Валерий Герасимов
Валерий Герасимов (орос. Валерий Васильевич Герасимов, 1955 оны 9-р сарын 8-нд ЗХУ-ын Казань хотод төрсөн) -Зөвлөлтийн болон Оросын цэргийн удирдагч. ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга - 2012 оны 11-р сарын 9-нөөс хойш ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Армийн генерал (2013), ОХУ-ын баатар (2016).
2023 оны 1-р сарын 11-ээс хойш - Украин руу довтлоход Оросын хүчний нэгдсэн бүлгийн командлагч.
Донбасс дахь дайн, ОХУ-ын Украиныг эзлэн түрэмгийлсэний улмаас Европын холбоо, АНУ, Их Британи болон бусад хэд хэдэн улс орнууд түүний эсрэг хориг арга хэмжээ авсан. 2024 онд Олон улсын эрүүгийн шүүх Герасимовыг Украинд хийсэн халдлагын үеэр үйлдсэн дайны гэмт хэрэгтэй холбогдуулан баривчлах тушаал гаргажээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1955 оны 9-р сарын 8-нд Казань хотод ажилчдын гэр бүлд төрсөн. Тэрээр Казань хотын Суворовын цэргийн дунд сургуульд суралцаж (1971-1973) онц дүнтэй төгссөн. Мөн ЗХУ-ын Дээд Зөвлөлийн нэрэмжит Казань хотын Танкийн дээд командын сургуулийг алтан медальтай (1973-1977), ЗХУ-ын маршал Р.Я-Малиновскийн нэрэмжит Хуягт хүчний цэргийн академийг онц дүнтэй төгссөн (1984-1987), ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академи (1995-1997) төгссөн байна.
Анатолий Сердюков 2012 оны 11-р сарын 9-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас огцорсны дараа шинэ Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Жанжин штабын даргын албан тушаалд Валерий Герасимовыг нэр дэвшүүлсэн байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бөгөөд Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч болсон.
Сирид 2015 оны 9-р сард эхэлсэн Оросын цэргийн ажиллагааг тэрээр зохион байгуулсан. Цэргийн үүргээ биелүүлэхэд үзүүлсэн эр зориг, баатарлаг байдлын төлөө 2016 оны 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн хаалттай зарлигаар түүнд төрийн дээд шагнал болох ОХУ-ын баатар цол олгосон байна.
2023 оны 1-р сарын 11-нд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Герасимовыг Украин дахь хүчний нэгдсэн бүлгийн командлагчаар томилов. 2022 оны 10-р сарын 8-наас хойш энэ албан тушаалд байсан командлагч асан, армийн генерал Сергей Суровикин Герасимовын орлогч нарын нэг болжээ. Нөгөө хоёр орлогч нь армийн генерал Олег Салюков, хурандаа генерал Алексей Ким нар юм.