборд сэтгүүлийн оны хамгийн сүүлийн жагсаалтанд шилдэг цомгийн төрөлд хоёр удаа тэргүүн эгнээнд бичигдсэн анхны эмэгтэй. 1985 түүний гаргасан хамгийн анхны цомог болох Whitney Houston цомог нь хөгжмийн урлагийн түүхэнд хамгийн их борлогдсон дебют цомог болон мөнхөрсөн юм. Алдарт Rolling Stone сэтгүүл түүний анхны цомгийг бүх цаг үеийн 500 шилдэг цомгийн жагсаалтад 254-рт эрэмбэлсэн байна. Харин түүний хоёр дахь цомог болох Whitney нь Биллбордын шилдэг 200 цомгийн жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж байсан юм.

1992 онд дэлгэцнээ амилсан Бие хамгаалагч кино бол гол дүрд тоглосон түүний анхны кино юм. Тус киноны албан ёсны дуу гэгдэх "I Will Always Love You" буюу "Чамайг үргэлжид хайрлана" дуу нь маш их борлуулалт ашиг олж чадсан, тус дуу багтсан цомог нь 1994 оны Гремммигийн наадмын жилийн шилдэг цомог төрөлд ялалт байгуулсан билээ. Бие хамгаалагч киноны дуунаас бүтсэн цомгийг анх удаагаа Nielsen SoundScan систем ашиглан бүтээсэн юм. Тус цомог бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 цомгийн жагсаалтанд 4-рт эрэмбэлэгдсэн юм. Түүнийг нэр алдарт хүргэсэн Бие хамгаалагч киноны дараа 1995 онд Амьсгаа даран хүлээнэ, 1996 онд Номлогчийн эхнэр зэрэг киноны гол дүрийг бүтээсэн байна. Тус киноны албан ёсны дуунууд багтсан цомог нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай шашны агуулга бүхий цомог болон мөнхөрсөн билээ.

2012 оны Хоёрдугаар сарын 11-ны өдөр Уитни Хьюстоны цогцос Беверли Хиллс дэх Беверли Хиллс Хилтон зочид буудлын зочны өрөөнөөс олдсон. Хэргийн мөрдөгчид түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас ваннандаа живж нас барсан гэж тогтоосон бөгөөд зүрх нь ачааллаа дийлээгүй гэж оношложээ. Түүний нас барсан тухай мэдээлэл хормын дотор дэлхийн өнцөг булан бүрт хүрч, 2012 оны Греммийн хөгжмийн наадмыг зохион байгуулах хороо тус наадмыг Уитни Хьюстоны гэгээн дурсгалд зориулахаар болсон юм.

Амьдрал, замнал

[засварлах | кодоор засварлах]

1963-1984: Хүүхэд нас, Замналын эхэн үе

[засварлах | кодоор засварлах]

Ирээдүйд алдартай дуучин болох ерөөлтэй Уитни Хьюстон 1963 оны наймдугаар сарын 9-ны өдөр Нью-Жерси мужийн Ньюарк хотноо дундажаас дээд давхаргын гэр бүлд төржээ. Түүний аав болох бага Жон Рассел Хьюстон армийн алба хаагч байсан бөгөөд хожим нь энтертеймэнт продьюсер болсон юм. Харин түүний ээжийг Эмили ''Сисси'' Хьюстон гэдэг оршин суугаа мужийнхаа хамгийн алдартай сүмийн дууч байсан юм. Түүний ээж одоо ч амьд сэрүүн, уран бүтээлээ туурвисаар байна. Хьюстоны том ах нь мөн адил дуучин, харин түүний удаах ах нь сагсанбөмбөгийн тамирчин Гари Гарланд юм. Одоо тэрээр замналаа нэгэнт өндөрлүүлжээ. Хэдийгээр түүний эцэг, эх нь хоёулаа Африк Америк гаралтай ч уугуул америкчууд болон Голланд удмын цустай ажээ. Хьюстоны загалмайлсан ээж нь АНУ-ын алдарт уран бүтээлч Арета Франклин-ий үеэл бөгөөд 8-9 настай байхад нь Аретагийн дуу бичлэгийн студид анх дагуулан орж байсан гэдэг. 1967 онд Ньюарк хотод томоохон бослого хөдөлгөөн гарсаны улмаас гэр бүл нь өөр хот руу нүүхээс аргагүйд хүрч Нью-Жерси мужийн Зүүн Оранж дүүрэгт шилжин суурьшжээ. Тэр үед алдарт дуучин маань 4-хөн настай байлаа.

Уитни Хьюстон 11 нас хүрэх жилээ өсч төрсөн Ньюарк хотынхоо New Hope Baptist сүмийн багачуудын найрал дууг гоцлох болж, улмаар төгөлдөр хуур ч тоглож сурчээ. Тус сүмийн баримт бичигт тэмдэглэснээр тэрээр "Guide Me, O Thou Great Jehovah" дууг анх удаа гоцлосон байна. Хьюстон бага ангиа Гэгээн Доминикийн академид өнгөрүүлсэн бол ахлах сургуулиа Нью-Жерси мужийн Колдуэлл-ийн охидын Католик сургуульд өнгөрүүлжээ. Энэ сургуульд суралцаж байхдаа тэрээр сайн найзаа олсон бөгөөд түүнийг Робин Кроуфорд гэдэг байлаа. Хьюстон түүнийг бага эгч гэж дуудах дуртай байсан гэдэг. Сургуульд байхад нь Хьюстоны ээж дуулах урлагт дурлуулж, улмаар дуучны уран чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай болгоныг зааж, сургаж байжээ. Тухайн үеийн алдартай уран бүтээлчид гэгдэх Чака Хан, Глейдис Найт, Роберта Флак нарын дуу, дуулах ур чадвар ирээдүйн алдарт дуучинд үлгэр дуурайл болж байсан гэдэг.

Түүний өсвөр нас бусад хүүхдийнхээс огт өөрөөр өрнөж байлаа. Католик сүмийн дэгийг зөрчиж тэрээр ээжтэйгээ хамт шөнийн клубуудэд дуулдаг байжээ. 1977 онд Хьюстон 14 настай байхдаа орон нутгийн шилдэг хамтлаг гэгдэх Майкл Загерын хамтлагтай тоглолтонд оролцож, тайзны арын дуучдын бүрэлдэхүүнд багтаж байсан бол дараа жил нь буюу 1978 онд өөрийн шүтээн Чака Ханын хит сингл "I'm Every Woman" дууны хоолойг хийж мөрөөдөлөө бага зэрэг биелүүлсэн юм. Хожим нь тэрээр энэ дуугаа алдарт "Бие Хамгаалагч" киноны дуунаас бүрдсэн тусгай цомогт багтаасан билээ.

1980-аад оны эхээр Карнеги Холл-д ээжтэйгээ хамт дуулж байхад нь нэгэн алдартай гэрэл зурагчин харсанаар загвар өмсөх гараа нь тавигджээ. Тэрээр тухайн үеийн өсвөр настнуудын хамгийн алдартай сэтгүүл гэгдэх Seventeen сэтгүүлийн нүүр хуудсанд тавигдаж байсан түүхтэй. Өсвөр насны өхөөрдөм охиныг бусад нэр алдартай сэтгүүлүүд ч зүгээр өнгөрөөсөнгүй. Алдарт Glamour, Cosmopolitan сэтгүүлд ч хэд, хэд гараад амжжээ. Түүнээс гадна телевизийн хэд, хэдэн сурталчилгаанд ч тоглосон байна. Загварын олон агентлагууд түүний сонирхож, загварын тайзнаа гарах дараагийн том од гэж дүгнэж байлаа. Тэдний дүгнэж байсанд Хьюстон дуртай байсан ч дуулах, дуучин болох хүсэл мөрөөдлийг нь унтрааж чадаагүй юм. Тухайн цаг үедээ алдартай хамтлаг дуучдын аялан тоглолтонд хамт явах дуучид сонгон шалгаруулах нэгэн төсөлд Хью Лопер хэмээх дуучны "memories" буюу "Дурсамж" дууг өөрийн хувилбараар дуулсан нь Роберт Кристгау гэх алдартай продьюсерийн анхаарлыг татжээ. Улмаар 1983 онд алдартай уран бүтээлч Пол Жабаратай нэгэн цомогт хамтран ажиллахаар болж Колумбиа Студид өнжих болжээ.

Хьюстон 1980-аад оны эхээр хэд, хэдэн дуу бичлэгийн студийн удирдлагуудыг таних болж нөгөөдүүл нь ч дуулуулах сонирхолтой байсан боловч ээж нь түүнийг сургуулиа төгсч, боловсрол эзэмших ёстой гэж үзэн гэрээ байгуулаагүй байна. Гэсэн хэдий ч тэрээр дуулахаа зогсоохгүйгээр үл барам ээжийнхээ эсэргүүцлийг сөрөн байж шөнийн клубуудэд дуулахад нь хамт явж, хамтдаа ч дуулдаг байжээ. Энэ мэтчилэн дуулж явахад нь Нью-Йорк хотын нэгэн клубт Ариста дуу бичлэгийн студийн тэргүүн Клайв Девис харж биширсэн гэдэг. Девис түүний авьяасыг зүгээр л шөнийн клубт өндөрлөхийг үл тэвчиж улмаар Мерв Гриффинийн Шоу-нд оролцуулан, шууд нэвтрүүлгийн үеэр дуулах боломжийг олгосон байна. Төд удалгүй Ариста студи түүнтэй гэрээ байгуулсан боловч бие даасан цомогон дээр ажиллаж чадахгүй л байлаа. Хэдийгээр Девис түүний цомгийг гаргахыг хүсч байсан ч бусад продюсерүүд хэний ч мэдэхгүй дуучинг амжилт олно гэдэгт итгэхгүй байсан юм. Девисээс бусад продюсерүүд Хьюстоныг хэн нэгэн алдартай уран бүтээлчтэй хамтран уран бүтээл хийх ёстой гэж үзэж байжээ. Удалгүй продьюсерүүд Тедди Пендэрграсстай холбогдон түүний "Хайрын хэлэмж" цомогт нь багтсан Hold Me дууг нь хамтран дуулсан юм. 1984 онд залуухан Хьюстон уран бүтээлийн амжилтын үр шимийг анхлан амсч, түүний хамтран дуулсан дуу Биллбордын шилдэг R&B дууны жагсаалтын 5-рт эрэмбэлэгдсэн байна.

