Jump to content

Абэ Шинтаро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Абэ Шинтаро ууган хүү Хиронобугийн хамт. 1956 он.

Абэ Шинтаро (япон. 安倍 晋太郎 1924 оны 4-р сарын 29-нд Токиод төрсөн-1991 оны 5-р сарын 15-нд нас барсан) — Японы Ямагучи мужаас гаралтай улс төрийн зүтгэлтэн. Японы Либерал Ардчилсан намыг тэргүүлж байсан. 1982-1986 онуудад Японы Гадаад хэргийн сайдаар ажилласан. Тэрээр Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн эцэг юм.

Японы парламентын гишүүн улс төрч Абэ Каны ууган хүү болж төрөөд Ямагучи мужид өссөн байна. Эх нь Японы Эзэн хааны Армийн генерал Ошима Ёсимаши (япон. 大島 義昌; 1850—1926)-гийн ач охин Сизуко Хонда байжээ.

Тэрээр дэлхийн 2-р дайны үед ахлах сургуулиа төгсөөд 1944 онд Тэнгисийн цэргийн нисэхийн сургуулийн сайн дурын камиказе нисгэгчдийн эгнээнд элссэн. Тэрээр бэлтгэл сургуулилтаа дуусч амжаагүй байхад дайн дууссан байна. Абэ 1949 онд Токиогийн их сургуулийн хуулийн ангийг төгсөөд Майничи Шимбун "Mainichi Shimbun" сонинд улс төрийн сурвалжлагчаар ажлын гараагаа эхлүүлжээ. Тэрээр 1957 онд тухайн үеийн Ерөнхий сайд Нобүсүке Кишигийн хуулийн асуудал хариуцсан туслахаар ажиллаж эхэлснээр улстөрч болох зам нь нээгдсэн байна. 1958 онд тэрээр парламентын Төлөөлөгчдийн танхимд гишүүн болж эцэг Абэ Канагийн үйл ажлыг үргэлжлүүлсэн байна.

1977-1978 онд Засгийн газрын Танхимын нарийн бичгийн дарга байсан.

Дараа нь тэрээр 1986 оны 7-р сард Ерөнхий сайд асан Такео Фукудагаас авсан Японы Либерал ардчилсан нам болон түүний доторх Сэйва Сейсаку Кенкюкай фракцыг удирдаж, Хөдөө аж ахуй, ойн сайд, Гадаад худалдаа, аж үйлдвэр эрхэлсэн сайд зэрэг янз бүрийн төрийн болон намын албан тушаалыг хашиж байжээ. 1981 оны 11-р сарын 30-нд Ерөнхий сайд Сүзүки Зенко-гийн танхимд Абэ Шинтаро Гадаад худалдаа, аж үйлдвэрийн сайдаар томилогдов. Энэ хугацаанд түүнийг ирээдүйн Ерөнхий сайд болохоор бэлтгэгдсэн залуу удирдагч гэж үздэг байв.

1982 оны 11-р сард тэр үеийн Ерөнхий сайд Ясухиро Накасонэгийн танхимд Ёшио Сакураучигийн оронд Гадаад хэргийн сайдаар томилогдов. Түүний бүрэн эрхийн хугацаа 1986 он хүртэл үргэлжилсэн байна.

Абэ 1987 онд Ясүхиро Накасонэгийн дараа Ерөнхий сайд болох гол хүн байсан ч хүчирхэг өрсөлдөгч фракцын тэргүүн Нобору Такешитад ажлаа алджээ. Тэгээд 1987 онд Намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг авсан. 1988 онд түүний нэр нь Recruit-Cosmos-ын хувьцааг тойрсон хэргийн дуулиантай холбогдож, улмаар Такешитагийн танхим огцроход хүргэсэн ч зарим гишүүд нь дараа нь буцаж ирсэн ч түүний ойрын ирээдүйд Ерөнхий сайд болох магадлал дахин буурчээ. Энэ дуулиан 1988 оны 12-р сард Абэг намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа огцроход хүргэв.

Абэ Шинтаро 1991 оны 1-р сард эмнэлэгт хэвтсэн. Тэрээр 1991 оны 5-р сарын 15-нд Токиогийн Жунтендо их сургуулийн эмнэлэгт (англи. Juntendo University Hospital) зүрхний дутагдлын улмаас нас баржээ.

Абэ Шинтаро 1951 онд Ерөнхий сайд Нобүсүке Киши-гийн охин Ёко Кишитэй гэрлэжээ. Түүний хоёр дахь хүү Абэ Шинзо 2006 оны 9-р сарын 26-наас 2007 оны 9-р сарын 12, 2012 оны 12-р сарын 26-наас 2020 оны 9-р сарын 16 хүртэл хоёр удаа Ерөнхий сайдын албыг хашсан. Түүний гурав дахь хүү Нобуо Киши Японы Батлан ​​хамгаалахын сайдаар (2020 оны 9-р сарын 16-наас) ажиллаж байна.