АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга (англи. United States Secretary of State ) — АНУ-ын Холбооны Засгийн газрын дээд албан тушаал.

1789 онд байгуулагдсан АНУ-ын Гадаад бодлогыг хэрэгжүүлэгч Төрийн Департаментыг тэргүүлдэг хүн бөгөөд үндсэндээ бусад орнуудын Гадаад харилцааны сайдын албан тушаалтай адил юм.
АНУ-ын Гүйцэтгэх Засаглалд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарын дараа гуравдугаарт эрэмблэгддэг албан тушаал бөгөөд энэ албан тушаалд АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө нэр дэвшүүлэн томилж, АНУ-ын Сенат баталгаажуулдаг ажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга жилд 200,000 орчим ам.долларын цалин авдаг байна.
Амеркийн түүхэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн албан тушаал хашиж байсан Томас Жефферсон /1801-1809 онуудад/, Жэймс Мэдисон /1809-1817 онуудад/, Жэймс Монроу /1817-1825 онуудад/ Жон Куинси Адамс / 1825-1829 онуудад/, Ван Барен /1837-1841 онуудад/, Жэймс Бьюканэн /1857-1861 онуудад/ нарын 6 хүн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан түүхтэй ажээ.
Тэрээр АНУ-ын Гадаад харилцааг хэрэгжүүлэх, Шилжилт хөдөлгөөний бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд АНУ-ын Төрийн департаментыг удирдах үүрэгтэй байдаг байна. Түүнээс гадна дээд түвшний дипломатууд болон Элчин сайд нарыг гадаад улс орнуудад томилох болон эгүүлэн татах бөгөөд бусад гадаад харилцаатай холбоотой асуудлуудаар Ерөнхийлөгчид зөвлөх үүрэг хүлээдэг.
Мөн улс орноо төлөөлж гадаад харилцаатай холбоотой асуудлаар яриа хэлэлцээ явуулж, гэрээ, хэлэлцээр байгуулах буюу зогсоох эрхтэй бөгөөд Олон улсын хуралд АНУ-ыг төлөөлдөг байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын гадаад бодлоготой холбоотой асуудлаар АНУ-ын Конгресс, иргэдийг мэдээллээр хангах үүрэг хүлээхээс гадна гадаад байгаа болон зорчих гэж буй АНУ-ын иргэдэд холбогдох үйлчилгээ үзүүлж, тэдний хилийн чанад дахь эрх ашиг, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй.
2021 оны 1-р сарын 26-наас АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Энтони Блинкен Ерөнхийлөгч Жо Байдены үед ажиллаж байсан.
2025 оны 1-р сарын 20-ноос Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захираанд Төрийн нарийн бичгийн даргаар Марко Рубио томилогдоод ажиллаж байна.