Jump to content

Бишгүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бишгүүр нь нэгэн төрлийн хөгжмийн зэмсэг юм.

Бишгүүрийг эрт үеэс шашны зан үйл, сүм хийдийн хурал номонд өргөн хэрэглэж байжээ. Энэхүү зэмсэг болбаа хотонгоос гаралтай бөгөөд хожим Дундад улс хэрэглэн, Тан улсын үед гадаад өсөн аймгийн хөгжимд оролцуулан хэрэглэж байсан, түүнээс хойш Сүн улс уламжлан хэрэглэж байсан учир Сүн улсаас Юань улс хөгжимдөө оролцуулан хэрэглэж байжээ. Энэ зэмсэг нь хулсан хонгион дээр 3 нүхтэй, урт нь 7 ямх, амсарыг нь алтаар үйлдсэн бөгөөд амсар нь дэрэвгэр, дээд үзүүрт нь нарийсч бийвээр үлээнэ. Үүнээс өөр нэг зүйлийн бишгүүр байсан нь хонгиог модоор үйлдсэн ба бие нь охор, урт нь нэг тохой, 4 ямх, нүүрэн талд 7 нүхтэй, ар талдаа нэг нүхтэй, зүүн талын хажуу дор нэг нүхтэй, дээд үзүүрт загалмай байхгүй. Одоогийн сүм дуган, хэрэглэж байгаа зэмсэг мөн гэжээ. Монгол бишгүүр нь 6 нүхтэй, нүх бүр нь нэг даруул буюу нэг эгшиг ажээ. Мэргэжлийн баялаг бишгүүрчинг хөгжим бүжгийн коллежд бэлддэг!

Гандантэгчэнлин хийдэд "Тунгалаг эх" гэдэг дууны ая байх бөгөөд бишгүүрээр хөгжимдөхөд зориулсан 6 шугамтай, 6 хурууны, 6 даруулын хөдөлгөөнийг (2 гарын 3, 3 хуруугаар) хөгжимдөх байдлаар нь зурааст нотоор (янъигээр) тэмдэглэсэн байна. Уг бишгүүр нь европ бишгүүрийн гарын барилаас өөр баруун гарын барил нь дээд талдаа байжээ. Энэ зэмсгийг эрт үеэс гууль, зэс, модоор урладаг байсны дээр элдэв нөлөөнөес хамгаалж темөр зэсийг муутгахгүйн тулд 8 үнэртнээр ариулан тусгай даавуу, торгомсог эдлэлд боож хадгалдаг байжээ. Үүнд: задь, хач гүргэм, зандан, агар, гавар, гиван, гонид, хүдрийн заар эдгээр нь хөгжмийн аялгуу, чанар эдэлгээнд нь гойд нөлөөтэй байжээ. Бишгүүрийг 1960 онд хөгжим урлаач, Төрийн шагналт Д.Индрээ анх гуулиар эх загвар гаргаж найрал хөжмийн хөгөнд зохицуулан үйлджээ. Дараа нь 1964 онд баяжуулсан бишгүүрийг хийсэн. Үүнд: 6 эгшгийг 12 болгож бага наймцын ВЬ-оос дээш 2 наймц гаруй багтаамжтай болгож, Улс хувьсгалын 40 жилийн ойн цэнгүүний ардын найрал хөгжмийн бүрэлдүүнд оруулжээ. Үүнээс хойш 5 жилийн дараа хөгжмийн зохиолчдын шаардлагаар уг загварын дагуу даруул нэмж, хөгийг тохируулан бага наймцын ВЬ-оос 2 наймц гаруй /12 эгшигт/ хагас шатлалаар эгшиглэхээр өөрчилсөн нь монгол ардын, сонгодог болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс хөгжимдөх өргөн боломжийг нээж өгсөн юм.

Үндэсний найрал хөгжмийг баяжуулах зорилгоор 1960 онд анх бяцхан бишгүүрийг авч загвар шинээр гарган дуу хөгжимдөх боломжгүй 6 эгшгийг, 13 бүтэн (тон) болгож бага наймцын В-ь-оос хоёр наймц бүтэн шатлал (тон) эгшиглэх болгожээ. Ардын хувьсгалын 40 жилийн ойн цэнгүүний үндэсний найрал анх эгшиглүүлжээ. Үүнээс 5 жилийн дараа дахин баяжуулж хоёр наймц хагас шатлалаар эгшиглэх цараатай болгосноор үндэсний болон сонгодог явгжимдөх бүрэн боломжтой болжээ.

