Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-21
Вавилон нь эртний Месопотамын хот юм. Эдүгээ Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүгт 85 орчим км зайд орших Ал Хилла хот нь эртний Вавилон хот оршин байсан газар юм. Тигр болон Евфрат мөрний хооронд орших үр шимт хөрс бүхий уг нутагт энд тэндгүй шавар тоосгон балгасууд үзэгдэх нь Вавилоны соёлын үлдэц аж. Түүхэнд өгүүлснээр эртний Вавилон жижигхэн суурин байснаа МЭӨ3000 жилийн үед товойн гарч иржээ. Хот цэцэглэн хөгжихийн хэрээр алдар суу нь түгэх болж, улмаар анхны Вавилон улс бий болжээ. МЭӨ2300 оны орчмоос Вавилон нь “Ариун хот” хэмээн шүтэгдэх болсон бөгөөд уг хотод байсан гэх Семирамисийн дүүжинт цэцэрлэг нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт багтдаг билээ. Вавилон гэх нэр нь эртний Аккадийн Babilu (bāb-ilû буюу Бурхдын хаалга) хэмээх үгнээс гаралтай грек дуудлагатай үг гэж үздэг. Мөн Библид өөрөөр тайлбарласан байдаг.
Вавилон хотын тухай анхны тэмдэглэл Аккадийн хаан Саргоны үед хамаардаг байна. Он цаг өнгөрөх тутам Вавилоны хүн ам, хүчин чадал өсч иржээ. МЭӨ XX зууны орчимд Вавилон хотыг Аморитуудаас хагас нүүдэлчин Аккадичууд булаан авчээ. Тэд Суму-Абумаар удирдуулан өөрсдийн Анхны Вавилоны улсыг байгуулжээ. Гэхдээ Хаммурапи хааны засаглал хүртэл Вавилон хот бүс нутгийнхаа хэмжээнд нөлөө бүхий жижиг хот байв. Вавилон нь меспотамид 400 гаруй жил ноёрхсон Касситуудын үед нийслэл хот болжээ. Хот өөрөө Евфрат мөрний баруун зүүн хоёр эргийн дэнжийг дамнан оршдог байв. Вавилон хот цаг хугацааа өнгөрөх бүр улам гайхам сайхан, хүчирхэг болж байсан бөгөөд Ассирийн хаант улсын үед голлох нөлөө бүхий хотоор нэгэнт тодорсон байв. МЭӨ1770-1670 оны орчимд болон МЭӨ612-320 он гэхэд дэлхийн хамгийн олон хүн амтай хот болсон байна. Тухайн үед 200000 хүн амтай байсан гэж үздэг. (бүрэн эхээр унших)