Бальцеровичийн төлөвлөгөө (Польш)
Бальцеровичийн төлөвлөгөө (польш. Plan Balcerowicza) - "шок эмчилгээ" гэж нэрлэгддэг - Польшийн эдийн засгийг төрийн өмчид суурилсан төрийн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд хурдан шилжүүлэх 1989 онд батлагдсан төлөвлөгөө юм. Уг төлөвлөгөөг боловсруулсан Польшийн Ерөнхий сайд Тадеуш Мазовецкийн Засгийн газарт Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайдын албыг хашиж, Польшийн Сайд нарын Зөвлөлийн Эдийн засгийн хороог тэргүүлж байсан Польшийн эдийн засагч Лешек Бальцеровичийн нэрээр нэрлэжээ.
Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын эхний үед үйлдвэрлэл буурсан боловч жил хагасын дараа 1992 онд эдийн засаг өсч эхэлсэн байна. Дараа нь ижил төстэй шинэчлэлийг өөр хэд хэдэн оронд өөр түвшинд хийсэн байна. Богино хугацаанд "өвдөлт" ихтэй огцом өөрчлөлт хийх зарчимтай төлөвлөгөө учраас заримдаа "Шок эмчилгээ" гэж мөн нэрлэдэг байна.
Урьтал нөхцөл байдал
[засварлах | кодоор засварлах]Магдаленка дахь албан бус хэлэлцээ, дараа нь 1989 оны "Дугуй ширээний хэлэлцээ" нь ардчилсан замаар сонгогдсон Засгийн газарт эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх боломжийг олгосон. Засгийн газрыг Тадеуш Мазовецки болон сөрөг хүчнийхэн байгуулах нь зүйтэй гэж эхлээд шийдсэн байв.
1989 оны 9-р сард Польшийн тэргүүлэх эдийн засагч, Сангийн сайд, Польшийн Ерөнхий сайдын орлогч Лешек Балцерович тэргүүтэй шинжээчдийн комисс байгуулагдав. Комиссын гишүүдэд Жорж Сорос болон түүний дэмжигчид Жеффри Сакс (эдийн засагч), Станислав Гомулка, Стефан Кавалец, Войцех Мисионг нар орсон байв. Комисс нь Польшийн эдийн засгийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос Баруун Европ, Америкийн загварчилсан зах зээлийн капитализм руу хурдан шилжүүлэх боломжийг олгох томоохон хэмжээний шинэчлэлийн төлөвлөгөөг бэлтгэсэн байна.
1989 оны 10-р сарын 6-нд төрийн телевизээр уг хөтөлбөрийг ард түмэнд танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдох 10 хуулиуудыг 12-р сард польшийн Сейм 1989 оны 12-р сарын 31-нд ерөнхийлөгчийн гарын үсэг зурж багц хуулийг баталсан байна. Үүнд:
- Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дампуурлаа зарлах боломжийг олгосон Төрийн өмчит компанийн санхүүгийн эдийн засгийн тухай хууль. Ийнхүү үр ашигүй байсан ч аж ахуйн нэгж оршин тогтнох боломжтой гэх "үлгэрт" цэг тавьсан.
- Үндэсний Төв банкнаас Засгийн газрын алдагдлыг санхүүжүүлэхийг хориглож, шинэ мөнгөн тэмдэгт гаргахыг хориглосон Банкны тухай хууль.
- Төрийн өмчит компаниудад хөнгөлөлттэй зээл олгодог байсныг болиулж, хүүг инфляцитай холбосон Зээлийн тухай хууль.
- Хэт их цалингийн нэмэгдэлд тавих татварын тухай хуульд (польш: popiwek) гэж нэрлэгддэг, төрийн өмчит компаниудын цалингийн өсөлтөд татварын хязгаарлалт, гиперинфляцийг хязгаарлах зорилготой нэвтрүүлсэн.
- Татварын шинэ дүрмийн тухай хууль, бүх аж ахуйн нэгжид ижил татварын журам нэвтрүүлж, өмнө нь захиргааны шийдвэрээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид мөрдөгдөж байсан тусгай татварыг тэглэсэн.
- Гадаадын хөрөнгө оруулагчдын эдийн засгийн үйл ажиллагааны тухай хууль нь гадаадын компани, хувь хүмүүст Польшийн эдийн засагт хөрөнгө оруулах, ашгаа гадаадад гаргах боломжийг олгосон.
- Злотийн дотоод хөрвөх чадварыг нэвтрүүлж, олон улсын худалдааны төрийн монополь байдлыг халсан Гадаад валютын тухай хууль.
- Гаалийн тухай хуулиар бүх аж ахуйн нэгжийн татварын нэгдсэн нэг хэмжээг тогтоосон.
- Ажилгүйдлийн тэтгэмж олгох байгууллагуудын үүргийг зохицуулсан Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль.
- Ажилтныг ажлаас халах онцгой нөхцөл байдлын тухай хуульд төрийн өмчийн ажилчдыг бөөнөөр нь цомхотгохоос хамгаалж, ажилгүйдлийн тэтгэмжийг баталгаажуулсан.
“Балтцеровичийн төлөвлөгөө”-нд инфляцийг хатуу хязгаарлаж, улсын төсөв, бараа, мөнгөний зах зээлийг нэг жилийн дотор тэнцвэржүүлж, эдийн засгийн бүх салбарыг зах зээлийн зарчимд шилжүүлэхээр тусгасан. Үүнд хүрэхийн тулд жижиглэнгийн үнийг нэмэгдүүлж, төсвийн татаасыг бууруулж, мөнгөн орлогыг хязгаарлаж, аж ахуйн нэгжүүдэд злотын хэсэгчилсэн дотоод хөрвөх чадварыг нэвтрүүлж, валютын нэгдсэн ханшийг тогтоосон байна.
Уг төлөвлөгөөг 12-р сарын сүүлээр Олон улсын валютын сан сайшаасан юм. Гадаадын янз бүрийн банк, Засгийн газруудад төлөх улсын өр 42.3 тэрбум ам.долларт (ДНБ-ий 64.8%) хүрсэн тул ОУВС-гийн дэмжлэг онцгой чухал байсан байна. 1989 онд ОУВС Польш улсад нэг тэрбум ам.долларын тогтворжуулах зээл, 720 сая ам.долларын нөөцийн зээл олгосон. Үүний дараа Дэлхийн банкнаас Польш улсад экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг шинэчлэх нэмэлт зээл олгосон. Олон засгийн газар өмнөх амлалтдаа үнэнч байж, социалист Польшийн хуучин гадаад өрийн зарим хэсгийг төлсөн (2001 оны байдлаар зээлсэн мөнгө болон бүх хуримтлагдсан хүүгийн 50 орчим хувь).
Шинэчлэл амжилттай болсон хэдий ч түүний нийгмийн үр дагавар нь эхний жилдээ л сэтгэл ханамжгүй байдал, зөрчилдөөнтэй үнэлгээг үүсгэж эхэлсэн. Төрийн өмчийн хувьчлалыг тооцсон ч үе шаттайгаар өөрчлөлт хийх нь маш хэцүү байсан. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн ч үүнтэй зэрэгцэн ажилгүйдэл огцом өссөн. Эдийн засгийг сэргээх олон хөшүүргийг нэн даруй ашиглаж байсан ч "зэрлэг капитализм"-ын нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд төрийн өмчит компаниудын хувьчлалыг нийгэмд зовиургүй болгохын тулд өмч хувьчлалыг бодлогоор удаан хугацаанд сунжруулж явуулсан байна.