1980 онд монгол бишгүүрийг хөгжим-урлаач, Төрийн шагналт хөгжим урлаач Д.Индрээ шинэчлэн сэргээн урласан бөгөөд Дэлхийн залуучууд оюутны VIII их наадамд АДБЧ-ийн хөгжимчин Л.Самбалхүндэв шинэчилсэн энэхүү бишгүүрээр хөгжимджээ.

      1987 онд анх ХБДСургуульд Ардын бишгүүр хөгжмийн мэргэжлийн дэг сургалтыг МУК-ын хүндэт профессор, МУУГЗ Л.Самбалхүндэв анхлан үндэслэсэн түүхтэй. Жил бүр Монгол Улсын Консерватор-д 6р ангид элсэн орох авъяаслаг хүүхдүүдийг сонгон шалгаруулж элсүүлэн авч суралцуулсаар байна. Одоо МУУГЗ Л.Самбалхүндэв багшийн шавь Д.Гантулга, М.Энхзаяа, Г.Шинэбаяр нар МУК-т Ардын бишгүүр хөгжмийн мэргэжлийн багшаар ажиллаж байна. Одоо МУК-т ардын бишгүүр хөгжмөөр 10 гаран авъяаслаг оюутан сурагчид суралцаж мэргэжлийн хөгжимчиний дипломтойтөгссөөр байна. Мөн Монголын хүүхдийн ордонд Ардын бишгүүр хөгжмийн дугуйлан хичээллэж байна. 
     Ардын бишгүүр нь баялаг бишгүүртэй адил овор хэмжээтэй ч үлээх хэрэгсэл, даруул нүхний хувьд өөр юм. Ардын бишгүүр нь эгшиг гаргах 7 нүхтэй. Лимбэтэй адил хагас шатлал бүхий өнгийг хуруугаар хагаслаж тоглодог онцлогтой. Ардын бишгүүр нь дан хулсыг гууль зэсээр урласан мундштук /үлээх хэрэгсэл/ -тэй хавсран боож дуугаргах ба ямарч өнгө төрх, хэмнэлтэй зохиолыг ялангуяа монгол ардын богино дуу болон уриа дуудлагын (фанфар) мөн сонгодог зохиолуудаас хөгжимдөх бүрэн боломжтой.  Ардын бишгүүр нь бага октавын Вь-с 3р октавын Db хүртэл цараатай. Ардын бишгүүр нь бүх чалхандаа тод, уянгалаг, хүчтэй эгшиглэнтэй дуугарна. Үлээвэр хөгжим дээр хэрэглэгддэг бүх төрлийн штрих, ньюанс, дан давхар хэл, гэм мэт мэргэжлийн нарийн илэрхийллийг тоглох боломжтой. Ардын бишгүүр хөгжмийг мөн битүү амьсгаагаар хөгжимдөх боломжтой бөгөөд шашны уламжлалд ашиглагддаг уриа дуудлага, ая аялгууг битүү амьсгаагаар илэрхийлэн тоглодог байна.  
     Мэргэжлийн ардын бишгүүр хөгжимчидөөс дурдвал 1993 оноос хойш Д.Гантулга, Э.Лхагвадорж, Б.Эрдэнэтогтох, Ж.Батбаяр, Г.Насанбат, М.Чимэдтогтох, Гэрэлтогтох, Сүхбаатар,   Г.Жамсран, Б.Мөнх-Эрдэнэ, М.Энхзаяа, Г.Шинэбаяр, Б.Халиун, О.Энхжин, О.Анар, Д.Барсболд, Очир-Эрдэнэ гэх мэт мэргэжлийн хөгжимчид төгссөн бөгөөд мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллаж уран бүтээлээ туурвиж байна. 

Бүтэц: -Их бие -Амсар буюу ам -Үлээх хэсэг буюу Мундштук, хулс, хулсны боолт зэргээс бүтнэ.

Ардын бишгүүр хөгжмийг Эгшиглэн магнай хөгжмийн үйлдвэрт ТШ Д.Индрээ гуайн шавь ХБ П.Байгальжав урлаач урлаж багш, тоглооч нартай хамтран олон шинэ туршилтыг хийж хөгжмийн зэмсгийг боловсронгуй болох хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулсаар байна.