Фридрих Хаек

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Фридрих Хаек

Фридрих Август фон Хаек (герм. Friedrich August von Hayek) нь 1899 оны 5 сарын 8-ны өдөр Австрийн Вена хотноо сэхээтэн Др. Август фон Хаекийн гэр бүлд мэндэлжээ. 1974 онд Ф.А Хаек эдийн засгийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал авсан бөгөөд тэрээр 130 өгүүллэг, 25 ном хэвлүүлсэн байдаг. Хаек засгийн газрын хөндлөнгийн оролцоо, социализмын үеийн эдийн засгийн төлөвлөлт, нийгмийн байгуулалын хөгжил гэсэн гурван ойлголтыг боловсруулан томъёолсон нь бидэнд оруулсан томоохон хөрөнгө оруулалт байлаа.

Ф.А Хаекын хамгийн анхны багш бол Фридрих Визер байлаа. Тэрээр Фабиан социалист байсан бөгөөд Визерийн арга зам нь Хаекын сонирхлыг ихэд татаж тэрээр Визерын шавь болсон юм. Хаекыг сонгодог либерализм лүү оруулсан хүн бол яах аргагүй Людвиг фон Мизес бөгөөд Хаекын эдийн засаг болоод сонгодог либерализмд оруулсан хувь нэмэр нь Мизестэй салшгүй холбоотой. Ф.А Хаек Виены их сургуульд сурч байхдаа Мизесын хичээлийг судалдаг байсан бөгөөд тэрээр Мизесын социалист бус үзлийг өөрийн төсөөлж байснаас хэтэрхий их байгааг мэдсэн. Людвиг фон Мизесын 1922 онд бичсэн Социализмыг шүүмжилсэн шүүмж хэвлэгдсэнээр Хаекыг Фабиан Социализмаас холдход хүргэлээ. Хаекын бүтээлүүд нь Мизесын дутуу орхисон зүйлийг гүйцээх, сайжруулах мөн Мизесын хариулж амжаагүй асуултууданд хариулах зэргээр бий болж байлаа.

Тэрээр 1921 онд 21-н настайдаа анх Эрх зүйч мэргэжлээр Докторын зэрэг хамгаалсан /Эрх зүйгээр мэргэших нь түүнд Эдийн засагт суралцахад нь улам дөхөм болж байв/ бөгөөд дараа нь 1923 онд 23-н настайдаа улс төрийн эдийн засагчаар докторын зэргээ тус тус хамгаалав.

Виены их сургуульд сурч байхдаа Хаек Мизестэй харамсалтай нь уулзаж байгаагүй байна. Харин тэрээр сургуулиа төгссөнийхөө дараа Фридрих Визер багшийнхаа туслалцаатайгаар Мизестэй анх танилцсан байна.Ийнхүү Хаек болон Мизес нарын хамтын ажиллагаа эхэллээ. Хаек Мизесын удирдлаган доор Австрийн засгийн газарт хууль зүйн зөвлөхөөр 5 жил ажилжээ.

1929 онд анхныхаа номыг “Мөнгөний онол ба Худалдааны Цикл” нэртэйгээр хэвлүүлэн гаргажээ. Үүний дараа түүнд Лондонгын их сургуульд хүрэлцэн ирж лекц уншихыг Лионел Робинс санал болгосон байна. Тэнд тавьсан илтгэлүүд нь олны талархлыг хүлээсэн ба Үнэ ба Үйлдвэрлэл /1931/ нэртэйгээр хэвлэгдсэн байна. 1930-аад оны үед Лондонгын Кембриж дээр Кейнстэй хийсэн эдийн засгийн маргааны гол төлөөлөгч Хаек байсан бөгөөд түүний үзэл 20 орчим жил Лондонгийн Эдийн засгийн сургуульд чухал нөлөөтэй байжээ. Ийнхүү Ф.А Хаек нь 32 настайдаа эдийн засгийн мэргэжлийнхээ оргилд нь хүрсэн байлаа.

1944 онд Хаек Британийн Акедемын гишүүнээр сонгогдсон бөгөөд гишүүнээр нэр дэвшүүлэх үйл явц нь Кейнсээр дамжуулан явагджээ. Энд ажиллаж байхдаа Хаек өөрийн суут бүтээл болох “Боолчлогдох зам”-ыг хэвлүүлсэн нь түүнд олон улсын тавцанд нэр хүнд авчирлаа. Тэрээр эл бүтээлээрээ ардчилсан социализм нь хэрхэн тотилатиризмд хувирч болдогыг харуулсан байдаг. Ф.А Хаек: Сонгодог либерализмыг сэргээх, хамгаалах үйл явцад саад болж буй зүйлтэй тэмцэхдээ “нийгэмд ямар нэг нийгэмлэгүүдийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх замаар төрд шахалт үзүүлэх явдал” гэж үзээд 1944 онд тэрээр чөлөөт болон либерал нийгмийн гол гол зарчмуудын талаар хэлэлцэж байдаг либерал үзэл баримтлалын олон улсын нийгэмлэг байгуулах санааг дэвшүүлж байв. Түүний энэ санаа төд удалгүй Женев нуурын эрэг дээр байгуулагдсан Монт-Пелерин /Mont Pelerin/ нийгэмлэг 1947 онд байгуулагдсанаар биелэлээ олсон юм. / Mont Pelerin нийгэмлэг өнөөг хүртэл оршиж байна./ Хаекын либерализмын шинэ сонирхол 1970-аас 1980-аад оны хооронд бий болжээ. Мөн түүний эдийн засгийн зохицууллын судалгаа нь Кейнсизмын нөлөө буурсан 1990 оны үеэс хүчээ авч эхэлжээ. Эдийн засгийн либерализм нь АНУ, Их Британид 1990-д оноос дэлгэрч эхэлж Шинэ Эрхийн эдийн засгийн бодлогод нөлөөлөх болов. 1950 онд Хаек Лондоны их сургуулийг орхин Чикагогийн их сургуульд Нийгэм ёс суртахууны чиглэлээр 1962 он хүртэл багшилжээ. Түүнийг 20-р зууны шилдэг эрх чөлөөний философичоор тодруулсан бөгөөд 1974 онд Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналтнаар тодруулжээ.

20-р зууны суут либертари сэтгэгч, эдийн засгийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналтан Ф.А Хаек нь 1992 оны 3-р сарын 23-нд 92 настайдаа нас барсан юм.