Jump to content

Жеффри Сакс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жеффри Дэвид Сакс.

Жеффри Дэвид Сакс (англи. Jeffrey David Sachs; 1954 оны 11-р сарын 5-нд АНУ-ын Детройт хотод төрсөн) — америкийн эдийн засагч. Олон улсын эдийн засгийн 2000 оны "Бернард Хармс"-ын шагнал хүртсэн.

Жэффри хүү еврей гаралтай эх Жоан (Абрамс) болон хөдөлмөрийн хуульч Теодор Сакс нарын хүү болон Мичиган мужийн Детройтын Оак Парк жижиг хотод төрж өссөн байна.

Хавардын Их сургуулийн Бакалавр (1976), магистр (1978), шинжлэх ухааны доктор (1980). 1980—2002 онд тэндээ багшилсан бөгөөд 1983 оноос профессор болсон. 2002 оноос Колумбийн Их сургуульд судалгааны "Дэлхий судлалын" (англи.The Earth Institute) хүрээлэнгийн захирал. 2016 оноос Их сургуулийн профессор (University Professor).

Тэрээр 2002 оноос хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ядууралтай тэмцэх, ядуу буурай орнуудын өрийг тэглэх, хөгжиж буй орнуудад өвчний тархалтыг хянах асуудал хариуцсан тусгай зөвлөхөөр ажиллаж байна.

2004, 2005 онд Америкийн "Time" сэтгүүл Жеффри Саксыг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа оруулсан. "New York Times" түүнийг "дэлхийн хамгийн чухал эдийн засагч" гэж нэрлэсэн бол "Time" сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн алдартай эдийн засагч хэмээн нэрлэжээ. "The Economist" сэтгүүлд бичсэнээр тэрээр сүүлийн арван жилийн хамгийн нөлөө бүхий гурван эдийн засагчийн нэг юм.

Боливи, Польш, Орос улсад эдийн засгийн "шок эмчилгээ" бодлогыг боловсруулагчдын нэг байсан юм.

1989 онд Сакс тухайн үеийн Польшийн эрх баригч коммунист удирдагчдын эсрэг "Эв санааны нэгдэл" хөдөлгөөн болон Ерөнхий сайд Тадеуш Мазовецкийн Засгийн газарт зөвлөгөө өгч байжээ. Тэрээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих цогц төлөвлөгөөг бичиж, Польшийн гадаад өрийг бууруулах хөтөлбөрийн ерөнхий боловсруулагч, Сангийн сайд Лешек Бальцерович тэргүүтэй Польшийн шинэчлэлийн хөтөлбөрт оруулжээ. Сакс болон ОУВС-гийн эдийн засагч Дэвид Липтон Засгийн газрын бүх өмч, хөрөнгийг аль болох хурдан хувийн өмчид шилжүүлж эзэнтэй болгохыг зөвлөжээ. Үүнийг дагаад өрсөлдөх чадваргүй олон үйлдвэрүүд дампуурч хаагдсан. Тэрээр анх удаа олон хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээдэг мэргэжлийн менежерүүдтэй, хөрөнгийн зах зээлд эдийн засгийн илүү чухал үүрэг гүйцэтгэдэг америк маягийн корпорацийн бүтцийг санал болгосон. Энэ нь Польшийн эрх баригчдад эхлээд сайнаар нөлөөлсөнгүй, харин дараа нь тэрээр хувьчлагдсан компаниудын томоохон хэсгийг хувийн банкуудад шилжүүлэхийг санал болгов. Энэ нь эдийн засгийн алдагдал, инфляцийг үүсгэсэн боловч Польшид барааны үнэ эцэстээ тогтворжсон. Уг ажлынхаа төлөө тэрээр Краковын Эдийн засгийн их сургуулийн "Хүндэт доктор"-ын зэрэг хүртсэн.

Польшийн амжилтад тулгуурлан түүнийг эхлээд ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачев, дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин нар урьж, улс орнуудаа зах зээлийн эдийн засагт шилжүүлэх ажлыг урин авчирч хийлгэсэн байна. 1991 оны намраас 1994 оны 1-р сар хүртэл тэрээр 1991-1993 онд макро эдийн засгийн бодлогын асуудлаар Ерөнхий сайд Егор Гайдар, Сангийн сайд Борис Федоров нарын багуудад ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний эдийн засгийн зөвлөхүүдийн бүлгийн даргаар ажиллаж байжээ.


Төвлөрсөн төлөвлөлт эдийн засгаас зах зээлд шилжих Саксийн санаа, арга барилыг зах зээлд шилжиж буй эдийн засагтай бүх улс оронд нэвтрүүлсэн. Тэрээр 1991 онд Словени, 1992 онд Эстонид өөрийн мөнгөн тэмдэгтийг шинээр нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгч байжээ.