Jump to content

Аушвиц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аушвицийн бөөнөөр хорих лагер (Освенцимийн бөөнөөр хорих лагер ч гэдэг) Польшийн нутаг дэвсгэрт байрлаж байсан Нацист Германы хамгийн том бөөнөөр хорих, устгах лагерь байлаа. Энэ хорих лагерь 1940, 1941 (Биркенау), 1942 онд тус тус байгуулагдсан гурван лагериас бүрдэж байсан. Бие бялдар сайтай жүүд хоригдлуудыг хөдөлмөрийн лагерь руу илгээж байсан бол настай, сул дорой эрчүүд, хүүхдүүд, эхчүүдийг устган хороож байв. Зарим хоригдлууд дээр Йозеф Менгеле анагаах ухааны туршилт хийдэг байлаа. Освенцимд үхсэн хүмүүсийн тоо 1 саяас 2.5 саяын хооронд хэлбэлздэг.[1]

Үхлийн Фабрик - Освенцим

[засварлах | кодоор засварлах]

Хүн төрөлхтөн фашизмыг ялаад 65 жил боллоо...Тэртээ 65 жилийн өмнө 1945 оны нэгдүгээр сарын 27-нд Украйны нэгдүгээр фронтын дайчид "Үхлийн Фабрик" гэгдэж байсан нацистуудын хорих лагерьт нэвтэрч "Тамын хаалга"-ыг нээн мянга мянган хоригдлыг сулласан юм. Освенцимийн хорих лагерьт гитлерчүүд 1,5 сая хүнийг амьдаар нь шатаасан бөгөөд тэдний 90 гаруй хувь нь еврейчүүд байжээ. 1940 онд байгуулагдсан Освенцимийн гяндан дотроо Аушвиц I, II, III гэсэн гурван том цогцолбороос бүрддэг, "үхлийн фабрик" байсан юм. "Европын янз бүрийн орны сая таван зуун мянга орчим эрэгтэй эмэгтэй хүн, хүүхэд багачууд гээд ихэнх еврей хүмүүсийг гитлерчүүд устгасан энэ газар хүн төрөлхтний хувьд үеийн үед мөнхийн цөхөрлийн дуу хоолой,цаашдын сануулга болтугай" хэмээх энэ үгийг Освенцимийн хорих лагерийн Аушвиц-Биркенау-гийн хэсгийн үүдэнд хэд хэдэн хэлээр төмөр дээр сийлж байрлуулсан байдаг. Освенцим Польшийн Краков хотын захад байрладаг бөгөөд одоо музей болон үлджээ. Освенцим нүд хальтрам газар Индүүдчихсэн мэт толигор задгай талбайд хэдэн зуун га-д үргэлжилсэн асар том музейд очиход үнэхээр хэцүү санагддаг аж. Энд чив чимээгүй, хүн амьтан үзэгдэхгүй, тунгалаг цэвэр агаартай, нар хаанаас л бол хаанаас ээж нүд сохолчих шахдаг. Анх очсон хүнд их л аятайхан мэт бодогдовч дорхноо сэтгэл санааг айдас эзэмддэг. Дүнзэн дан барилга, шоронгийн хаалга уруу орсон төмөр, хайрга дэвссэн зам, өргөст тор, манааны шовгор энэ бүхэн нь тэртээ дөчөөд онд байсан чигээрээ хадгалагдан хоцорчээ. Освенцим бол жуулчдын наргиж цэнгэдэг газар биш, харин гашуудан дурсах, эмгэнэн харуусах газар учраас дэлхийн баячууд энд бараг ирдэггүй.

Энд польшууд, германчууд, америкчууд, израильчууд голдуу нүглээ наминчлах, нэхэн дурсах, гашуудан хүндэтгэхээр голдуу ирдэг бөгөөд оросууд бараг очдоггүй. Освенцимд одоо олон улсын Засгийн газрын бус төв ажиллаж, янз бүрийн нас, ажил мэргэжилтэй үндэстэн ястны төлөөлөгчид цуглаж дэлхийн хоёрдугаар дайны түүхийг судалдаг юм байна. Освенцимийн гяндан бол хүн төрөлхтний эдгэрч аньдаггүй шарх юм. Хэрэв 1933 онд Германд юу болж байсныг хүн төрөлхтөн цаг тухайд нь анхааран үзэж, сэрэмжлүүлсэн бол дэлхийн хоёрдугаар дайн гарч, 80 сая хүн үхэж үрэгдэхгүй байсан. Ийм учраас түүхийн сургамжийг ямагт санаж, аймшигт үеэ эргэн дурсч байх ёстой...

Ингээд Освенцимийг товчхон танилцуулъя.

