Jump to content

Анаксимандр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Анаксимандр (Ἀναξίμανδρος)
Рафаэлийн бүтээл Афины сургууль зураг дахь Анаксимандр, 1510–1511.
Бүтэн нэрАнаксимандр (Ἀναξίμανδρος)
ТөрсөнМЭӨ 610 оны орчим
Нас барсанМЭӨ 546 оны орчим (64 орчим насалсан)
Эрин үеСократын өмнөх философи
Бүс нутагӨрнийн философи
СургуульИонийн философи, Милесийн сургууль, Натурализм
Гол сонирхолМетафизик, одон орон, геометр, газарзүй
Тэмдэглүүштэй санаануудАпейрон анхдагч
Нөлөө авсан
Нөлөөлсөн
Анаксимандр дэлхийн систем (Дирк Касригийн сэргээн босголтын дагуу[1][2])

Анаксимандр (Эртний Грек: Ἀναξίμανδρος, Anaximandros, МЭӨ 610 – МЭӨ 546 оны орчим) бол эртний Грекийн их сэтгэгч, байгаль судлаач, газарзүйч, натуралист философич юм. Тэрбээр олон ном зохиол бичиж байсан боловч нэлээд нь өнөөдрийг хүртэл олон түмний хүртээл болж чадаагүй байна.

Түүний бүтээлүүдэд “Байгалийн тухай” зохиол чухал байр суурь эзэлдэг бөгөөд ертөнцийн үүсэл, хөгжил хөдөлгөөн, зүй тогтол, цаг уурын үзэгдлийн талаар энд дэлгэрэнгүй тусгасан байдаг. Анаксимандр газарзүйн талаар нэлээд гүнзгий мэдлэгтэй хүн байсан бөгөөд анхны газарзүйн картыг зохиосон гэж үздэг. Эрний Грек оронд шашин болон элдэв хуурамч таамаглалын эсрэг тэмцэх явцад материалист чиглэлээр гарч ирсэн анхны сургууль нь Милетийн (Бага Азид байсан худалдааны томоохон хот) сургууль байлаа. Энэ сургуулийн гол төлөөлөгчид нь Фалес (МЭӨ 624-547), Анаксимандр, Анаксимен (МЭӨ 585-525) нар юм. Энэхүү сургуулийн материалистууд тухайн үеийн боолын эздийн тэргүүний дэвшилттэй хэсгийн төлөөлөгчид байсан хэдий ч шашны үзэл болон идеалист чиглэлийн зарим урсгалыг зоригтойгоор шүүмжилдэг байжээ.

Милетийн сургуулийн материализм нь Дорно дахины орнуудад үүсэн илэрч байсан материалист үзлийн нэгэн адил байгалийн талаарх тухайн үеийн төсөөлөлтэй уялдаатайгаар үүсч хөгжсөн бөгөөд гол төлөөлөгчид нь улс төрийн томоохон сэтгэгчид байсны зэрэгцээ байгалийн шинжээчид байжээ. Фалес, Анаксимандр нар оршин буй бүхний анхдагч үндэс болох ”Архе”-гийн тухай ойлголтыг гаргаж ирсэн юм. Фалесаас ялгаатай нь Анаксимандр тийм анхдагч үндэс нь “апейрон” гэж үзэж байв. Анаксимандрын орчлонгийн гарал судлалын онолоор бол орчлонгийн төв нь газар бөгөөд хавтгай, цилиндр хэлбэртэй, түүнийг тойрон тэнгэрийн 3 цагираг нар, сар, оддын цагираг эргэлдэн байдаг ажээ. Анаксимандр хувьслын онолыг анхлан гаргаж, хүн бусад амьд амьтдын нэгэн адил загаснаас гаралтай гэжээ.

