Алишиа Кэмпи
Алишиа Кэмпи (англи. Alicia Campi)- АНУ-ын Жонс Хопкинс Их сургуулийн судлаач багш, монголч эрдэмтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Др. Алишиа Кэмпи нь Хятад/Монгол судлалын мэргэжилтэн бөгөөд АНУ-ын Төрийн департаментын Гадаад харилцааны албанд 14 жил ажиллаж, Азийн Сингапур, Тайвань, Япон, Монгол зэрэг орнууд болон Нью-Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан.
Тэрээр 2013 оноос хойш Эдвин О.Райшауэрын нэрэмжит Зүүн Ази судлалын төвд эрдэм шинжилгээний ажилтан, Жонс Хопкинс SAIS-ийн Азийн хөтөлбөрийн хүрээнд туслах профессороор ажиллаж, “Зүүн хойд Азийн бүтээн байгуулалт” сэдвээр хичээл зааж байна.2016 онд тэрээр АНУ-ын Төрийн департаментын Гадаад харилцааны хүрээлэнгийн Зүүн хойд Азийн бүс нутгийн судлалын курсын зохицуулагч болсон. Тэрээр 1971 онд Смит коллежид Зүүн Азийн түүхийн чиглэлээр бакалаврын зэрэг, 1973 онд Харвардын их сургуульд Монгол судлалын чиглэлээр Зүүн Ази судлалын магистрын зэрэг хамгаалж, Тайваньд Фү Жен их сургуульд 2 жил ажилласан.
А.Кэмпи 1987 онд Индианагийн их сургуульд Хятад судлалын бакалаврын хамт Төв Еврази ба Монгол судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
2004 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Найрамдал” одонгоор шагнаж, 2011 онд Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Алтан гадас" одонгоор шагнасан байна.
2007 оны есдүгээр сард МУИС-ийн хүндэт доктор цол хүртсэн.
Доктор Кэмпи Хятад, Монгол, Евразийн орчин үеийн асуудлаар 100 гаруй өгүүлэл, номын бүлгүүд хэвлүүлсэн бөгөөд Чөлөөт Азийн радиогийн Хятадын нэвтрүүлгүүдэд зочноор оролцжээ. Тэрээр Хятадын болон барууны санхүүгийн байгууллагуудад Евразийн хөрөнгө оруулалтын асуудлаар, ялангуяа уул уурхайн салбарт зөвлөгөө өгдөг. Түүний 2009 онд "Хятад, Оросын АНУ-Монголын улс төрийн харилцаанд үзүүлэх нөлөө" ном нь 2009 онд, "Ардчилсан үеийн Монголын гадаад бодлого" шинэ ном 2018 онд хэвлэгдсэн ажээ.