Jump to content

Богтаг малгай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Богтаг малгай бол XIII зууны үеийн монгол хатдын эдэлж хэрэглэж байсан малгай юм.

Богтаг хэмээх үг нь өнөө хүртэл монгол хэлэнд байх хуримлах зан үйлийн “богтлох” гэдэг үгтэй шууд холбоотой бөгөөд, эрдэмтэн Д.Баяр (1995), У.Эрдэнэбат нарын тэмдэглэснээр уг малгайг эрт үеэс зөвхөн нөхөрт гарч хуримласан эмэгтэй хүн өмсөж байсан ёс заншлаас улбаалан “ёс төртэй гэрлэсэн”, МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУХАЙ (XIII-XIV ЗУУН) 161 “богтаг толгойдоо өмссөн эмэгтэй” гэж нэрлэхтэй холбоотой юм. Иймд “богтаг” гэсэн үг “богтлох” гэсэн үгнээс үүдэлтэй бололтой. “...Богтаг хэмээх нь хууль ёсоор богтолж авсан эхнэр хүний өмсөх малгай аж...” (Эрдэнэбат, 2005: 96) гэжээ. Доктор Ж.Баясах “Европын элч нарын бичсэнээс үзвэл эрд гарсан эмэгтэйчүүдийн малгайд хоѐр зүйлийн өөрчлөлт гарчээ. Нэгдүгээрт, барилгын дөрвөлжин орой мэт суурьтай болсон, хоѐрдугаарт, өвлийн цагт малгай дээрээ үсэн гадар углах болж мөрлүүгээ шүргүүлдэг болжээ... орчин цагийн хэлэнд богтлох гэсэн үг байдаг нь “богтог өмсүүлэх” буюу эрд гаргана хэмээсэн утгатай” гэж тэмдэглэжээ (Баясах, 2005: 86). XIII-XIV зууны үед монгол нутгаар явсан өрнө, дорнын элчин жуулчдын тэмдэглэлд “тэр үеийн монгол эхнэр хүний” малгайг маш өвөрмөц сонин өөр ард түмэнд огт өмсөж байгаагүй болохыг онцолж “өндөр горзгор оройтой малгай“ өмсөж байсныг тэмдэглэсэн байдаг.[1].

Богтаг малгайны тухай Францын санваартан Виллиам де Рубрук тодорхой тэмдэглэн үлдээсэн байдаг. Виллиам де Рубрук нь Монгол хатад богтаг малгайтай байх нь буу зэвсэг агссан цэрэг эрс харагддаг тухай тэмдэглэсэн байдаг байна. Богтаг малгайн дүр дүрслэл Богд хан уулын Их Тэнгэрийн амны сүг зурагт бий. Бээжин дэх ордон музей, Тайвань улсын үндэстний ордон музей зэрэгт хадгалагдаж буй дурсгалуудад тод үлдсэн байдаг.

Толгойд тавих хэсэг нь ардаа шилэвчтэй дугуйрсан тоорцог маягтай, түүний дээр голоос дээш тохой орчим өндөр хоолой бүхий хэсэгтэй, хоолойн дээд үзүүр хэсэгт өргөссөн дөрвөлжин маягийн оройг бэхэлж өмсдөг

Нөхөрт гарсан хатад үсээ нэг сүлжин дээш засаж тэрхүү хоолой маягийн хэсэгт оруулж малгайг бэхэлдэг байжээ. Өөрөөр хэлбэл ардаа үс унжуулдаггүй байв. Оройн хэсэгт нүх гарган тогос, гургуул, шар шувуу гэх мэт шувууны өдийг хатгадаг. Тэдгээр өд нь бас тохой өндөртэй бөгөөд малгайн хоолойн хамт нэг метр орчим болдог ажээ. Малгайн арын шилэвч нь дээлийн зах даран унждаг байна.

Богтаг малгайн хоолойны нүүрэн талд луу, суварга, галын дөл мэт дүрсийг сувдаар чимэглэдэг. Богтаг малгайны чимэглэл нь цэцэг эрдэнэ, бүрэнцэг, бүгнэвч, хос цог зэрэг нэртэй байв. Малгайны өндөр намаар хатдын зиндааг илэрхийлэх бөгөөд их өндөр байх тусам хэргэм зэрэг их гэж ойлгогдоно. Өндөр малгайтай үед тонгойж болохгүйн дээр харц ямагт дээшээ чиглэж байсан нь энгийн ардтай зэрэгцэх ёсгүй гэж үздэг байсантай холбоотой. Малгайн оройд байх дөрвөлжин хэсэг нь монгол гутлын улны хэлбэртэй байх нь бий. Энэ нь хатан хүн хэдий ихэмсэг их хүн боловч эр хүний нөмөр нөөлөг үргэлж хэрэгтэй гэсэн утгатай ажээ. Малгайг тогтоох зориулалттай хажуугийн боолтууд нь битүү сувд эрдэнийн чулуу бүхий хээ угалзтай байдаг. Малгайны урд талд духандаа алтан сам тааруулан зүүж дээд хэсгээр нь нимгэн алчуураар даруулдаг байжээ. Алтан самыг толгойдоо зүүх нь нэг талаар гоёл боловч, нөгөөтэйгүүр эрхэмсэг хатдын оюун ухаан шижир алт шиг хувирашгүй байхыг, дээгүүр даруулсан нимгэн алчуур монгол хатдын төлөв даруу байдлыг тус тус илэрхийлж байжээ.

  1. McCann, Maureen; Rose, Jocelyn (2010-06-01). "Blueprints for Building Plant Cell Walls". Plant Physiology. 153 (2): 365–365. doi:10.1104/pp.110.900324. ISSN 1532-2548.