Алишер Усманов
Алишер Бурханович Усманов (узбек. Alisher Burxonovich Usmonov; 1953 оны 9-р сарын 9-нд Звлөлт Узбекийн Наманган мужийн Чуст хотод төрсөн) — оросын тэрбумтан, ажил хэрэгч хүн. "USM Holdings" үүсгэн байгуулагч.
Оросын хамгийн баян хүмүүсийн нэг (Forbes-сэтгүүлийн орос хэл дээрх хувилбар). Өмнө нь Их Британий хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтаж байсан ("The Sunday Times" сонины мэдээлж байсанаар).
2023 онд "Forbes" сэтгүүл А.Усмановын хөрөнгийг 14.4 тэрбум доллар гэж үнэлжээ.
Тэрээр 2008 оноос 2022 оны 3-р сарын 3 хүртэл Олон улсын туялзуур сэлэмний холбооны (FIE) ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
2022 оны 2-р сарын 28-нд Европын Холбооны Зөвлөл түүнд “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халдсан буюу заналхийлсэн үйлдлүүдийнх нь төлөө” хориг арга хэмжээ авсан. Их Британи, АНУ, Япон, Канад, Австрали улсууд хориг арга хэмжээнд нэгдсэн бөгөөд 3-р сарын 16-наас хойш Усманов АНУ-ын тэргүүлэх хориг арга хэмжээний хяналтын жагсаалтад орсон байна. Мөн тэрээр Швейцарь, Украйн, Шинэ Зеландын хориг арга хэмжээнд өртөж байгаа юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Алишер Усманов 1953 оны 9-р сарын 9-нд Узбекистаны ЗХУ-ын Наманган мужийн Чуст хотод төрсөн. 4 хүүхэдтэй айлын ууган нь юм. Алишер Усмановын эцэг Бурхан Усманов 1980-аад онд Ташкент хотын прокуророор ажиллаж байжээ.
Хүүхэд байхдаа “Шадар гурван цэрэг” зохиолыг уншаад сэлэм, сонирхож туялзуур сэлэмны дугуланд хоёрхон жил бэлтгэл хийсний дараа тэрээр Узбекийн туялзуур сэлэмний залуучуудын багт орж, хэсэг хугацааны дараа спортын мастер болж, улмаар ЗХУ-ын шигшээ багийн гишүүн болж байжээ.
1971 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль/МГИМО/-д олон улсын эрх зүйч мэргэжлээр элсэн орж, 1976 онд төгссөн. Энэ үед Сергей Ястржембский түүний ангийн найз нь байжээ. Дараа нь тэрээр ЗХУ-ын ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан, Узбекистаны Комсомолын Төв Хорооны ахлах референт, ЗХУ-ын Энх тайвны хорооны Гадаад эдийн засгийн нийгэмлэгийн ерөнхий захирлаар ажиллаж байсан.
1980 оны 8-р сард 26 настай Усмановыг найз нөхөд Бахадыр Насымов, Илхам Шаиков нартай хамт хээл хахууль авахад хүндрүүлэх нөхцөл байдалд оролцсон, бүлэг хүмүүс залилан мэхэлсэн, социалист өмчийн хулгай бүлэглэн үйлдсэн хэргээр 8 жилийн хорих ял авчээ. 1986 онд Усмановыг "чин сэтгэлээсээ гэмшсэн" болон "үлгэр жишээ байсаны" гэж колониос хугацаанаас нь өмнө суллав. Усмановыг 2000 онд Узбекистаны Дээд шүүх албан ёсоор цагаатгаж, уг хэргийг зохиомол гэж үзжээ.