Александр Вучич

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Александр Вучич (серб. Александар Вучић, Aleksandar Vučić: 1970 оны 3-р сарын 5-нд Югослав улсын Белград хотод төрсөн) Сербийн улс төрийн зүтгэлтэн. 2017 оны 6-р сарын 1-нээс Бүгд Найрамдах Серби улсын Ерөнхийлөгч.

Александр Вучич

2014-2017 онуудад Сербийн Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, 1998-1999 онд Мэдээллийн сайд, Батлан хамгаалхын сайд, Ерөнхий сайд. Сербийн Дэвшилтэт намын дарга. Өмнө 14 жил Сербийн радикал намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан.

Намтар[засварлах | edit source]

Хуучин Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын нийслэл Белград хотод 1970 оны 3-р сарын 5-нд эдийн засагч мэргэжилтэй Ангелина, Анжелко Вучич нарын ууган хүү болж төрсөн. Дунд сургуульд онц сурдаг байсан Вучич хот болон улсын хэмжээний түүхийн олимпиад, тэмцээнүүдэд түрүүлж, Белград хотын шатрын аварга болж байжээ. Белградын Их сургуулийн эрх зүйн ангийг төгссөн. Их сургуульд байхдаа завсраар нь Английн Брайтон хотод ажил хийж англи хэл сурч байсан байна.

Улс төр[засварлах | edit source]

1993 онд 23 настайдаа Вучич Сербийн радикал намд элсэж хоёр жилийн дараа Югославын парламентад сонгогдож байжээ. 1994 онд намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. 1998 оны 3-р сарын 24-нд Александр Вучич Мэдээлийн сайд болсон байна. 2012 оны 7-р сарт түүнийг Шадар сайд бөгөөд Батлан хамгаалхын сайдаар томилсон, энэ үеэр мөн ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хавсран хийсэн байна. 2012 оны 9-р сарын 29-нд сонгуулийн өмнөх намын Их хурлаар Вучич санал нэгтэй Сербийн дэвшилтэт намын даргаар сонгогдсон байна. 2014 оны парламентын сонгуулийн дараа Дэвшилтэт нам парламентын 250 суудлаас 158 суудал авч, Сербийн Социалист намтай эрх баригч эвсэл байгуулаад Вучич Сербийн Ерөнхий сайдаар сонгогдов. 2016 оны 8-р сард тэрээр тухайн үед Косовогийн асуудлыг шийдэх цорын ганц шийдэл бол Серби улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн явдал байсан ч энэ нь боломжгүй зүйл бөгөөд болохгүй гэж мэдэгдэж байжээ.

А.Вучич, В.Путин нар

Ерөнхийлөгч[засварлах | edit source]

2017 оны дөрөвдүгээр сарын 2-нд Сербийн Ерөнхийлөгчийн сонгуульд бусдаас тасархай ялалт байгуулж, тавдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, тавдугаар сарын 31-нд Сербийн Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсон юм.

Александр Вучичийн өмнө тэргүүлж байсан Засгийн газрын Төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны сайд Ана Брнабичийг Сербийн Засгийн газрыг тэргүүлсэн анхны эмэгтэй, мөн тус улсын анхны лесби гэдгээ зарласан энэ хүнийг Сербийн Ерөнхий сайдаар 2017 оны 6-р сарын 15-нд томилсон байна. Сербийн Ерөнхийлөгч Вучич Ерөнхий сайд Брнабичийг Сербийг Европын холбоонд элсүүлэх талаар анхаарч ажиллахыг даалгасан боловч үүний зэрэгцээ Орос, Хятад, АНУ, Арабын орнуудтай найрсаг харилцаа үргэлжүүлэн хөгжүүлэхийг үүрэг болгосон байна. Ана Брнабич тэргүүтэй Сербийн шинэ Засгийн газар Оросын эсрэг Европын хориг арга хэмжээнд нэгдэхгүй гэдэгт Вучич мөн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

2018 оны 1-р сарын 16-нд Сербийн улс төрч Оливер Иванович Бүгд Найрамдах Косово улсад алагдсан юм. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич түүний аллагыг "террорист ажиллагаа" гэж нэрлээд Ивановичийг алагдсаны дараа харилцаагаа хэвийн болгох талаар Косовотой хэлэлцээ хийх нь утгагүй гэж мэдэгдсэн байна: Сербийн төлөөлөгчид Брюссель дэх хэлэлцээг орхин явжээ. Тэрбээр Косовогийн цагдаа нарт итгэхгүй байгаагаа мэдэгдээд Косовогийн цагдаа нар улс төрч Оливер Ивановичийг хөнөөсөн этгээдийг илрүүлсний дараа л Брюсселийн зуучлалаар Косовотой хийх хэлэлцээ үргэлжлэх болно гэж Ерөнхийлөгч Вучич мэдэгдэв.

2018 оны 5-р сард ОХУ-д дахин айлчилж 5-р сарын 9-нд Москва хотын "Улаан талбай"-д болсон Ялалтын цэргийн жагсаалыг үзсэн байна.

2022 оны 4-р сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Александр Вучич оролцож дахин ялалт байгуулаад 5-р сарын 31-нд Сербийн Скупщинад (парламент) төрийн тэргүүний тангараг өргсөн байна.

Хувийн амьдрал[засварлах | edit source]

Тэрбээр сагсан бөмбөг болон хөлбөмбөгөөр хичээлэлдэг (өндөр 199 см) байсан. Белградын «Црвена Звезда» /Улаан таван хошуу/ багийн дэмжигч юм. Мөн тэр дарс цуглуулах сонирхолтой ажээ. Вучич англи, франц, орос хэлний мэдлэгтэй.

  • Эцэг-Анжелко Вучич
  • Эх- Ангелина Вучич (өмнөх овог Милованов) Сербийн Радио-телевизед сэтгүүлч байсан.
  • Эхний эхнэр Ксения Янкович (1966—2022) (1997—2011), радиогийн сэтгүүлч. Гэрлэлтээс хүү Данило (1997), охин Милица (2002) нар төржээ.
  • Хоёр дахь эхнэр Тамара Жуканович (2013 оноос). 1981 онд төрсөн, Белградын Их сургуулийн улс төр судлалын анги төгссөн. ГХЯ-ны Дипломат академи, 2010 оноос өмнө ГХЯ-нд ажиллаж байсан. Вучичтай гэрлээд хүү Вуканыг 2017 онд төрүүлжээ.