Освенцимийн гурван "нүүр"

[засварлах | кодоор засварлах]

Энэхүү гяндангийн цогцолборыг 1940 онд байгуулсан. Аушвиц-I гэдгийг Польшийн цэргийн хуаран байсан газарт байгуулжээ. Энэ бол гол том гяндан, тэр хавийн хорих ангиудын ерөнхий комендатын төв штаб зэргээс бүрдэж байв. Энд 15-18 мянган хүнийг хорьж шатаадаг байлаа. Аушвиц-II гэддгийг гол гяндагаас нэлээд зайтай багавтар тосгонд байгуулсан бөгөөд үүнийг польшоор Бжезинка, германаар Биркенау гэдэг байв. Орчуулбал хусны төгөл гэсэн үг юм. Энд 100 мянга хүртэл хүнийг хорьж, 1943 оны хавар хүнийг амьдаар нь шатаах зуух, цогцолборыг ашиглалтад оруулж, хийн зууханд хэдэн зуугаар нь түлхэн оруулж цааш харуулдаг байжээ. Аушвиц-III нь хийн үйлдвэр, Моновиц дахь гол шорон, 39 жижиг салбар хорих ангиас бүрэлддэг 30 гаруй мянган хүний хорьж шатаах хүчин чадалтай байлаа. Ийнхүү Освенцим гурван том "нүүртэй" байсан юм.

Гуйвуулга, үнэн баримт

[засварлах | кодоор засварлах]

Освенцим "үхлийн фабрик" хүн ардыг үй олноор нь хөнөөх комбинат байсан нь түүхийн үнэн юм. Гэтэл үүнийг гуйвуулдаг, маргадаг хүмүүс одоо ч бий. Канадын Калгари хотын шарил хайлуулах том комбинатын дарга И.Лагас саяхан мэдэгдэхдээ, "1944 оны зун Освенцимд өдөртө 10-20 мянган хүнийг шатааж байсан гэдэг нь боломжгүй зүйл" гэжээ. Гэвч энэ бүхнийг няцаах эд мөрийн баримт, америкчуудын агаараас авсан гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг бий. Освенцимийн дарга байсан Р.Гесс 1946 оны дөрөвдүгээр сард Нюрнбергийн шүүх хурал дээр үнэнээ хүлээж ярьсан чухал баримт бичиг үлдсэн бөгөөд шорогийн хийн зууханд шүршүүр зоож хүмүүсийг бөөнөөр нь оруулан хорт хийгээр угаартуулан хөнөөдөг байжээ. 1947 оны зургаадугаар сарын 14-нд Освенцимийн музейг нээжээ. Зөвлөлтийн цэрэг шоронг чөлөөлөхөд 7000 орчим хоригдол байжээ. Үүнээс өмнө 58 мянган хоригдол эндээс гарсан байлаа. Тэрхүү 7000 хүн явж чадахгүй болтлоо турж эцэн, өвчинд баригдаж, дээд зэргээр талуулсан аж. 1945 оны хоёрдугаар сараас гитлерчүүдийн яргаллыг мөрдөн шалгах тусгай комисс ажиллаж, хорих лагерийг нэгд нэгэнгүй шалгаж аврагдсан хоригдлуудын өчиг мэдүүлгийг авч, германчууд ухрахдаа дэлбэлсэн шатаах зуух, хийн өрөөнүүдийг үзэж, баримт бичгүүдийг судалжээ. Ингээд уг комисс Освенцимийн гянданд нацистууд дөрвөн сая гаруй хүнийг хороосон гэдэг дүгнэлт гаргажээ. Гэхдээ уг тоог нарийн шалгасны эцэст түүхчид одоо Освенцимд 1,1-1,5 сая хүнийг "нухсан" гэж түүхийн үнэнийг тогтоосон юм. Эдний 90 хувь нь еврей үндэстэн байсан бөгөөд энэ онд Освенцимийн музейг 570 мянган хүнүзсэнээс 200 мянга нь польшууд, 60 мянга нь америкчууд байжээ.

Польшийн нутагт Освенцимээс өөр нацистын нэг ч хорих лагерь үлдээгүй бөгөөд германчууд Польшоос ухран гарахдаа Греблинку, Майдакек зэрэг аймшигт шоронгуудаа дэлбэлж устгаж амжсан байна. Освенцимийг бараг л нүд ирмэхийн зуур эзэлж чөлөөлөхдөө Зөвлөлтийн армийн мянгаад цэрэг амиа алдсан аж. Нацистууд Освенцимийг гурван давхар хамгаалалтад байлгасан учраас ийнхүү олон цэрэг амь үрэгджээ. Германы СС-ийн хамгийн шилдэг анги нэгтгэл Освенцимийг давхар давхар хамгаалж байснаас гадна Зөвлөлтийн цэрэг байсан Сола гэдэг хоёр мөрнийг гатлах хэрэгтэй. Уг голуудын гүүрийг минажүүлсэн тул ус туулах хэрэгтэй болжээ. Бас Освенцимийн өргөст торны цаана олон мянган хоригдол байсан тул Освенцимийг агаараас бөмбөгдөх, хүнд их буугаар галлах боломжгүй учраас чөлөөлөгчид гардан байлдаанд орж, асар их хохирол амсч байж Освенцимийг эзэлж авчээ.

 Commons: Аушвицын БХЛ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Освенцимийн бөөнөөр хорих лагер (Baabarpedia)". Internet Archive. 2008-01-18. Эх сурвалжаас архивласан огноо 2008-01-18. Татаж авсан: 2022-10-27.{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)