Ата малик Жувейни
Ата малик Жувейни, бүтэн нэр Ала ад-Дин Ата малик Жувейни (перс: عطاملک جوینی) (1226-1283) нь Монголын эзэнт гүрний перс гаралтай төрийн зүтгэлтэн, түүхч хүн юм. 1252-1260 оны хооронд "Тарих и Жахангушей" буюу Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх нэртэй Чингис хаанаас Мөнх хаан, Хүлэгү ханыг хүртэлх Их Монгол Улсын түүхийг бичсэн нь орчин үед монголын түүх, соёл судлалд том байр суурь эзлэдэг.
Товч түүх
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1226 онд Хорасаны Жовейни гэдэг жижиг хотод Баха ад-Дин Мухаммедын гэрт төрсөн. Баха ад-Дин Мухаммед нь Хорезмын төрд зүтгэж байснаа, 1220-иод оноос монголын байлдан дагуулагчдад бууж өгч, Хорасаны сахиб-и диван (сангийн сайд) болсон. Жувейнигийн өвөө Баха ад-Дин Мухаммед ибн Али нь Хорезмын Текеш султаны үед орон нутгийн түшмэл байв.
Жувейни нь 1240-өөд оноос Хорезмын монгол цэргийн түмтийн ноён Аргун агагийн дэргэд сангийн түшмэлийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, 1249-1251, 1252-1253 онд албаны ажлаар хоёр удаа Хархорум хот, Монгол нутаг руу очиж байсан. 1259 онд Хузистан, Багдад муж хотуудыг захирах түшмэлээр томилогдон ажиллажээ. 1283 онд одоогийн Азербайжаны нутаг Муганы тал, Арраны уулс хоёрын ойролцоо 57 насандаа нас барсан.
Жувейнигийн дүү Шамс ад-Дин Мухаммед Жувейни нь 1263-1284 онд Ил хант улсын "сахиб-и диван" хэмээх сангийн сайдын албан тушаалд томилогдон ажиллахдаа Хүлэгү, Абага, Тэгүдэр, Аргун ил хаадын доор зүтгэж байсан.