1985-1986: Бахдам авьяас танигдаж эхлэв

[засварлах | кодоор засварлах]

Хөгжмийн салбарын нэр хүнд бүхий Майкл Массер, Жермейн Жаксон, Нарада Майкл Уолтэн нарыг багтаа оруулсан Уитни Хьюстон 1985 оны 2-р сард өөрийн анхны цомгоо Уитни Хьюстон нэртэйгээр худалдаанд гаргажээ. Түүний эхний цомог олон алдартай хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм. Тухайлбал, алдарт Роллинг Стоне сэтгүүл "Энэ жил сонссон хамгийн бахдам шинэ дуу хоолой байлаа" гэж дүгнэсэн бол Нью-Йорк Таймс сонин "Хоолойны цар хүрээ, бахдам авьяасаараа тэрээр нэгэн хэвийн хөгжмийн ертөнцийг доргиочихлоо" гэж дүгнэж байжээ. Ариста дуу бичлэгийн студи түүний анхны цомгийг АНУ-д өөр дуутайгаар, Европын орнуудад өөр дуутайгаар, Их Британид өөр дуутайгаар гаргасан нь маркетингийн бас нэгэн онцлох алхам байсан юм. Европын орнуудад цомогтоо орсон All at Once дууг түрүүнд нь хүргэсэн нь Голландын хөгжмийн чартын мега хит болсон бол АНУ, Их Британид "Someone for Me" гэх хурдан хэмнэлтэй дуу нь хит болж байлаа.

АНУ-д түүнийг сайн уран бүтээлч гэдгийг эхний цомогт нь багтсан "You Give Good Love" гэх баллад дуу нь батлан харуулж чадсан юм. Цомог АНУ-ын Биллбордын шилдэг цомгийн жагсаалтад 3-р байр, шилдэг R&B цомгийн жагсаалтад 1-рт, Европын томоохон жагсаалтуудад эхний 10 байрт эрэмбэлэгджээ. Эхний цомогоо үзэгчдэд их хэмжээгээр түгээхийн тулд Америкийн томоохон шөнийн клубуудээр сурталчилж, телевизийн шоунуудад ч оролцож байлаа. Цомгийн дараагийн дуу болох "Saving All My Love for You" дуу нь хөгжмийн зах зээлээр дэлхийд тэргүүлэгч Их Британи, АНУ-ын жагсаалтын тэргүүн байрт зэрэг жагсч томоохон жагсаалтад тэргүүн байранд бичигдсэн анхны дуу нь болжээ. Цомгийг олонд таниулах ажлын хүрээнд америкийн нэр хүнд бүхий дуучин гэгдэх Жеззи Осборнын аялан тоглолтыг Уитни Хьюстон нээдэг байлаа. Сурталчилгаатай байсан ч эсвэл сурталчилаагүй байсан ч энэ цомог түүнийг ямархан хэмжээний цартай хоолойтой, дуучин бэ гэдгийг дэлхий нийтэд таниулж чадсан юм. АНУ-ын хөгжмийн жагсаалтанд "How Will I Know" дуу нь тэргүүлснээр түүний гурав дахь дуу нь нутагтаа тэргүүлсэн тохиолдол болсон билээ. Түүний эхний цомог АНУ болон далайн чанадад түүний нэрийг цуурайтуулж, MTV хөгжмийн сувгийн хамгийн эрэлттэй хар арьст эмэгтэй дуучин болгосон юм.

1986 онд түүний эхний цомог Биллбордын шилдэг цомгийн жагсаалтыг 14 долоо хоног тасралтгүй тэргүүлж, бас нэгэн шинэ амжилт тогтоов. Түүний дебют цомгийн хамгийн сүүлийн дуу болох "Greatest Love of All" хөгжмийн жагсаалтын бүх л төрлөөр шинэ амжилт тогтоон, жилийн эцсийн шилдэг дууны жагсаалтанд тэргүүлснээр энэ алдарыг хүртсэн анхны эмэгтэй уран бүтээлч болгосон билээ. Мөн түүнчлэн энэ дуу нь сүүлийн 50 жилийн хамгийн шилдэг 500 дууны жагсаалтанд бүртгэгдсэн юм. Тэрээр анхны дэлхийг тойрсон аялан тоглолтоо энэ дуугаараа нэрлэсэн нь ийм учиртай ч байж болох билээ. Дэлхийн хөгжмийн түүхэнд анхны цомог олон сая хувиар борлогдох нь цөөн. Тэгвэл Нью-Аркаас гаралтай энэ бүсгүйн анхны цомог дэлхий даяар 25 сая хувь борлогдсон юм.

1986 оны Греммийн хөгжмийн наадам-д тэрээр жилийн шилдэг цомог, жилийн шилдэг поп дуу, шилдэг шинэ уран бүтээлч гэсэн 3 төрөлд нэр дэвшиж, бүгдийг нь авч чадсан билээ. Мөн түүнчлэн Греммийн наадмын шууд дамжуулалтын үеэр "Saving All My Love for You" дуугаа дуулсан үзүүлбэрийг телевизийн салбарын шилдгийг шалгаруулдаг Эммигийн наадам шилдэг телевизийн хувийн үзүүлбэр гэсэн төрөлд шалгаруулсан юм. Түүний эхний цомгийн шагнал үүгээр дуусахгүй. Америкийн хөгжмийн наадам, MTV Видьео наадам тус бүрээс 7 шагнал хүртсэн билээ. Алдарт Роллинг Стоне сэтгүүл түүний анхны цомгийг бүх цаг үеийн шилдэг 500 цомогт багтаасан бол Рок'н Роллийн алдарын танхим түүний цомгийг мөнхлөх шийдвэрийг гаргаж байлаа. АНУ-ын USA Today сонин сүүлийн 25 жилийн түүхэн дэх хөгжмийн ертөнцийн 25 үйл явдалд түүний анхны цомог худалдаанд гарсаныг онцгойлон шалгаруулж, түүний алдарыг улам мандуулсан юм. Түүний энэхүү аугаа замнал араасаа Жанет Жаксон, Анита Бейкр нарын олон алдартанг дагуулж, хаалгыг нь онгойлгож өгсөн билээ.

1987-1991: Тэр бол Уитни

[засварлах | кодоор засварлах]

1987 оны Зургаадугаар сард хүсч хүлээсэн хоёр дахь цомог нь Уитни нэртэйгээр худалдаанд гарав. Энэ цомогт түүний хуучин хамтрагчид болох Массер, Кашиф, Уолден нараас гадна Желлибин Бенитез ажиллажээ. Олонх урлаг судлаач, шүүмжлэгч нар түүний хоёр дахь цомгийг эхний цомогтой адилхан болсон гэж дүгнэдэг. Тухайлбал алдарт Роллинг Стоне сэтгүүл "Хэдийгээр түүнд халгиж, цалгисан их авьяас бий ч түүнийгээ энэ удаад урьдынхаа дөвийлгөж чадсангүй" гэж бичиж байсан удаатай. Гэсэн хэдий ч энэ цомог борлуулалтаараа муугүй амжилт гаргаж, багагүй хэмжээний ашиг орлого цуглуулж чадсан билээ. Тус цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо АНУ-ын хөгжмийн алдарт Биллборд сэтгүүл эрхлэн гаргадаг шилдэг 200 цомгийн жагаалтад тэргүүн байрыг эзлэсэн юм. Ингэснээр тэрээр тус хөгжмийн жагсаалтад шинээр худалдаанд гаргасан цомог нь эхний долоо хоногтоо жагсаалтыг тэргүүлж чадсан анхны эмэгтэй уран бүтээлч болгосон билээ. Их Британид ч мөн адил түүний хоёр дахь цомог борлуулалтаараа тэргүүлж байлаа. Тус цомгийн хоёр дахь сингл болох "Би хэн нэгэнтэй бүжиглэмээр байна" дуу нь төрөлх АНУ-д ч төдийгүй Их Британи, Герман, Австрали зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй олон орнуудад шуугиан тарьж, хит дуу болсон юм. Үүгээр ч зогсохгүй тус цомогт багтсан "Бидэнд юу ч үгүй", "Уярам", "Миний зүрх сэтгэл эвдэрсэн байна" дуунууд Биллборд сэтгүүлийн шилдэг 100 дууны жагсаалтыг 7 долоо хоног дараалан тэргүүлж, алдарт The Beatles, Bee Gees хамтлагын 6 долоо хоног нэг цомгийн дуу нь дараалан тэргүүлсэн гэх амжилтыг эвдэж чадсан байна. Зөвхөн нэг цомогт орсон дөрвөн дуу нь жагсаалтыг тэргүүлсэн цорын ганц эмэгтэй дуучин бол Уитни Хьюстон юм. Энэхүү цомрог нь Платинум цомгийн өргөмжлөлийг 9 удаа хүртэж, зөвхөн АНУ-ын зах зээлд 9 сая хувь борлогдсон бол дэлхий дахинаа нийт 20 сая хувь борлогдсон билээ.

