Вагиндрагийн үсэг
Вагиндрагийн үсэг нь 20-р зууны эхээр буюу 1905 онд буриад лам, соён гэгээрүүлэгч Агваандорж (Агваан Доржиев) худам монгол, тод бичгүүдэд тулгуурлан зохиосон шинэ үсэг юм. Вагиндра гэдэг нь түүний нэрийн Агваан гэдэг хэсгийн санскрит орчуулга юм. Үндсэн 36 үсэг, үүнээс 8 нь эгшиг. Мөн цэг цэглэлийн 7 тэмдэгтэй болно.
Эл бичиг уйгаржин монгол бичгээс гарал үүсэлтэй боловч монгол бичигт ижил дүрсээр бичдэг а-э, о-у, д-т, х-г-г өөрчилж тод үсгийн дүрс ялган тэмдэглэдэг зарчмыг баримтлан зохиосон болно. Мөн буриад аялгууны шүргэх х (h) авиаг тэмдэглэх тусгай үсгийг нэмж өгсөн. Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм.
Зохиогч тэрхүү үсгээ зөвхөн буриад аялгуунд төдийгүй Монголын бусад олон аялгуунд нийцүүлэн зохиосон байна. Жишээ нь: ж, з, ц, ч, е (я) зэрэг үсгийг оруулсан нь монгол хэлний олон аялгуунд тохирно. Мөн орос хэлний үгийг тэмдэглэхэд зориулж е, п, к, дж, ф, щ зэрэг нэгэн хэсэг үсэг (энэ нь галиг үсгийн үүрэгтэй боловч одоогийн буриадын аялгууны үгийг тэмдэглэхэд хэрэгтэй юм) буйг дурдалтай. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар хэл зүйн бичиг, ардын билгийн зүйлийн эмхэтгэл 10 гаруй дэвтэр, ном хэвлэн гаргажээ.