Сергей Шойгу

Сергей Шойгу- 2019 оны 4 сар.

Сергеей Кужугетович Шойгу (тув. Сергей Күжүгет оглу Шойгу; 1955 оны 5 дугаар сарын 21-нд ЗХУ-ын Тува Автономит улсын Чадан хотод төрсөн) -Зөвлөлт, ОХУ-ын төрийн зүтгэлтэн. 2012 оны 11 дүгээр сарын 6-наас ОХУ-ын Батлан хамгаалахын сайд. Армийн генерал (2003). ОХУ-ын баатар (1999). ОХУ-ын "Нэгдсэн Орос" улс төрийн намын Дээд зөвлөлийн гишүүн. Оросын газарзүйн нийгэмлэгийн Ерөнхийлөгч (2009 оноос).

Намтар[засварлах | кодоор засварлах]

1955 оны 5 дугаар сарын 21-нд ЗХУ-ын Тувагийн өөртөө засах орны Чадан хэмээх жижиг хотод дүүргийн сонины редактор тува үндэстэн Кужугет Серэевич Шойгугийн (дараа нь ЗХУ-ын Тува мужийн хорооны нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга) гэр бүлд төрсөн. Эх нь мал аж ахуйн мэргэжилтэн Александра Яковлевна Шойгу (Кудрявцева овогтой байсан, Украины уугуул).

1960 онд Украины Луганск дүүргийн Стаханово хотын сүмд түүнийг Үнэн алдартны шашинд загалмайлуулсан ажээ.

1962-1972 онд тэрээр Тувагийн Чаданд дунд сургуульд, 1972-1977 онд ЗХУ-ын Красноярскийн Политехникийн дээд сургуульд суралцаж, барилгын инженер мэргэжлээр төгссөн.

1977-1978 онд - Промхимстрой трестийн мастер (Красноярск); 1978-1979 онуудад - "Тувинстрой" трестийн мастер, хэсгийн дарга (Кызыл); 1979-1984 онуудад - "Ачинскалюминстрой" трестийн СУ-82 барилгын хэлтсийн ахлах мастер, ерөнхий инженер, дарга; 1984-1985 онд - Саяналюминстрой трестийн орлогч менежер (Саяногорск); 1985-1986 онд - Саянтяжстрой трестийн менежер (Абакан); 1986-1988 онд - Абаканвагонстрой трестийн менежер.

1988-1989 онд - ЗХУ-ын Абакан хотын ЗХУКН-ын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга;

1989-1990 онд - ЗХУ-ын Красноярск мужийн ЗХУКН-ын хорооны зааварлагч. 1990 онд Москва руу нүүсэн.

1990-1991 онд - Зөвлөлт Оросын Архитектур, барилгын улсын хорооны орлогч дарга болсон.

1991 оноос хойш тэрээр Оросын Аврах корпусын дарга болж, ЗСБНХОУ-ын /РСФСР/ Онцгой байдлын улсын хорооны даргаар томилогдсон.

1991-1994 онд - ОХУ-ын шинээр байгуулагдсан Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах улсын хорооны анхны дарга.

1994-2012 онд - ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгаас аврах асуудал эрхэлсэн сайд (үүнтэй зэрэгцэн 2000 оны 1-р сарын 10-аас 5-р сарын 7 хүртэл - ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч).

1996 оноос хойш - ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн (2012 оноос хойш - ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн).

2000 онд тэрээр Эв нэгдлийн намыг /Единство/ тэргүүлж байсан бөгөөд хожим нь "Эх орон" (Юрий Лужков), Бүх Орос (Минтимер Шаймиев) намуудтай хамтран нэгдэж "Нэгдсэн Орос" нам болж өөрчлөгдсөн.

2012 оны 5 сараас 11 сар хүртэл Москва мужийн Засаг дарга.

2012 оны 11 дүгээр сарын 6-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Алексей Сердюков огцорч оронд түүнийг томилогдсон. Сергей Шойгу сайдын албан тушаалд орсныхоо дараа Оросын Зэвсэгт хүчинд эрс шинэчлэл хийхээр өмнөх засгийнхаа үед эхлүүлсэн чиглэлээ үргэлжлүүлсэн боловч шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэхэд хэд хэдэн чухал өөрчлөлт хийсэн.

ОХУ-ын Зэвсэгт хүчинд хийсэн шинэчлэлийн үр дүн 2014 оны 2-3-р сард Крымд болсон үйл явдал тодорхой харуулсан байна.

2017 оны 1 дүгээр сарын 22 -нд Нэгдсэн Орос намаас ОХУ-ын Дээд Зөвлөлийн Товчооны гишүүн болсон.

2020 оны 1-р сарын 21-нд ОХУ-ын Медведевийн засгийн газар огцорсны дараа Михаил Мишустиний танхимд Батлан ​​хамгаалахын сайдын албан тушаалд улиран томилогдсон.