1988 оны Греммигийн 30 дахь удаагийн ёслол-д Хьюстон 3 төрөлд нэр дэвшиж "Би хэн нэгэнтэй бүжиглэмээр байна" дуугаараа "Шилдэг эмэгтэй дуучин" төрөлд ялалт байгуулсан юм. Мөн түүнчлэн Америкийн хөгжмийн наадам, Сөүл Трейн Мюзик наадмын шагналыг ч авсан байна. Түүний хоёр дахь цомог дэлхий даяар шуугиан тарьж, борлуулалтын бахдам амжилт гаргаж байх тэр цаг үед алдарт дуучин маань дэлхийг тойрох аялан тоглолтоо ч үргэлжлүүлж байлаа. Түүний шинэ цомог итгэмээргүй амжилт дагуулж байх хооронд тэрээр дэлхийг тойрсон аялан тоглолтоо аль хэдийнэ эхлүүлэхээр төлөвлөсөн байсан юм. Бүтэн жилийн туршид үргэлжилсэн түүний энэхүү аялан тоглолт хөгжмийн урлагийн түүхэнд хамгийн их ашиг олсон тоглолтоор гарцаагүй нэрлэгддэг билээ. Түүний энэхүү тоглолт дэлхийн 60 гаруй орноос нийт 212 сая ам.долларыг цуглуулж чадсан юм. 1988 онд алдарт Форбс сэтгүүл түүнийг хамгийн өндөр орлоготой алдартнуудын гуравдугаар байранд жагсаажээ. Түүний урд хөгжмийн ертөнцийн домог Фредди Меркюри, телевизийн цувралын од Билл Косби нар л жагсч байсан билээ.

Өмнөд Африкад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл буюу апартейд хүчтэй өрнөж, дэлхий даяараа уг үзлийг зэмлэн буруушааж эхлэхэд алдарт дуучин маань апартейдийн эсрэг дуу хоолойгоо өргөж, Нелсон Мандела-г дэмжиж байгаа гэдгээ олон нийтэд зарлаж байлаа. 1988 оны Зургаадугаар сарын 11-ны өдөр Европ аялан тоглолтоо Их Британийн нийслэл Лондон хотноо үргэлжлүүлж байхдаа тэрээр уг үзэл бодлоо нээлттэй илэрхийлж байсан юм. Тухайн үед алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд тоглож байхдаа Нелсон Манделагийн 70 насны төрсөн өдрийг тэмдэглэж, шүтэн бишрэгчдийнхээ хамтаар түүнд хүндэтгэл үзүүлсэн билээ. Уитни Хьюстон уг тоглолтынхоо үеэр олсон 1 сая долларыг апартейдийн эсрэг дэлхийн хөдөлгөөнд хандивласан юм. Алдар нэр, ашиг орлого нь өсч байсан тэрээр олсон мөнгөө нийгмийн сайн сайханд зориулдаг байлаа. Тухайн үедээ "Хар арьст хүүхдүүдийн коллежийн сан"-д 4-5 сая ам.доллар хандивласан гэсэн мэдээ бий. Өмнөд Солонгосын Сөүл хотноо 1988 онд зохиогдсон зуны олимпын 24-р наадмыг АНУ-ын алдарт NBC телевиз шууд дамжуулахаар болж, шууд дамжуулалтын нээлтийг Уитни Хьюстон дуучны "Нэг л хором" дуугаар хийж байсан юм. Түүний энэхүү уран бүтээл зөвхөн Европ, Америк даяар төдийгүй Ази тивийн улсуудад амжилт дагуулсан билээ. 1989 онд алдарт дуучин маань дэлхий даяар туйлийн хүнд хэцүү амьдралд аж төрж байгаа хүүхдүүдэд туслах, боловсролыг нь дэмжих зорилгоор Хүүхдийн төлөөх Хьюстоны санг байгуулж байгаагаа албан ёсоор зарласан юм. Олсон орлого, гаргасан амжилтаараа эхний хоёр цомгоороо л дэлхийд танигдсан тэрээр буяны үйлсэд оролцож, энэхүү үйлсдээ алдарт Майкл Жексон-ыг ч нэгтгэж чадсан юм.

1990 оны 11-р сард ихээхэн амжилт дагуулсан цомгоо гаргаснаас хойш 3 жилийн дараа түүний бие даасан гурав дахь цомог нь "Би өнөө орой чинийх" нэртэйгээр худалдаанд гарлаа. Түүний энэхүү цомогт хөгжмийн ертөнцийн бренд гэгдэх Л.А.Рийд, Стиви Уондер, Лютер Вандросс нар хамтран ажилласан байна. Хьюстоны гаргасан дуунууд хит болдогын жамаар түүний шинэ цомгийн 6 дуу Биллбордийн шилдэг 100 дууны жагсаалтад эхний 10-т бичигдсэн юм. Эдгээрээс "Би өнөө орой чинийх", "Бүх эрчүүд надад хэрэгтэй" зэрэг хоёр дуу тус жагсаалтыг тэргүүлсэн юм. Түүний бие даасан гурав дахь цомог дэлхий дахинаа нийт 12 сая хувь борлогдсон билээ. 1990 онд АНУ-ын ерөнхийлөгч Х.В.Буш "Залуу манлайлал"-ын хөтөлбөр боловсруулж Цагаан ордоны Дугуй танхимд бага хурал зохион байгуулахдаа Уитни Хьюстонг зочноор тусгайлан урьсан юм. Тус бага хурлын дараа Хьюстон ерөнхийлөгчтэй бүтэн 90 минутын туршид хүүхэд, залуусын эрх, ажиллах орчин нөхцөлийн талаар зөвлөлдсөн гэдэг.

1991 онд Виржиниа мужид болсон "Баатруудаа тавтай морил" концертын үеэр

1991 оны Нэгдүгээр сарын 27-ны өдөр Америкийн хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах Супер боулын төлөөх 25 дахь шигшээ тоглолтын нээлтэнд Уитни Хьюстон АНУ-ын төрийн дуулал дуулсан нь хэвлэл, мэдээллээр нэг шуугиан тарьж орхив. Түүнийг олонх сэтгүүлчид ам барьсан гэж шүүмжилж байлаа. Хожим нь түүний хэвлэлийн төлөөлөгч "Хьюстон тайзан дээр гарахад зохион байгуулагчдын зүгээс бидэнд техникийн асуудал байгаа гэж мэдэгдсэн. Тийм учраас хуран чуулсан үзэгчдээ хүндэлж ийм шийдэл гаргахаас өөр арга байгаагүй" гэсэн нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулав. Ингэснээр түүний дуулсан төрийн дуулал олон нийтэд хүрч АНУ-ын хөгжмийн жагсаалтын эхний 20-т бичигдсэн нь АНУ-ын төрийн дуулал 1968 онд хөгжмийн жагсаалтанд бичигдэж байснаас хойшхи анхны тохиолдол байсан юм. Хэдийгээр ам барьсан гэх шуугиан олон нийтэд тархсан ч Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах Супер Боулийн тэмцээний үеэр дуулсан хамгийн гайхалтай 25 үзүүлбэрийн нэгт түүний энэ хувилбар бичигдсэн байдаг юм. Олонх урлаг судлаач, шүүмжлэгч нар АНУ-ын төрийн дуулалын хамгийн гайхалтай хувилбарыг Хьюстон дуулсан гэдэгтэй маргадаггүй билээ.

Алдарт дуучны ам барьсан тухай шуугиан АНУ даяар тархаж байх үед далайн чанадад Персийн булангийн дайн ид өрнөж байлаа. Тус дайнд оролцсон АНУ-ын дайчид эх орондоо ирэх өдрийг тохиолдуулан Виржиниа мужийн Норфолк дахь Тэнгисийн цэргийн баазад Уитни Хьюстон ашгийн бус ямар ч тасалбаргүй "Баатруудаа тавтай морил" концертыг зохион байгуулсан нь хэвлэлээр дэгдээд байсан шуугианыг ор үндэсгүй алга болгосон юм. Түүний тоглолтыг алдарт HBO суваг телевизээр цацсан нь тус сувгийн түүхэн дэх хамгийн олон хүн үзсэн контент болсон билээ.

1992-1994: Гэр бүлээ зохиов, Бие хамгаалагч хүртээл болов

[засварлах | кодоор засварлах]

1980-аад онд алдарт дуучин маань Америкийн үндэсний хөлбөмбөгийн од Рэндалл Каннингэм болон жүжигчин Эдди Мөрфи нартай болзож байлаа. Гэвч эд нартай гэр бүлийн харьцаа зохиогоогүй бөгөөд 1989 оны Сөүл Трейн хөгжмийн наадмын үеэр R&B дуучин Бобби Браунтай танилцаж, улмаар гэр бүл болсон билээ. Тэд гурван жил үерхэж, улмаар 1992 оны Долоодугаар сарын 18-ны өдөр хуримаа хийсэн юм. Хуримаа хийснээсээ хойш жил хүрэхгүй хугацааны дараа 1993 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хосууд маань охинтой болж, улмаар Кристина Браун гэх нэр хайрлажээ. Хосууд өөр хүүхэд төрүүлээгүй юм. Түүний нөхөр Бобби Браун нь хэрэг төвөгт орооцолдож, ихэнх хугацаагаа торны цаана өнгөрөөж байлаа.

