Jump to content

Вестминстерийн Их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вестминстерийн Их сургуулийн сүлд

Вестминстерийн их сургууль (англи. University of Westminster, товч. UW London) - Их Британийн нийслэл Лондон хотын төвд байрладаг улсын их сургууль. 1838 онд Хааны политехникийн хүрээлэн (англи. Royal Polytechnic Institution) нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд Лондонд нээгдсэн анхны политехникийн дээд боловсролын байгууллага байв. Политехникийн хүрээлэн 1839 оны 8-р сард Эзэн хааны зөвшөөрлийг албан ёсоор хүлээн авсан дараа нь 1992 онд Вестминстерийн их сургууль болсон түүхтэй.

Бестминстрерийн Их сургууль "Бурхан бол бидний хүч" (The Lord is our Strength) гэсэн уриатай.

Их сургуулийн таних тэмдэг

Вестминстерийн их сургууль нь Лондон хотын төвийн Режент гудамжинд (англи. Regent Street) үндсэн кампустай бөгөөд Фицровиа (Fitzrovia), Мэрилебоун (Marylebone), Харроу (Harrow) дүүргүүдэд бусад кампусууд байралдаг. Тус их сургууль нь гурван коллеж, 12 сургуультай бөгөөд үүнд Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэн (Communication and Media Research Institute, CAMRI), Ардчиллыг судлах төв (Centre for the Study of Democracy) зэрэг 65 орчим тэнхим, төвүүд байдаг. Мөн Бодлого судлалын судалгааны хүрээлэн (Policy Studies Institute), Вестминстерийн Бизнесийн сургууль (Westminster Business School) болон Вестминстерийн Хууль зүйн сургууль (Westminster Law School) зэрэг байдаг юм. Үүнээс гадна Узбекистан улстай хамтран Ташкент хотод Вестминстерийн олон улсын их сургууль 2002 онд байгуулан ажиллуулж байгаа юм.

Энэхүү их сургуульд 2022 оны хичээлийн жилд 132 орны 22 мянга гаруй оюутан суралцсан байна. Британийн "The Guardian" сонин 2005 онд Вестминстерийн их сургуулийг Их Британийн 122 их сургуулиас 55-д жагсаасан байна.

Тус сургуулийн 2021–22 оны жилийн орлого 240.9 сая фунт стерлинг байсан бөгөөд үүний 4.25 сая фунт стерлинг нь судалгааны тэтгэлэг, гэрээнээс олсон байна. Тус их сургууль нь Хамтын нөхөрлөлийн их сургуулиудын холбоо, MBA-ийн холбоо, EFMD, EQUIS болон Европын их сургуулийн холбоо зэргийн гишүүн ажээ.

Түүхийнхээ туршид Вестминстерийн их сургууль дөрвөн өөр нэртэй байсан:

  1. Хааны политехникийн хүрээлэн, (англи. Royal Polytechnic Institution, 1838—1881)
  2. Режент гудамж дахь Политехник, (англи. Regent Street Polytechnic, 1881—1970)
  3. Лондонгийн төв Политехник, (англи. Polytechnic of Central London (PCL), 1970—1992)
  4. Вестминстерийн их сургууль (1992 оноос өнөөг хүртэл)

Тус их сургуульд Бакалавр, Магистрын зэргийг дараах факультетуудад олгодог.

  • Архитектур, барилгын аж үйлдвэрлэлийн факультет
  • Биологийн шинжлэх ухааны факультет
  • Хууль зүйн факультет
  • Нийгмийн ухаан, хүмүүнлэг, гадаад хэлний факультет
  • Хэвлэл мэдээллийн үйлдвэрлэл, дизайны факультет
  • Ерөнхий эрүүл мэндийн факультет
  • Цахим багаж, тооцоолон бодох техникийн факультет
  • Харроугийн компьютерийн технологийн сургууль
  • Вестминстерийн бизнесийн сургууль

Алдартай багш, ажилтнууд

[засварлах | кодоор засварлах]

Вестминстерийн Их сургуулийн алдартай нэр хүндтэй багш, ажилтнуудад- Сэр Жорж Кэйли (Sir George Cayley, нисэхийн инженерийн үүсгэн байгуулагч), Чарльз Алжернон Парсонс (Sir Charles Algernon Parsons, инженер, уурын турбин зохион бүтээгч), хатагтай Рэйчел Олдред (Rachel Aldred, идэвхтэй тээврийн хөдөлгөөний чиглэлээр мэргэшсэн академич), Том Анг (Tom Ang, гэрэл зурагчин, ВВС-ийн хөтлөгч), Чери Блэр (Cherie Blair, хуульч, зохиолч бөгөөд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэрийн эхнэр), Харпал Брар (Harpal Brar, Их Британийн Коммунист намыг (марксист-ленинист) үүсгэн байгуулагч, Ричард Бертон (Richard Burton, зочин багш, "Дэйли Телеграф" болон "Еврей Шастир" сэтгүүлийн ерөнхий редактор), Николас Гарнхэм (Nicholas Garnham, хэвлэл мэдээллийн салбарын гавьяат профессор), Эндрю Гровс (Andrew Groves, загвар зохион бүтээгч), Кэтрин Грабб, зураач (Catherine Grubb, Харроугийн урлагийн сургуульд багшилдаг), Майер Хиллман (Mayer Hillman, архитектор, хот төлөвлөлтийн ахлах багш), Питер Миллард (Peter Millard, Их Британийн Носокинетик группын ерөнхийлөгч), хатагтай Шантал Мауф (Chantal Mouffe, улс төр судлаач, онолч), Эзра Паунд (Ezra Pound, алдартай модернист яруу найрагч), Жошуа Оппенхаймер (Joshua Oppenheimer, Оскарын шагналд нэр дэвшсэн кино найруулагч), Жон Хенри Пеппер (John Henry Pepper, шинжлэх ухааны эрдэмтэн, алдарт зохион бүтээгч), Жан Ситон (хэвлэл мэдээллийн түүхийн профессор, ВВС-ийн албан ёсны түүхч), Альфред Уотерхаус (Alfred Waterhouse, Байгалийн түүхийн музейн архитектор, дизайнер), Жорж Чекли (George Checkley, нэрт модернист архитектор), Брайан Уинстон (Brian Winston, Эммигийн шагналтан баримтат киноны зохиолч, сэтгүүлч).

Алдартай төгсөгчид

[засварлах | кодоор засварлах]
  • Сэр Александр Флеминг — биологч, бактер судлаач, 1945 оны Нобелийн шагналтан.
  • Ричард РайтRichard Wright, британий төгөлдөр хуурч, ая зохиогч бөгөөд дуучин. Pink Floyd хамтлагийн гишүүн.
  • Роджер Уотерс — Roger Waters, британий рок-хөгжимчин, бас-гитарчин, хөгжмийн зохиолч, яруу найрагчт, Pink Floyd хамтлаг үүсгэн байгуулагчдын нэг.
  • Ник Мейсон — Nick Mason, британий хөгжимчин, архитектор, хөгжмийн продюсер. Pink Floyd хамтлаг үүсгэн байгуулагчдын нэг, бөмбөрчин.
  • Сид Барретт— британий хөгжимчин, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач, Pink Floyd хамтлаг үүсгэн байгуулагч.