Jump to content

Баянчор хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Моюнчур буюу Моянчур[1] (713-759) нь 747-759 онд Уйгурын хаан байсан хүн. Баянчур нь 713 онд Тан улсын Хэши мужийн хилийн гаднах Уйгурын нутагт төржээ. Түүний тухай хятадын ном сударт эрэлхэг баатарлаг, цэрэг удирдах чадвар нь гайхалтай гэж бичсэн байдаг. 744 онд түүний эцэг Күллиг Бойла нь Уйгур улсыг байгуулаад баруун гарын ябгугийн албан тушаалд түүнийг томилж, зүүн гарын ябгуд ууган хүү Тай Билиг тутуг хөвүүнээ томилсон. 747 онд эцэг нь гэнэт нас барсны дараа баруун, зүүн гарын ябгу тэргүүтэй баруун зүүн гарын олон аймгийг хамарсан том үймээн дэгдэж, эцэстээ хаан суурины төлөөх тулалдаанд Баянчурын тал ялснаар төгсгөл болсон. Ингэж ялалт байгуулснаар түүнийг Тэнгэрт болгоогдсон Эл Этмиш Билгэ хаан гэж өргөмжилжээ.

Моянчор (磨延啜, VIII *mbuâ-iän-tś'üär = Bayan Čor) нэрийг Ж.Хамильтон 1955 онд Баянчор гэж сэргээсэн. 2000 онд В.Рыбацки Моянчжо нэрийг *Buyan Čor эсвэл Čad гэж үзжээ. Уйгурууд 693-727 онд Хэсигийн хогил хавиар нутаглаж байсан. Харин Тангийн дунд үеийн (VIII зуун) энэ нутгийн дуудлагаар бол Моянь (磨延) гэсэн үг *Ma-ian гэж сэргээгдэнэ. Чанань хотын орчим амьдарч байсан энэтхэг лам Амогхаважра (хятад нэр нь Букун Цзинган, 705-774)-гийн бүтээлд Мо (磨) гэсэн үг бас *Ba дуудлагатай байна. Чингэхлээр Мояньчжо-г *Баянчор гэсэн Ж.Хамильтоны санал зөв байна.[2]

742 оны эхний хагаст Баянчор мянгат цэргээ удирдаж Ударган-д Түрэг улсын Озмыш тегинийг анх удаа довтолж, дараа нь Хэйрэ (МНТ-ны Сайр хээр, Багануур орчим) гэх газарт Үч Биркү (МНТ-ны Бүрги эрэг, одоогийн Бүрхийн гол)-д нэр үл мэдэгдэх нэг аймгийг өөртөө нэгтгэв. Дараа нь Каракумыг гэтэлж Көгэр (одоогийн Дацинь шань)-ийн Көмүр (Хэйшань) уул, Яр (Хатан голын баруун хойд салаа) голд Монголоос нүүж очоод байсан 5 мянган өрхтэй гурван тугт түрэгтэй 742 оны 8 сарын 18-нд тулалдаж ялж, харьяатаа болгожээ. 743 оны 7 сарын 7 нд Баянчор, Озмыш тегинтэй хоёрдахь удаагаа тулалдсан бол 3 дахь удаагаа 744 оны намар тулалдаж ялаад хатныг нь олзолжээ. Уг жилдээ Түрэг улс мөхөж, Күллиг Бойла Уйгур улсыг байгуулсан юм.

747 онд Күллиг Бойла гэнэт үхсэний дараа түүний томилсон хоёр ябгу болох дэд хүү уйгурыг захирсан Баянчор, ууган хүү байырку аймгийг захирсан Тай Билгэ тутук хоёул зэрэг хаан болжээ. Улмаар хоёр тал 749 оны 3-р сараас 10-р сарын хооронд таван удаа зэвсэг зөрүүлөв. Могойн шинэ усны бичээст энэ 5 тулалдааны 2-т нь (Сэлэнгийн сав, Шып толгой-749.6.18; Чыгылтыр нуур-749.9.17) Тай Билгэ тутукын Байырку аймаг дангаар байлджээ. Харин Байырку Есөн татартай нэгдэж Уйгуртай гурвантаа (Бүкэгүк/Бөхөг гол, Бургу/Бороо – 749.3.23-24 болон 4.30) зэвсэг зөрүүлжээ. Есөн татар дангаар 749.9.30-нд Хэйрэ-гийн эхийн гурван Биргү-д Уйгуртай байлдсан юм. Байырку аймгийг ялж, Тай Билгэ тутукийг Тан улс руу зугтаалгасны дараа Баянчор хаан улсдаа шинэтгэл хийж хоёр хөвүүндээ ябгу цол олгоод Хиргисийн Чик аймгийг дайлжээ. Үүний дараа 750 оны намраас 7515 оны билгийн таван сар хүртэл дахин Есөн татартай байлджээ.[3]

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Баянчор хаан 756 онд согд гаралтай Ань Лушанийг бослогыг дарж өгөхийг зөвшөөрч Тан улсад ууган хүүдээ 4 мянган цэрэг өгч илгээжээ. Энэ үймээний улмаас хоёр улсын худалдаа арилжаа зогсож, Уйгур улсын хэрэгцээт барааг авдаг гол эх үүсвэрээ алдахгүйн тулд энэ бослогыг дарах нь Баянчур хаан, Уйгур улсын талд чухал явдал байжээ.

Бүтээн байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

Баянчор хааны үед Уйгурт хот балгад барьж босгож эхэлсэн юм. 750 онд Танну Урианхайн нутагт цөмөрч хил хязгаар тогтоож Касар Кордоныг барьжээ. 751 онд Йаваш, Токуш голын билчирт хэрэм (хот) байгуулах зарлиг буулгажээ. Харбалгас) буюу Ордубалык хотыг байгуулж, засаг захиргааны төв суурингаа болгожээ. Мөн Сэлэнгэ мөрний хөвөөнд Байбалиг хот бариулсан билээ.

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
Өмнөх
Кутлук Билгэ Күл хаан
Уйгурын хаан
747-759
Дараах
Идигинь хаан
  1. (заримдаа Баянчур, Буянчур)
  2. https://mongoltoli.mn/history/h/730
  3. https://mongoltoli.mn/history/h/730