Алдарт дуучин маань зөвхөн дуу дуулаад зогсохгүй жүжиглэх урлагт татагдаж байсан юм. Тухайн үедээ найруулагч Спайк Лийтэй клипний зураг авалтын үеэр танилцаж, Спайк Ли түүнийг алдарт жүжигчин Роберт де Ниро-той танилцуулсан байна. Түүний кинонд тоглох мөрөөдөл 1992 онд биелсэн юм. Тухайн жилдээ нэр алдар нь мандаж эхлээд байсан жүжигчин Кевин Костнер-той хамт Бие хамгаалагч кинонд тоглож, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Хэдийгээр энэ кино АНУ төдийгүй олон улсад итгэмээргүй хэмжээний ашиг олж чадсан ч шүүмжлэгчид, урлаг судлаачдын хараалыг барж байлаа. Тухайн үед Вашингтон Пост сонинд "Хьюстон дуулж чаддаг, түүнийгээ ч нотолсон. Гэвч кинонд тоглох нь түүний хувьд маш илүүц хэрэг. Энэ киног Кевин Костнер л аваад гарчихлаа" гэж бичиж байсан удаатай. Тухайн жилийнхээ хамгийн муу киног шалгаруулдаг Алтан Бөөрөлзгөнө наадамд Хьюстон хамгийн муу эмэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшсэн нь олон шүүмжлэлийн илэрхийлэл болсон билээ. Олон шүүмжлэл өрнөж байсан ч тухайн үед "Бие хамгаалагч" киноны тасалбар өсч байсан гэдэг. "Бие хамгаалагч" кино олон улсаас нийт 410 сая ам.доллар олсон юм. Киноны хувьд шүүмжлэгчид муулахын дээдээр муулж байсан ч киноны дуутай хэн ч маргаж чадаагүй билээ. Уитни Хьюстон "Бие Хамгаалагч" кинондоо зориулж 6 дуу гаргасан бөгөөд тус дуунуудыг багтаасан "Бие Хамгаалагч" нэртэй дууны цомог гаргасан юм. Энэ нь уран сайхны киноны дууг багтаасан хамгийн их амжилт дагуулсан цомгийн нэг болсон билээ. Тухайн үедээ алдарт Роллин Стоне сэтгүүлд "Хөгжмийн хувьд маш амттай, хамгийн гол нь одоогийн нэгэн хэвийн хөгжимд чамин шигтгээ болж чаджээ" гэж дүгнэж байсан удаатай. Дээрх дуунуудаас Чамайг Үргэлжид Хайрлана дуу нь смаш хит болж чадсан юм. 1974 онд алдарт дуучин Долли Партон-ы гаргаж байсан дууг өөрийнхөөрөө шинэчилж дуулсан нь жинхэнэ хувилбараасаа илүү болж чадсан байна. Биллбордын шилдэг 100 дууны жагсаалтыг тус дуу 14 долоо хоног, R&B дууны жагсаалтыг 11 долоо хоног тэргүүлж бас нэгэн амжилтыг эвдэж байлаа. АНУ-ын хөгжмийн урлагийн түүхэнд эмэгтэй дуучин түүн шиг зөвхөн нэг дуугаа 22 сая хувь борлуулж байгаагүй юм. Тус цомог дэлхий даяар нийт 44 сая хувь борлогдсон нь жилийнхээ хамгийн өндөр борлуулалттай цомог болсон юм.

1994 оны Греммигийн наадам чухамдаа түүнийх болсон гэхэд хилсдэхгүй. Жилийн шилдэг дуу, шилдэг цомог гэсэн гол таван шагналын хоёр нь түүнийх болсон төдийгүй, Биллборд хөгжмийн наадмаас 11, Сөүл Трейн хөгжмийн наадмаас 3, Дэлхийн хөгжмийн наадмаас 5, Брит Мюзик наадмын зэрэг олон арван шагнал түүнийх болсон юм. Мөн түүнчлэн "Бие Хамгаалагч" нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолт зохион байгуулсан нь ашиг орлогын хувьд чамгүй амжилт дагуулжээ.

1994 оны 10-р сард итгэмээргүй амжилттай байсан түүнийг Цагаан ордоноос хүндэтгэлийн зоогонд урьж, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Нелсон Манделатай уулзах боломжийг олгожээ. Тус уулзалтын дараа Өмнөд Африкийн ерөнхийлөгчийн урилгаар тус улсад 3 тоглолт зохион байгуулсан бөгөөд нийт 200 мянган хүн үзэж сонирхсон байдаг.

1995-1997: Кино урлагийн он жилүүд

[засварлах | кодоор засварлах]

1995 онд түүний дараагийн дэлгэцийн бүтээл Манан арилахыг хүлээнэ нэртэйгээр дэлгэцнээ амилсан юм. Африк-Америк гаралтай дөрвөн эмэгтэйн харилцаа, нийгмээс ирж байгаа сорилт шалгуурын тухай харуулсан тус кино 81 сая ам.долларын ашиг олсон байдаг. Урлаг судлаач, кино шүүмжлэгчид түүний тоглолтыг "Бие Хамгаалагч"-аасаа дээрдсэн гэж үзсэн ч мэргэжлийн жүжигчдийн энд хүрч чадахгүй гэж дүгнэсээр байлаа. Уитни Хьюстон киноныхоо дуунуудыг багтаасан цомог хийхдээ тун гаргууд байлаа. Энэ удаагийн киноныхоо цомогт олон арван алдартай уран бүтээлчийг татан оролцуулж, продюсерээр нь "Babyface"-ыг сонгосон нь гарцаагүй зөв сонголтын нэг байсан юм. Түүний цомогт Арета Франклин, Мэри Ж.Блайж, Бренди, Тони Брекстон, Петти ЛаБеллэ нар гар бие оролцжээ. Тус цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 7 сая хувь борлогдсон нь бас нэг өвөрмөц амжилт байлаа.

1996 онд алдарт дуучин маань бас нэг кинонд гол дүрийг бүтээж амжив. Энэ удаад тэрээр Номлогчийн Эхнэр кинонд, орон нутгийн сүмийн пасторын эхнэрийн дүрээр үзэгчидтэй уулзжээ. Энэ киног 1948 онд дэлгэцнээ гарсан Санваартны эхнэр нэртэй киноноос сэдэвлэн, дахин дэлгэцнээ амилуулсан юм. Алдарт дуучин энэ удаад Холливудын өөр нэгэн од Дензел Вашингтон-той хамтран тоглосон байна. Энэ кинонд тоглосныхоо төлөө Уитни Хьюстон 10 сая ам.долларыг халаасласан нь тухайн жилийнхээ хамгийн их ашиг орлоготой хар арьст эмэгтэй жүжигчний нэг болгосон юм. Тус кино нийт 50 сая ам.долларын ашиг олжээ. Хьюстон энэ удаад киноныхоо нэрээр нэрлэсэн 6 дуу бүхий цомог гаргаж, Жиоржиа мужийн найралтай дуучидтай хамтран ажилласан юм. Дан сүмийн найрал дуу, гоцлол дуунаас бүрдэх тус цомгийн "Хоёр биендээ итгэнэ", "Алхам алхмаар" дуу нь хит болж, цомог бүхэлдээ 6 сая хувь борлогджээ. Мөн түүнчлэн хамгийн олон хувь борлогдсон сүмийн дүү бүхий цомгоор тус цомгийг нэрлэдэг билээ.

1997 онд Дебра Мартин Чейзтэй хамтран телевизийн мюзикл хийхээр болов. Тэд Рожерс Хаммерстейн нарын 1957 онд олны хүртээл болгосон "Үнсгэлжин" мюзиклийг дахин хийхээр болжээ. Тус мюзиклд Бренди, Вүүпи Голдберг, Жейсон Александр, Бернадетт Питерс нартай хамтран тоглосон юм. ABC телевизээр цацагдсан уг мюзиклийг 60 сая хүн үзсэн нь тус телевизийн түүхэнд хамгийн их хүн үзсэн контент болон түүхэнд мөнхөрчээ. Тухайн жилдээ телевизийн урлагийн Эммигийн шагнал гардуулах ёслолоос 2 төрөлд ялалт байгуулсан юм. Хьюстон тус мюзиклд бүтээсэн дүрээрээ Оскарын наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд анх удаа нэр дэвшсэн хэдий ч ялалт байгуулж чадаагүй билээ. Дараа жил нь тэрээр өөрийн шүтээн болох Арета Франклин, Дайана Росс, Дион Уорвик нартай хамтран HBO телевизийн сувгаар гурван цуврал тоглолт зохион байгуулж, тус тоглолтоос олсон орлогын тодорхой хувь болох 300 мянган ам.долларыг АНУ-ын хүүхдийг ивээх санд хандивлажээ.

1998-2000: Хөгжмийн урлаг түүнийг санажээ

[засварлах | кодоор засварлах]

1990-ээд оны дундаас эхлэн кино урлагт хүч үзсэн алдарт дуучин маань найман жилийн дараа цомгийн ажилдаа орлоо. Тэрээр 1998 оны 11-р сард "My Love is Your Love" (Миний хайр бол чамайг хайрласан хайр) цомогоо худалдаанд гаргалаа. Мэдээж хэрэг түүний энэ цомогт өмнөх алдартай хит дуунуудыг санагдуулам, олон уянгалаг дуунууд багтсан байлаа. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо алдарт Биллбордын шилдэг 200 цомгын жагсаалтын 13-рт бичигджээ. Түүний энэ цомог регги, торч, хип хоп, урбан денс зэрэг хөгжмийн төрөл бүрийн урсгал чиглэлийг багтаасан хөгжимлөг цомог болсон юм.

1998 оны сүүл 2000-аад оны эхэнд түүний энэ цомгийн дуунууд дэлхийн хит болж байлаа. Тухайлбал алдарт дуучин Мерайа Керитэй хамтран дуулсан "When You Believe" дуу нь Их Британийн хөгжмийн жагсаалтын дөрөвдүгээрт, Биллбордын жагсаалтын 15-рт бичигдсэн байдаг. Энэ дууг "Египетийн хунтайж" киноны албан ёсны дуу болгон ашигласан бөгөөд тус оныхоо "Киноны шилдэг дуу" төрөлд Оскарын наадамд ялалт байгуулсан юм. Үүнээс гадна тухайн үедээ нэр хүнд нь ид мандаад байсан Фейт Иванс, Келли Прайс нартай хамтран дуулсан "Heartbreak Hotel" дуу нь Биллбордын жагсаалтын хоёрдугаарт, Их Британийн хөгжмийн жагсаалтын 25-рт жагсаж 1999 оны МТВ хөгжмийн наадмын "Шилдэг R&B клип" төрөлд ялалт байгуулсан байдаг. Энэ цомогт орсон "It's not Right but It's Okay" дуу нь түүнд Греммийн хөгжмийн наадмын шилдэг эмэгтэй R&B дуучин гэх шагналыг авирсан юм. Энэхүү дуу нь дангаараа 3 сая хувь борлогджээ. Олон хит дуутай энэ цомог зөвхөн АНУ-д 4 сая хувь борлогдож платинум цомгыг 4 удаа хүртсэн бол дэлхий дахинаа 11 сая хувь борлогдсон юм.