Апейрон “Грекээр apeirom” хязгааргүй, тодорхойгүй, чанаргүй бөгөөд мөнхөд хөдөлж байдаг. Энэ нь материйг тэмдэглэх үүднээс Анаксимандрын гаргаж ирсэн ойлголт юм. Эсрэг тэсрэг, халуун хүйтэн, хуурай нойтон зүйлс хийгээд тэдгээрийн хоорондын хямрал тэмцэл апейроноос ялгаран гарах замаар ертөнцийн хязгааргүй олон хэлбэр дүрийн юмс үүссэн гэж үзсэн байна. Апейрон бол үргэлжийн хөдөлгөөнд оршиж байдаг бөгөөд нэгдмэл материаллаг анхдагч эхлэл, тодорхой бодис үзэгдлийн эх булаг нь мөн гэж Анаксимандр тэмдэглэжээ.

Бүх бодис үзэгдэл нь апейроноос үүсдэг бөгөөд үгүй болохдоо апейронд хувиран шилждэг. Өөрөөр хэлбэл тодорхой бодис үзэгдэл нь апейроноос үүссэнийхээ адилаар үгүй болохдоо апейрон гэдэг материд хувирдаг гэж тэрээр үзэж байв. Анаксимандрын сургаальд апейроноос бодис үүсэхэд түүнд агуулагдаж буй эсрэг тэсрэг тал чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн санаа өгүүлэгдсэн байдаг. Апейроны мөнхийн хөдөлгөөний ачаар эсрэг тэсрэг тоо томшгүй олон тооны ертөнц ба бодис үүсэж байхад нөгөө хэсэг нь устгаж байдаг.

Ер нь орчлон ертөнцөд бодис нь юмсын хязгааргүй мөнхийн тойрон эргэлт болдог бөгөөд энэхүү хөдөлгөөнд гадны хүч, бурхан шаардлагагүй байдаг гэж тэрээр үзэж байв. Анаксимандр эсрэг тэсрэг талынхаа тухай сургаалдаа түшиглэн орчлон ертөнцийн үүслийн талаар жинхэнэ үндэслэгээтэй тайлбар өгөхийг оролдсон байна.

Орчлон ертөнцийн үүслийн талаар Анаксимандрын баримталж байсан үзлийг авч үзвэл: эхлээд апейроноос төрүүлэгч эхлэл болох халуун хүйтэн хоёр ялгарч улмаар түүнээс галт хүрээ үүсэж, тэр нь дэлхийг бүрхэж байгаа агаар мандлыг үүсгэсэн бөгөөд дараа нь энэхүү галт хүрээ нь тус тус олон тооны цагаригууд болон салан тасарч түүнээс тодорхой үед сар, нар, одод үүсчээ гэж үзсэн.

Анаксимандрын апейроноос ялгаран гарч олон тооны ертөнц ба бодисыг үүсгэж үгүй болгож байдаг эсрэг тэсрэг талын тухай сургаалд урсгалын диалактикийн элемент агуулагдаж байгаа нь харагдаж байна. Гэхдээ энэхүү эртний материалистын төлөөлөгчид нь матери, байгаль анхдагч, ухамсар хоёрдогч гэдгийг хүлээн зөвшөөрдөг байсан хэдий ч матери ухамсар хоорондоо ямар хамааралтай байх вэ гэдгийг тэр бүр нарийвчлан тайлбарлаагүй байдаг.

Магадлалт баримтаар бол Фалес нь философич байснаас гадна улс төрд идэвхитэй оролцдог мөн сайн бизнесмен байжээ. Түүнийг Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Египет зэрэг улс орноор аялж явахдаа дедуктив сэтгэлгээнийхээ үндэс болсон геометрийг судалсан гэдэг.

Ямар ч гэлээ Фалем Милетийн сургуулийн анхны төлөөлөгч, "багшийн багш" болж байсан хүн аж. Шавь Анаксимандр нь түүний шинжлэх ухаанч онолыг үргэлжлүүлж улмаар Анаксименд хичээл зааж байсан бөгөөд тэр нь хожим залуу математикч Пифагорд багшилж байжээ.