Амин бэйл
Амин (манж: ᠠᠮᡳᠨ; хятад: 阿敏) (1585- 1640 оны 12 сарын 28) нь манжийн Чин гүрний эхэн үед аж төрж байсан хааны угсааны язгууртан, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин юм. Чин гүрнийг үндэслэгч Нурхач хааны дүү Шурхач бэйлийн хоёрдугаар хөвүүн. Чин гүрний эхэн үеийн дөрвөн их бэйлийн нэгд тооцогдож байсан нөлөө бүхий нэгэн байжээ.
Товч тойм
[засварлах | кодоор засварлах]Амин бэйл нь 1585 онд Шурхачийн Фуча овгийн бага хатнаас нь төрсөн. 1608 он, 1613 онд Нурхачийн удирдлагаар Хүлүний холбоог дайлахад удаа дараа оролцож, гавьяа байгуулсан тул тайж цолоор шагнуулсан. 1616 онд Нурхач баатар Хожуу Алтан улс улсаа тунхаглаж, хаан болсноор Аминд бэйл цол өгч, Хөвөөт хөх хошууг захируулсан. Ингэснээр Дайшань, Хунтайж, Мангултай бэйл нарын хамтаар дөрвөн их бэйл хэмээн алдаршсан. 1619 онд Сархугийн тулаанд хошууны цэргээ удирдаж Мин улсын жанжин Ян Хаогийн эсрэг тулалдсан. 1621 онд Шэньян, Ляоян хотыг эзлэх тулаанд цэргээ удирдан оролцож байсан. 1626 онд Нурхач хаан өөд болсны дараа 8-р агь, бэйл Хунтайж угсаа залгамжлан хожуу Алтан улсын хоёрдугаар хаан болжээ.
1627 онд Амин, Жиргалан, Ажигэ, Ёто нарын удирдсан 30,000 цэргийн хүч Чосон улс руу довтлон Чосонд байсан Мин, Чосоний 50,000 цэргийг бут ниргэж, хожуу Алтан улс ялалт байгуулснаар Чосонь улсаар буулт хийлгүүлж, хараат улсаа болгожээ.
1629 онд Дээд эрдэмт хаан хятадыг дайлахаар их цэргээ удирдан аянд гарахдаа Амин бэйлийг Мүгдэнд үлдээн сахиулав. Хунтайж аян дайнаасаа ирсний дараа 1630 оны 4 сард Амин бэйлийг шинээр эзэлсэн Юнпингийн дөрвөн хотыг сахиулахаар илгээсэн. 5 сарын 6-нд Юнпинд ирсний дараа Мин улсын талаас сөрөг довтолгоон хийж эхэлсэн байдаг. 6 сарын 22 нд Мин улсын тал Юнпиныг эзлэн, Амин бэйл тэргүүтэй манжийн цэргүүд ялагдан ухарсан. 1630 оны 7 сард Мүгдэнд буцан ирсэн Амин нарыг 16 зүйл ангиар буруутган цаазаар авах ял оноосон хэдий ч, хааны зарлигаар шоронд хорих ял болгон бууруулж, цол, албан тушаал эрх мэдлийг нь хураасан. 1640 онд шоронд байхдаа нас баржээ.
Амин бэйлийн удирдлагад байсан Хөвөөт хөх хошууг түүний дүү Жиргалангаар захируулснаар тэдний угсааныхан үе улиран залгамжилсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Шурхач бэйл
- Эх: Фуча овгийн бага хатан
Хатад, хөвүүд
- Их хатан: Хойфа нара овгийн хатан. Бэйл Тайшигийн охин.
- Хонхотай (宏科泰), ууган хөвүүн
- Айрли (爱尔礼), улсын түшээ гүн, дэд хөвүүн
- Гүрмахүн (固尔玛浑), Вэньжянь бэйс, гутгаар хөвүүн
- Хоёрдугаар хатан: Хойфа нара овгийн хатан. Бэйл Байндарийн охин.
- Гутгаар хатан: Нара овгийн хатан. Эжугий охин.
- Дөтгөөр хатан: Жарууд отгийн Боржигин овгийн хатан. Хошууч бэйлийн охин.
- Гунга (恭阿), улсын түшээ гүн (镇国公), дөтгөөр хөвүүн
- Гуогай (果盖), Дуаньчүнь түшээ гүн, тавдугаар хөвүүн
- Гуолай ( 果赖), улсын түшээ гүн, отгон хөвүүн
- Тавдугаар хатан: Боржигин овгийн хатан. Бэйл Сэтэрийн охин.