Хөгжмийн урлагийн томоохон сэтгүүлүүд түүнийг хэлэхийн дээдээр магтаж байлаа. Тухайлбал Роллинг Стонес сэтгүүлд "Түүний хоолойн цар хүрээ зүйрлэшгүй юм" гэж байсан бол Виллаж Войс сэтгүүлд "Уитнигийн хоолой бусад дуучидтай харьцуулашгүй юм" гэж магтаж байсан юм. Тэрээр урьд жилүүдэд шинэ цомгийнхоо нэрээр аялан тоглолт зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ удаад ч тэрээр уламжлалаа дагаж "My Love is Your Love" аялан тоглолтоо дэлхий даяар хийсэн юм. Мэдээж түүний аялан тоглолт тухайн жилийнхээ хамгийн их ашиг олсон тоглолтоор нэрлэгдсэн. 1999 оны 11-р сард шинэ зууны босгон дээр ирэхэд түүнийг Америкийн хөгжмийн зохиолчдын холбоо Зууны хамгийн их орлоготой R&B дуучин болгож, батламж гардуулсан билээ.

2000 оны Тавдугаар сар. Тэрээр "Whitney: Greatest Hits" цомгоо худалдаанд гаргав. Өнгөрсөн жилүүдэд хийсэн шилдэг уран бүтээлүүдээ багтаасан энэ цомог дабль буюу хосолмол байдлаар сонсогчдын гар дээр очсон юм. Энэ цомог АНУ-д тавдугаарт жагссан бол Их Британи тэргүүтэй 10 улсад тэргүүн эгнээнд жагсч түүнийг хөгжмийн урлагийн хатан хаан гэдгийг баталсан билээ. Хэдийгээр энэ цомог нь өмнөх уран бүтээлүүдийг багтаасан дурсамж хэлбэртэй боловч хэд, хэдэн шинэ дуу багтсан байдаг. Тухайлбал Энрике Иглесиастай хамтарсан "Could I Have This Kiss Forever", Жорж Майклтай хамтарсан "If I Told You That" дуунууд нь олны анхаарлыг татаж, жагсаалтын тэргүүн эгнээнд жагссан юм. Мэдээж түүний цомог хамгийн их хувь борлогдсон. Зөвхөн АНУ-д л гэхэд 3 сая хувь, дэлхий даяар 10 сая хувь борлогдсон гэх баримт бий.

2000-2005: Зан чанарын өөрчлөлт-Амьдралын тэмцэл

[засварлах | кодоор засварлах]

Хьюстон анх гарч ирж байхдаа "сайн охины" дүртэй байсан. 1980-1990 хүртэл бүх хүн түүнийг "сайн охин" гэж харж байлаа. Гэтэл 1990-ээд оны сүүлээс эхлэн түүний зан чанар өөрчлөгдөж эхэллээ. Мэдээж хэрэг амьдрал мэдэхгүй охиноос үзэл бодол нь тогтсон, чамгүй орлоготой болсон тэрээр урьдынхаасаа илүүтэйгээр хэл аманд өртөх болжээ. Жин ихэд алдах болсон тэрээр ихэнх тоглолтуудаа ядаргаанаас болж хойшлуулж байлаа. Чухам энэ үеэс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хар тамхинд донтсон талаар зогсоо зайгүй мэдээлж байсан юм. 2000 оны нэгдүгээр сарын 11-ны өдөр Хавай мужийн нисэх онгоцны буудалд түүний цүнхнээс савласан хар тамхи илрүүлж, баривчлав. Гэхдээ энэ хэргийг цааш нь газар авхуулалгүйгээр шаардсан торгуулийг төлөөд суллагдаж байжээ. Энэ хэргээс ердөө хоёр сарын дараа түүнийг "Рок'н Роллын алдарын танхим"-д мөнхлөв. Алдарын танхимд орсоныхоо дараа тоглолтынхоо үеэр өнгө алдсан нь олны анхаарлын төвд орлоо. Чухам үүнээс шалтгаалан тэрээр төлөвлөгдсөн тоглолтуудаа продьюсерийн шаардлагын дагуу цуцлахаас аргагүйд хүрчээ.

Хар тамхи хэрэглэх болсон, хэтэрхий ууртай болсон зэрэг нь түүний олон саяар тоологдох орлогыг "урвуулж" орхилоо. Ихэнх продьюсерүүд түүнтэй хамтран ажиллахаас зүрхшээж байсан. Үүнээс болж ихэд шаналах болсон тэрээр Оскарын наадмын ёслолын ажиллагааны үеэр "Over the Rainbow" дууг дуулах байсан ч тэс өөр дуу дуулж орхив. Энэ нь дайран дээр давс нэмж орхилоо. Ямарсайндаа Вашингтон Пост сонин "Энэ хүүхэн бидний мэдэх сайн хоолойтой, гайхалтай дуучин эмэгтэй мөн үү. Түүнийг юу ингэтлээ сүйдэлж орхив оо" гэж шүүрс алдаж байхав. Энэ том алдааны дараа урлагийн тавцанд олон жил хамтран ажилласан, журмын нөхөр нь болох Робин Кроуфорд ажлаа өөрийн хүсэлтээр өгчээ.

Ариста/БМЖ дуу бичлэгийн студитэй 2001 оны наймдугаар сард хамтын ажиллагааны маш өндөр үнэтэй гэрээ байгуулав. Тухайн үедээ түүний байгуулсан 100 сая ам.долларын гэрээ зарим дуучдын зөвхөн мөрөөдөж болох л мөнгөн дүн байсан. Мэдээж тэрээр энэ гэрээний хүрээнд зургаан цомог гарган, цомог амжилттай болвол урамшуулал хүртэх заалтыг гэрээнд тусгажээ. Дэлхий дахиныг гайхшралд оруулж, айдаст автуулсан 9-р сарын 11-ний халдлагын үеэр тэрээр "АНУ-ын төрийн дуулал"-ыг өөрийн хувилбараар дуулж сингл байдлаар худалдаанд гаргасан нь зовлон туссан Америкийн ард түмэнд гайхалтай сэтгэлийн дэм болов. Түүний энэ сингл Биллбордын жагсаалтын зургаадугаар байранд бичигдсэн юм. Синглийн борлуулсан бүх орлогыг 9-р сарын 11-нд хохирсон гал сөнөөгчдийн сан, Хохирогсдын холбоонд очсон билээ.

Хьюстон аав Жон Хьюстон Ариста Рекордсыг гэрээнд заагдсан мөнгөн дүнгээ гүйцэд төлөөгүй гэж үзэн шүүхэд зарга мэдүүлэв. Нас өндөр тэрээр охиныхоо төлөө хангалттай явсан ч шүүх түүний хэргийг хэзээ ч авч хэлэлцээгүй билээ. Охиных нь азгүйтэл, Аристагын нүүр буруулалтад шаналсан тэрээр 2003 оны хоёрдугаар сард насан эцэслэсэн билээ. Шүүхээр заргалдсан явдалд ихээхэн бухимдсан Аристагын эзэд Уитниг гэрээнд заагдсан үүргээ биелүүлж, цомгын ажилдаа ханцуй шамлан орохыг анхаарууллаа. Гэрээ байгуулагдсанаас хойш Уитни цомог гаргаагүй байсан юм.

Хар тамхи, сэтгэл гутрал, дуулиан шуугианы бай болоод байсан Уитни Хьюстон удаан хүлээлгэсэн цомгоо "Just Whitney" гэсэн даруухан нэрээр гаргав. Түүний цомогт нөхөр нь болох Бобби Браун, Мисси Эллиотт нар хамтран ажилласан юм. Хэл амны бай болж, олон алдаа дутагдал гарсан ч Америкчууд түүнийг санасан байлаа. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо Биллбордын шилдэг 200 цомгын жагсаалтын есдүгээрт жагсчээ. Шинэ цомогт орсон дөрвөн дуу нь хит болж, цомог нь АНУ-д 3 сая хувь борлогдсон байдаг.

2003 оны 12-р сард тэрээр зулсарын баярт зориулсан цомгийг анх удаагаа худалдаанд гаргав. "One Wish: The Holiday Album" гэж нэрлэсэн энэ цомогт тэрээр олон нийтийн хүртээл болсон эртний дуунуудыг сэргээж, өөрийнхөөрөө дуулж олонд хүргэсэн юм. Гэхдээ түүний өмнөх цомгууд шиг олон сая хувь борлогдоогүй энэ цомог 800 мянган хувь борлогдсон тооцоо бий.

2004 онд АНУ-ын Засгийн газар Ойрхи дорнодтой ойртох үүднээс бодлогоор зарим нэг уран бүтээлчидтэй гэрээ хийсний дотор Уитни Хьюстон багтаж байсан юм. Тэрээр 2004 онд Ойрхи Дорнод, Ази, ОХУ-д аялан тоглолт зохион байгуулсан юм.

Хэл ам таталж байдаг түүний нөхөр ч энэ хугацаанд амжилттай байлаа. 2004 оны эхээр Бобби Браун өөрийн нэрээр нэрлэгдсэн телевизийн хөтөлбөртэй болов. Түүний энэ нэвтрүүлэг 2005 оны дунд хүртэл үзэгчдийн хүртээл болсон билээ. Гэхдээ шүүмжлэгчид түүний нөхөрт таагүй хандаж байлаа. Холливуд Репортер сэтгүүлд "Телевизийн салбарын гутамшиг гэж үүнийг нэрлэнэ. Цагаа олоогүй хошигнол, хэтэрхий олон хэлэх хараалын үг, эв хавгүй хөдөлгөөн. Тэр эхнэрийнхээ нэр хүндийг унагаахаас өөр зүйл хийсэнгүй" гэж бичиж байсан удаатай. Шүүмжлэгчдийн хараалыг идсэн энэ нэвтрүүлэг албан ёсоор цуцлагдах хүртлээ үзэгчдийнхээ тоогоор АНУ-даа тэргүүлж байсныг дурьдах нь зүйтэй болов уу.

