Jump to content

Анастас Микоян

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Анастас Иванович (Ованесович) Микоян (армени. Անաստաս Հովհաննեսի Միկոյան; 1895 оны 11-р сарын 13-нд Оросын хаант улсын Тифлис мужийн Санаин тосгонд төрсөн—1978 оны 10-р сарын 21-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) — ЗХУ-ын нам, төрийн зүтгэлтэн, хувьсгалч. 1915 оноос ЗХУ-ын Коммунист намын гишүүн, 1923 оноос намын Төв хорооны гишүүн, 1935—1966 онуудад ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн Товчооны гишүүн. 1964—1965 онд ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга. 1943 онд ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар болсон.

1937 оноос ЗХУ-ын Засгийн газрын орлогч, 1955-1964 онд Засгийн газрын нэгдүгээр орлогч байсан. 1926-1955 онд (1949-1953 оныг эс тооцвол) худалдааны, ялангуяа гадаад худалдааны чиглэлээр голчлон сайдын (1946 он хүртэл Ардын комиссар) хэд хэдэн албан тушаалыг дараалан хашиж байв.

ЗХУ-ын хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг байсан Микоян Владимир Ленинийг амьд байх үеэс ажлын гараагаа эхэлж, сүүлд Леонид Брежневийн үед огцорчээ. Тэрээр Иосиф Сталины хамтран зүтгэгч байсан.