2006-2012: Урлагийн тайзнаа эргэн ирэв

[засварлах | кодоор засварлах]

Ойрхи Дорнод, Ази, ОХУ-д хийсэн аялалн тоглолтынхоо дараа тэрээр хоёр жилийн туршид цомог гаргалгүй амралтын байдалтай өнгөрөөсөн юм. Гэвч нөхөртэйгөө маргалдах болж, хэвлэлүүдийн бас нэг өгөөш болоодхов. 2007 оны хоёрдугаар сарын 1-нд алдарт дуучин маань шүүхэд салах өргөдлөө өгсөнөөр маргаан улам олны анхаарлын төвд оров. Шүүхэд өгсөнөөс гурван сарын дараа Калифорни мужийн Оранж тойргийн шүүх түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ. Түүний нөхөр Бобби Браун алдарт дуучнаас 1,9 сая ам.долларыг нэхэмжилсэн ч шүүх хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөөгүй билээ. 2007 оны аравдугаар сард түүний студийн ээлжит цомог "The Ultimate Collection" нэртэйгээр гадаад зах зээлд гарсан юм. АНУ-д борлуулаагүй уг цомогт түүний өмнөх хит дуунууд багтсан билээ.

2009 оны есдүгээр сард тэрээр долоон жилийн туршид анх удаа ярилцлаг өгөв. Опра Уинфригийн шоунд оролцохдоо тэрээр "...Миний нөхөр байсан Бобби Браун анх надад марихуаныг санал болгож байлаа. Бид хамтдаа л татдаг байсан. Бие хамгаалагч кинонд тоглох үеэс л хар тамхи хэрэглэж эхэлсэн. Асар их хэмжээний ашиг орлого, оддын өвчин намайг сохолчихсон хэрэг. Бүр охиноо гэдсэнд байхад хүртэл хэрэглэж байсан. Би хар тамхигүйгээр өөрийгөө төсөөлөхөө болисон. Би өнгөрсөн хугацаанд өөрийгөө алдсаар байлаа..." гэж ярьж байлаа.

Удаан хүлээлгэсэн түүний шинэ цомог 2009 оны наймдугаар сард "I Look to You" нэртэйгээр худалдаанд гарав. Цомог худалдаанд гарсан эхний өдөрөө 350 мянган хувь борлогдож, Биллбордын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Тус цомгын "I Look to You", "Million Dollar Bill" дуунууд нь цомгийн хамгийн алдартай, хит дуу болсон юм. 1987 оноос хойш анх удаа түүний цомог Биллбордын жагсаалтыг тэргүүлсэн нь одоо л Уитни эргэж ирэх нь гэсэн итгэлийг фенүүдэд нь төрүүлсэн нь гарцаагүй. Европчууд түүнийг дахин хүндэтгэж эхлэв. Герман, Итали, Франчууд түүний талаар нэвтрүүлгүүдийг цацаж, тухайн үедээ амжилт олоод байсан Их Британийн "The X Factor" реалити шоу хүртэл түүнийг зочин шүүгчээр ажиллуулж байлаа. Хэдийгээр түүний цомог европ даяар гайгүй амжилттай явж байсан ч эртнээс өөнтөгч зантай Британийн хэвлэлүүд түүний талаар дуугүй өнгөрсөнгүй. "Ядуу", "Гонгиносон", "аймшигтай" гэсэн үгсээр түүний цомгийг, түүнийг ч дарж байсан. Тоглолтынх нь үеэр ч "тайзнаасаа бууж хар тамхиа тат" гэж хашхирч байсан удаатай.

2010 оны нэгдүгээр сард "Whitney Houston - The Deluxe Anniversary Edition" гэж тусгай цомогоо худалдаанд гаргасан нь өмнөх цомгууд шиг их амжилт дагуулаагүй ч шүтэн бишрэгчдийнх нь хувьд гайхалтай гэнэтийн бэлэг байлаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийг тойрсон аялалн тоглолт хийгээгүй тэрээр 2010 онд дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр болж, бэлтгэл ажилтаа оржээ. Гэтэл дэлхий дахин түүнээс аль хэдийнэ нүүр буруулсан байлаа. Зарим улсууд бүр тоглолт хийлгэхээс татгалзаж, түүний тоглолтыг зохион байгуулах продьюсер ч олдсонгүй. Зөвшөөрсөн зарим улсад тоглолтоо зохион байгуулсан ч хоолой цуцаж, солгойрч байснаас болоод үзэгчид нь орхин гарч байлаа. Гэхдээ мэргэжлийн урлагийн байгууллагууд түүнийг мартсангүй. BET Awards, Echo Awards, Grammy түүнийг хүндэтгэлийн шагналаар шагнав.

2010 оны 11-р сард түүний шинэ цомог гарах гэж байгаа талаар Их Британийн "The Mirror" сонин мэдээлэв. Шинэ цомогт нь will.i.am ч хамтран ажиллана гэж шуугиж байлаа. 2011 онд тэрээр өөрийн муу зуршилаасаа салахын тулд олон янзын сэргээн засах хөтөлбөрт хамрагдаж, олон нийтийг мансууралх бодис, архинд донтолтоос хамгаалах үйлсэд гар бие оролцож байв.

Шинэ цомогын талаар шуугиж байсан ч үзэгчдэд очихгүй байсан тэр цаг үед хуучин цаг үеийг нь санагдуулам нэгэн санал ирсэн нь кинонд тоглох санал байлаа. Гэрэлтэж байсан цаг үеийг нь санагалзуулж байгаа мэт энэ киноны нэр "Sparkle" байсаг юм. Энэ киног Холливудын алдарт TriStar Pictures бүтээж, "Америкийн шүтээн" нэвтрүүлэгээс төрөн гарсан шинэ од Жордин Спаркс энэ кинонд түүнтэй хамт тоглосон билээ. Шинэ кино 2012 оны Наймдугаар сарын 17-ны өдөр үзэгчдийн хүртээл болж 24 сая ам.доллорын орлого олсон юм. Кино багийнхан түүнд чамлахааргүй хэмжээний цалин хөлс олгосон ч яг хэдий хэр хэмжээний цалин өгсөн нь олон нийтэд ил болоогүй үлдсэн билээ.

Хьюстон бурхан болов

[засварлах | кодоор засварлах]

2012 оны хоёрдугаар сарын 9-нд Уитни Хьюстон, Бренди, Моника нарын дуучин Клайв Дейвисийн хамтаар Греммийн наадын ёслолын ажиллагааны өмнөх үдэшлэгт оролцохоор Беверли Хиллс дэх Беверли Хилтон зочид буудалд оржээ. У.Хьюстон энэ өдөр хамгийн сүүлийн удаа Холливудын тайзнаа гарч "Jesus Loves Me" дууг дуулсан юм.

Үүнээс хойш яг хоёр өдрийн дараа ваннанд живсэн байдалтай олдсон Уитни Хьюстоныг Беверли Хилтон зочид буудлын 434-р өрөөнөөс олсон юм. Шөнийн 03:30 минутад тус зочид буудлын түргэн тусламжийн эмч нар 434-р өрөөнд орж Уитни Хьюстонг сэргээх гэж хэд, хэдэн удаа хүчдэлд цохиулсан ч сэргэхгүй байсаар 03:55 минутад нас барсаныг тогтоожээ. Тухайн үедээ түүний үхлийн шалтгааныг тогтоож чадсангүй. Өглөө нь хэргийн газарт үзлэг хийсэн орон нутгийн цагдаа нар гэмт хэргийн ямар нэгэн шинжгүй гэж мэдэгдлээ. Таалал болсоноос хойш 11 өдрийн дараа буюу 2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Лос Анжелес хотын хэргийн газрын шинжилгээний хорооноос түүний үхлийн шалтгааныг "хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх хэт ачаалалд орж, хаагдсан" гэж тогтоов. Мөн түүнчлэн түүний цогцосноос их хэмжээний мансууруулах бодис илэрсэн болохыг мэдэгдлээ. Зүрх нь хаагдсаны дараа ваннандаа живсэн учир гэмт хэргийн сэдэл байхгүй гэж тогтоожээ.

2012 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр түүний төрсөн хот Нью-Жерси мужийн Ньюарк хотын "New Hope" баптист сүмд түүнийг эцсийн замд нь үдэв. Оршуулах ёслолд зөвхөн урилга бүхий хүмүүс л оролцсон гэдэг. Оршуулгын ёслол хоёр цагаар төлөвлөгдсөн байсан ч сунжирч дөрвөн цаг үргэлжилжээ. Оршуулах ёслол алдарт дуучин Стиви Уондер, Алиша Кийс, ЧеЧе Уайнанс, Ким Бөррэлл, Р.Келли нар оролцож, эцсийн замыг нь дуугаар ариулсан юм. Мөн түүнчлэн Хьюстоны продьюсер Клайв Дейвис, жүжигчин Кевин Костнер, хөгжмийн найруулагч Рики Майнор, үеэл Дайонне Уорвик, түүний хувийн бие хамгаалагч Рей Уатсон, Арета Франклин нар оролцсон байна. Хэдийгээр түүний нөхөр Бобби Браунд оршуулах ёслолын урилга илгээсэн ч оршуулах ёслол эхэлсэний дараа хоцорч иржээ. Түүнийг хоёрдугаар сарын 19-ний өдөр Нью-Жерси мужийн Уэстфилд хотын Фейрвью оршуулгын газарт, эцэг Жон Рассель Хьюстоны хажууд хөдөөлүүлсэн юм.

Хьюстонг санан дурсав

[засварлах | кодоор засварлах]

Хьюстоны амьсгал хураасан өдөр буюу 2012 оны хоёрдугаар сарын 11-ний орой болсон Греммийн наадмын ёслолын ажиллагааны өмнөх үдэшлэг бүхэлдээ түүний дурсгалыг хүндэтгэж, түүний дуунуудыг эгшиглүүлсэн байна. Тус үдэшлэгт оролцож байсан алдарт дуучин Тони Беннэт "Эхлээд Майкл Жексон, дараа нь Эми Уайнхаус, тэгээд гайхалтай Хьюстон. Бүгд тэнгэрийн оронд одчихлоо. Түүн шиг чадвартай дуучинтай би 80 хол наслахдаа таарч байсангүй" гэж дурссан байдаг.

Үдэшлэгт оролцож байсан өөр нэгэн од болох Шарон Осборн "Би үдэшлэгт оролцохоор иртэл маш том уй гашууд автчихлаа. Би түүнийг нас барсан гэдэгт итгэж өгөхгүй байна. Уг нь тэр ингэж төгсөх учиргүй байсан юм. Ямар нэгэн зүйл буруугаар эргэчихсэн байх" гэж дурсаж байжээ.

Хьюстоны гэгээн дурсгалд

[засварлах | кодоор засварлах]

Алдарт дуучныг санан дурссан олон арван алдартнууд байсан. Арга ч үгүй юм. Өөрийн цаг үеэ эзэгнэж байсан Уитни Хьюстон таалал төгсөхөд тэд санан дурсахгүй бол чухам хэн санан дурсах вэ...

Алдрарт дуучин Долли Партон "Миний дууг надаас илүү дуулж, үзэгч, сонсогчдод хүргэсэнд би түүнд сэтгэл зүрхнийхээ гүнээс баярлаж явдаг. Би түүнийг үргэлж хайрласаар, санан дурссаар байх болно"

Алдарт дуучин Арета Франклин "Тэр үнэхээр итгэмээргүй хоолойн цар хүрээтэй, гайхалтай авьяастай нэгэн байсан. Би түүний хоолойг дахиж сонсох, зурагтаар түүнийг харж чадахгүй болсондоо итгэж өгөхгүй байна"

Алдарт хөтлөгч Опра Уинфри "Тэр миний уулзаж байсан хамгийн гайхалтай хүн. Бас их гэнэн цайлган нэгэн. Түүнийг буруу хүмүүс, буруу зүгт эргүүлээгүй бол тэр өдийд бидний дунд байх байлаа"

Дуучин Марайя Керри "Итгэмээргүй юм. Би түүнээс үлгэр дуурайл авдаг байсан шүү дээ. Би түүн шиг болохыг л мөрөөддөг"

Үүнээс гадна CNN, MSNBC, Fox News сувгийн мэдээллийн хөтөлбөрт алдарт дуучныг санан дурссан мэдээгээр дүүрэн байлаа. Тэд бүгд түүний үхлийн талаар маш урт телевизийн хөтөлбөр явуулж, бүх төрлийн байр суурийг тусгаж чадсан юм. Saturday Night Live шоуныхан нэвтрүүлгийн дугаараа Уитни Хьюстоны дурсгалд зориулж, түүний 1996 онд оролцож байсан нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэжээ. Хөгжмийн MTV, VH-1 сувгууд хоёрдугаар сарын 12-ны өдөр түүний уран бүтээлийг тасралтгүй цацсан юм.

Хөгжмийн ертөнцийн ноён оргил гэгдэх 54 дэх удаагийн Греммийн ёслол бүхэлдээ Уитни Хьюстонд зориулагдсан байлаа. Олон одод түүний дурсгалыг хүндэтгэн, өөрийнх нь дууг өөрсдийнхөө өвөрмөц хувилбараар хүмүүст хүргэсэн юм.

Нью-Жерси мужийн амбан захирагч Крис Кристи хоёрдугаар сарын 21-нд Нью-Жерси мужийн далбайг хагас бөхийлгөх шийдвэр гаргаж, тэр өдрийг түүний дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарлажээ. 2012 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан 84 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны дундуур Уитни Хьюстоны дурсгалыг хүндэтгэж, түүний тоглож байсан кино, оролцож байсан нэвтрүүлгүүдийг эвлүүлсэн бяцхан монтажийг үзэгчдэд хүргэсэн юм.

Хьюстоны дуулах өв соёл

[засварлах | кодоор засварлах]

Мэргэжлийн үүднээс хэлбэл Уитни Хьюстоны хоолой бол меццо-сопрано хоолой юм. Олон мэргэжилтнүүд түүний дуулах ур чадварыг өндрөөр үнэлж, дүгнэсэн нь бий. MTV суваг дэлхийн хөгжмийн ертөнцийн 22 гайхамшигт хоолойг шалгаруулахад Уитни Хьюстон гуравдугаар байрт бичигдэж байв. Online Magazine COVE's цахим хуудас Поп урлагын түүхэн дэх 100 шилдэг дуу хоолойг тодруулахад авах ёстой 50 онооноос 48.5 оноо авч зургаадугаар байрт жагсаж байв.

Алдарт Нью-Йорк Таймс сонины урлаг судлаач, хөгжмийн шүүмжлэгч Жон Парелес "Түүний хоолой бол мөнхийн хоолой юм. Тэр зөвхөн дунд төвшинд л дуулахад гайхалтай өнгө гаргадаг. Дуулах ур чадвар маш өндөртэй дуучин бол тэр" гэж нэгэн өгүүлэлдээ бичиж байлаа.

Харин тус сонины өөр нэгэн шүүмжлэгч болон Жон Карамарика "Түүний хоолой маш хүчтэй бөгөөд цэвэр. Тийм учраас дуу болгон нь хүмүүст хүрдэг. Ур чадвар маш өндөр учир түүнийг хэдэн цаг дуулуулсан ч хоолой нь ер цуцахгүй" гэж бичиж байлаа.

Холливудын хамгийн алдартай сонин болох Лос-Анжелес Таймс сонины шүүмжлэгч Анн Пауэрс "20-р зууны поп урлагийн ертөнцөд тэрээр өөрийн гайхалтай дуу хоолойгоор хэн ч нурааж, давж гарч чадахааргүй сүрлэг хөшөө дурсгалаа босгочихсон. Түүний маш гайхалтай, чанга бөгөөд цэвэрхэн меццо-сопрано хоолойтой хэн ч гүйцэж очихгүй" гэж бичиж байсан удаатай.

Английн алдарт BBC агентлагийн хөгжмийн сэтгүүлийн хөгжмийн шинжээч Лорен Льютт "Түүний хамгийн алдартай дуу болох I Will Always Love You дууны эхний зургаан секундэд энэ дууны бүх утга учир, түүний дуу хоолой, цаашид өгүүлэх өгүүлэмжийн ямар гайхалтайг ойлгож болно. Ийм чадвартай дуучин тийм ч олон төрдөггүй юм" гэж бичиж байв.

Хөгжмийн урлагийн алдартай сэтгүүл болох Rolling Stone бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 дуучинг шалгаруулж, улмаар 34-р байрт Уитни Хьюстон бичигдэж байсан юм. "Түүний хоолойн цар хүрээ, дуулах арга барил нь хүний сэтгэлийн утасыг хөндөж чаддаг. Хөгжмийн урлагт тийм чадвартай дуучин цоохон байдаг юм шүү" гэж Rolling Stone сэтгүүл дурсгалын өгүүлэлдээ бичжээ.

Түүний хоолойн цар хүрээ, ур чадвар өндөр байсан учир 1990-ээд оны эхээр Рок'н Роллийн алдарын танхим, Хөгжмийн зохиолчдын алдарын танхимд мөнхөлсөн байдаг. Түүн шиг ид дуулах насандаа хөгжмийн хоёр томоохон алдарын танхимд нэгэн зэрэг мөнхөрсөн хүн өөр байхгүй билээ.

Хөгжмийн урлаг дахь түүний нөлөө

[засварлах | кодоор засварлах]

1980-аад оны дунд Майкл Жексоны нэр алдар мандан бадарч, түүний үр нөлөөгөөр арьс өнгөний үзэл бага ч атугай арилж, олон арван хар арьстануудыг араасаа дагуулсан юм. Харин Уитни Хьюстон бол хар арьст эмэгтэй дуучдад алдарын замыг засч өгсөн нэгэн. Хэдийгээр Майкл Жексон өмнө нь мандан бадарч байсан ч хар арьст эмэгтэй дуучид төдийлөн мандан бадарч, амжилт олж чаддаггүй байлаа. Алдарт Time сэтгүүлийн сэтгүүлч Ричард Корлисс "Тэр Майкл Жексонтой зэрэг мандсан од байлаа. Хөгжмийн урлагт үзүүлсэн тэдний үр нөлөөг юутай ч харьцуулашгүй. Хэрвээ тэд байгаагүй бол одоо бидний мэдэх олон арван хар арьст дуучин од болохгүй байсан байж мэдэх юм" гэж бичиж байжээ. Мэдээж хэрэг энэ бол яах аргагүй цор ганц үнэн билээ. Одоо бидний мэдэх алдарт дуучид Мерайя Керригээс Рианна хүртэлх олон арван дуучид түүнээс үлгэр жишээ авсанаа дурссан байдаг. Тэдний нэрсийг жагсаавал Мерайя Керри, Тони Брекстон, ЛеАнн Раймс, Сиара, Ашанти, Анийка, Женнифер Хадсон, Ариана Гранде нар Хьюстонг хүндлэн биширсэн сэтгэгдэлээ олноос нуудаггүй билээ.

Алдарт дуучин Алиша Кийс түүний талаар дурсахдаа "Би түүнээс үлгэр дуурайл авдаг байсан. Бага байхдаа түүнийг их дуурайдаг байлаа. Бяцхан охины зүрхийг тэр эзэмдэж, урам зориг өгсөн юм шүү дээ" гэсэн бол Женнифер Хадсон "Дуулна гэдэг, дууг амилуулна гэдэг ойлголтыг тэр надад суулгаж өгсөн, хадаг бариагүй багш маань юм" гэж дурссан байдаг. Их Британийн X Factor цувралаас төрөн гарсан од болох Леона Льюс дурсахдаа "Би дараагийн Уитни Хьюстон байхын тулд хичээх хэрэгтэй гэж аль жаахан байхдаа л бодож эхэлсэн. Одоо хэр нь би түүнээс үлгэр дуурайл авсаар байна" гэсэн байдаг.

Мери Ж.Блайж түүнийг дурсахдаа "Тэр бол хөгжмийн урлагт хөл тавих гэж байгаа маш олон хар арьстай охидод үүд хаалга нээж өгсөн нэгэн. Магадгүй зөвхөн хар арьстан ч гэлтгүй бүх дэлхийд түүний үр нөлөө их байгаа байх" гэж VH-1 сувагт өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.

Түүнийг Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд хамгийн олон шагнал авсан эмэгтэй уран бүтээлч хэмээн тодорхойлж, дээд амжилтийн номондоо мөнхөлсөн байдаг. Түүний шагналуудыг дурьдвал Эммигийн наадмын хоёр, Греммийн наадмын зургаа, Биллборд хөгжмийн наадмын 30, Америкийн хөгжмийн наадмын 22 бусад жижиг шагнал нийлээд түүний нийт авсан шагнал 415-д хүрдэг. Түүнээс гадна Америкийн хөгжмийн наадмын түүхэнд хамгийн олон удаа шагнал авсан эмэгтэй уран бүтээлч нь Уитни Хьюстон билээ. Дэлхийн хөгжмийн наадмын түүхэнд нэг удаагийн шагнал гардуулах ёслолоос хамгийн олон буюу 5 удаагийн шагнал авсан цорын ганц уран бүтээлч нь тэр юм.

Хөгжмийн нэвтрүүлгээр дагнасан VH1 суваг 2003 оны тавдугаар сард "Видео клипний цаг үе эхэлснээс хойш хамгийн алдартай эмэгтэй дуучин" гэж нэрлэжээ. Түүний араас Мадонна, Жанет Жексон нар бичигджээ. Хөгжмийн урлагийн түүхэнд төрөн гарсан 200 шүтээнийг шалгаруулахад 116-р байрт У.Хьюстон жагсчээ. Биллборд сэтгүүл 2008 онд "Бүх цаг үеийн хамгийн шилдэг дуучин"-г шалгаруулахад есдүгээр байрт бичигдсэн байдаг. Тус сэтгүүл 2010 оны 11-р сард "Сүүлийн 25 жилд төрөн гарсан алдартай 50 r&b/хип хоп дуучин"-г шалгаруулахад гуравдугаар байрт бичигдэж байжээ.

Уитни Хьюстоны гаргасан хамгийн анхны цомог нь Rolling Stone сэтгүүлээс гаргасан "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 цомог" жагсаалт, Рок'н Роллийн алдарын танхимаас тодруулдаг хамгийн шилдэг 200 цомгийн жагсаалтад хамт багтсан бий. Алдарт Биллборд сэтгүүл 2004 онд Хөгжмийн урлагийн түүхэнд тохиолдсон онцлох 110 үйл явдалд түүний эхний цомог худалдаанд гарсаныг онцлон дурдсан байдаг. Түүнийг амьд ахуй цаг үед буюу 2001 онд Нью-Жерси мужийн Зүүн Оранж дүүргийн Франклин сургуулийн дуулах урлагийн ангийг Уитни Хьюстоны нэрэмжит болгожээ. Мөн тэр онд BET наадмын зохион байгуулах комисс түүнд алдар хүндэтгэлийн шагналыг гардуулсан юм.

Дэлхийн хөгжмийн урлагт хамгийн их ашиг орлоготой дуучин бол Уитни Хьюстон. Тэрээр дэлхий даяар 170-200 сая дуу, цомогоо борлуулж байлаа. Таныг үүнийг уншиж байх хооронд энэ тоо нэмэгдсээр байна гэж бодохоор бүр ч гайхалтай. Зөвхөн АНУ-ын зах зээлд тэрээр 55 сая цомог борлуулсан нь Америкийн зах зээлд 4-т орох үзүүлэлт юм.

АНУ-ын Луйзана мужийн Грамблиний их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн "Хүндэт доктор"-ын цол хэргэм хүртжээ. 2013 онд түүнийг Нью-Жерси мужийн хамгийн алдартай хүний нэгээр нэрлэж, алдарын танхимд мөнхжүүлсэн байдаг.

Түүнд зориулсан кино

[засварлах | кодоор засварлах]

Бафтагын шагналт алдарт найруулагч Кевин МакДональд түүний амьдрал уран бүтээл, тэмцэл, үхэл зэргийг харуулсан "Уитни" нэртэй баримтат кино хийх болсоноо албан ёсоор зарлав. Төлөвлөгөө ёсоор түүний найруулсан баримтат кино энэ жил буюу 2017 онд дэлгэцнээ амилах учиртай. Энэ кинонд түүний хувийн архивт багтсан видео болон аудио бичлэгүүдийг нийлүүлж, олон нийтэд огт дэлгэгдэж байгаагүй баримтуудыг ашиглах юм. Түүнээс гадны хөгжмийн урлагийн томоохон зүтгэлтнүүд, түүнтэй олон жил хамтарч ажилласан продьюсер Клайв Дейвис нарын ярилцлага энэ кинонд багтжээ.

Гаргаж байсан цомогууд

[засварлах | кодоор засварлах]
  • Whitney Houston (1985)
  • Whitney (1987)
  • I'm Your Baby Tonight (1990)
  • My Love is Your Love (1998)
  • Just Whitney... (2002)
  • One Wish: The Holiday Album (2003)
  • I Look to You (2009)
  • The Bodyguard (1992) киноны Рейчл Марроны дүр
  • Waiting to Exhale (1995) киноны Саванна Жексоны дүр
  • The Preachers's Wife (1996) киноны Жулиа Биггсийн дүр
  • Rodgers & Hammerstein's Cinderella (1997) киноны Гэгээн загалмайлсан эхийн дүр
  • Nora's Hair Salon (2004)
  • The Last Days of Left Eye (2007)
  • Sparkle (2012) киноны Эммагын дүр
  • CrazySexyCool: The TLC Story (2013) Түүний тухай өгүүлэх баримтат нэвтрүүлэг
  • Whitney (2017) Түүний тухай өгүүлэх бүрэн хэмжээний баримтат кино
 Commons: Уитни Хьюстон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Ашигласан эх сурвалж

[засварлах | кодоор засварлах]

1. Африк гаралтай америкчуудын нэвтэрхий толь, 1896 оноос одоог хүртэл: 21-р зууны арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл. Оксфордын их сургууль; 2009 он. ISBN 978-0-19-516779-5. 459–461 хуудас 2. Добужискис, Алекс (2009 оны 9-р сарын 15). "Уитни Хьюстон хар тамхи хэрэглэхээ больсон гэж мэдэгдэв". Ройтерс агентлаг 3. Салливан, Каролин (2012 2-р сарын 12). "Эмгэнэл: Уитни Хьюстон". The Guardian сонин. 4. 1986 оны MTV Video Music Awards наадмын ялагчид!. Биллборд сэтгүүл. October 11, 1986, дугаар 98, 41-р тал 5. Soul хөгжмийн түүх, 2007 оны 10-р сарын 18, VH1 хөгжмийн суваг 6. Уитни Хьюстоны намтар. 2006 он. AllMusic цахим хуудас 7. Уитни Хьюстон халдлагад өртөөгүй гэж ммэргэжилтнүүд мэдэгдэв. Лос-Анжелес Таймс сонин, 2012 оны 4-р сарын 5. 8. Поп урлагийн супер од Уитни Хьюстон 48 насандаа өөд болов. Нью-Йорк Таймс сонин. 2012 оны 2-р сарын 11. 9. АНУ-ын хамгийн нөлөө бүхий хар арьст эмэгтэйчүүд: VNR AG; 1996. ISBN 978-0-8103-9177-2. 304–305-р хуудас. 10. Уитни Хьюстоны талаар таны мэдэхгүй 10 зүйл. ABC сувгийн цахим хуудас. 2012 оны 2-р сарын 16. 11. Уитни Хьюстон од болох замаа заслаа. Жонсон хэвлэлийн компани; 1985 оны 8-р сарын 26. 59-р хуудас 12. Уитни Хьюстон. Челси Хаус хэвлэлийн компани; 1998 оны 1-р сар. ISBN 978-0-7910-4456-8. 21-р хуудас. 13. Хөлөг онгоц. Жонсон хэвлэлийн компани; 1986 оны 2-р сарын 17. 59-р хуудас 14. Вайб. Вайб Медиа групп; 2007 оны 6-р сар. 78-р хуудас. 15. Веннер, Жан.С (1993.6.10); "Уитни Хьюстон: Уналт, Алдаа", Роллинг Стөүн сэтгүүл 16. Биллбордын тэргүүн байрын хитүүд. Рендом Хаус Дижитал компани; 2003.10.01. ISBN 978-0-8230-7677-2. 629 дэх тал. 17. Дуучин Уитни Хьюстоны загвар өмсөгчийн амжилт. Жонсон хэвлэлийн компани; 1990.07.16. 32-р тал 18. Од болох урт зам. Биллборд сэтгүүл. 1986.12-р сар 19. Уитни Хьюстоны талаарх шүүмж; 1985.06.06. 20. Дэлхий даяар алдарт хүрсэн Уитни Хьюстоны амжилт. Нильсен Бизнес Медиа компани; 1985.06.08. 54-р хуудас 21. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хөгжмийн ертөнцөд тохиосон чухал үйл явдлууд. USA Today сонин. 2007.06.18 22. "Анита Бейкр: 80-аад оны хамгийн хүчтэй хар арьст эмэгтэй дуучид". Сан Франциско Кроникл. 1987.02.01.