Библи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гутенбергийн Библи, анхны хэвлэмэл Библи

Библи нь Иудейчууд ба Христэд Итгэгчидийн хувьд Бүтээгч Эзэн буюу Тэнгэрбурханы хүн төрөлхтөнд дамжуулсан үг бөгөөд дан ганц цул ном биш номуудын цуглуулга юм. Библийн хамгийн эхний ном нь ХТӨ 1400 оны үед, хамгийн сүүлийн ном нь ХТ 100 оноос өмнө, нийтдээ 1500 жилийн хугацаанд 40 гаруй хүмүүсийн гараар бичигджээ.

Нэрний гарал[засварлах | edit source]

Библи гэдэг үг нь койне грек хэлний τὰ βιβλία - ta biblia буюу "номнууд" гэх үгнээс үүүсэлтэй. Англи хэлний bibliography (ном зүй), орос хэлний библиотека (номын сан) гэх үгнүүд ч энэ үгнээс гаралтай.

Библийн эх хэл[засварлах | edit source]

Өнөөдөр Библи дэлхийн ихэнх хэл дээр хөрвүүлэгдсэн. Харин Библи бичигдсэн анхны хэл нь Хуучин Гэрээний хувьд еврей хэл, арамей хэл (багахан хэсэг нь) бөгөөд Шинэ Гэрээний хувьд бүхэлдээ грек хэл дээр бичигджээ. Еврей хэл болон арамей хэл дээр бичигдсэн Библийг буюу Хуучин Гэрээг ихэнхдээ еврей Библи гэнэ. Еврейчүүд өөрсдийн Библиэ (Христэд итгэгчид-ийн хувьд Хуучин Гэрээ) ТаНаК гэж нэрлэнэ.

ТаНаК гэдэг үг нь Тора, Неби'им, Кетубим гэсэн гурван үгний эхний үсэгнүүдийн нийлбэрээс бүтсэн үг ажээ. Учир нь еврейчүүд Хуучин Гэрээг буюу өөрсдийн Библээ агууллагаар нь, бичиглэлийн хэлбэрээр нь Тора, Неби'им, Кетубим гэсэн гурван хэсэгт хуваан ангилдаг.

Тора гэдэг нь сургаал, заавар, хууль гэсэн утгатай бөгөөд Мосегийн таван ном, Хуулийн ном, Пентатух гэж нэрлэгддэг Библийн эхний таван ном үүнд багтана. Неби'им гэдэг нь эш үзүүлэгчид, зөнчид, Бурханы үгийг дамжуулагчид гэсэн утгатай үг бөгөөд ерөнхийдөө бол зөгнөлийн номууд юм. Кетуб'им гэдэг нь бичээсүүд гэсэн утгатай үг бөгөөд түүх, дуу, шүлэг гэх мэтээр утга зохиолын олон төрлөөр бичигдсэн байна. Еврейчүүд Вавилончуудын нутагт цөллөгдөх үед тэдний дунд арамей хэл дэлгэрсэн. Учир нь арамей хэл бол тухайн үеийн --Вавилон, Ойрхи Дорнодын албан ёсны хэл байсан байна. Тэр үед бичигдсэн Ариун Библийн хэсгүүд буюу Даниел ном, Езра номын нэлээд хэсэг Иеремиа номын нэг ишлэл арамей хэл дээр бичигдсэн байдаг. Шинэ Гэрээний хувьд анх бичигдсэн хэл нь койне грек хэл буюу хар ярианы грек хэл дээр анх бичигдсэн.

  • Танах Библи (Мазор) Массорах буюу өв уламжлал, гар дамжсан гэх еврей үгнээс гаралтай. Учир нь бичээч нар нь цуцахыг үл мэдэн бичээсийн уламжлагдсан утгыг хадгалахыг тулд ажилладаг байв. Эртний болон ховор үгс нь анхны эх бичигтээ эгшгийн тэмдэглэгээ байхгүй болон бусад үсгийн бичигдэх байдалтай холбоотойгоор гээгдсэн байдаг. Энэхүү эх бичвэр нь 3 хэсгээс бүрдэнэ. (1) Эхний 5 ном буюу Торах ("Заах" эсвэл "Хууль") - Израиль үндэстэний гарал үүсэл, дагаж мөрдвөл зохих хууль зэргийг багтаасан номууд. (2) Нэви'им ("Мэргэд") - Израилийн түүх, аж байдлын талаар дурддаг номууд. (3) Кэтувим ("Бичигч") - Шүлэг найраг, гүн ухаан, амьдрах ухаан зэргийг дурддаг номууд юм. Дуулал, Иов гээд нэлээн хэдэн ном орно.Танах (Мазор) эх бичвэрийг МЭ 4-р зууны үед Грек хэлнээ орчуулан хөрвүүлсэн.
  • Септуагинт бол еврей хэл дээр бичигдсэн Хуучин Гэрээ ба МЭӨ 300 оны орчим Александрт амьдарч байсан грек хэлтэй иудей судлаач грек хэлнээ орчуулсан хувилбар. Энэ нэр нь латинаар далын тооноос гаралтай, учир нь Еврей Библийг грек хэлнээ орчуулахад далан судлаач оролцсон хэмээн уламжлагдсан яриа байдаг. Түүнийг LXX гэж тэмдэглэдэг нь Ром тоогооор 70 тооны тэмдэглэгээ юм.
  • Самари Пентатух нь Самаричуудын (Израилийн хойд хэсэгт амьдарч байсан иудей гаралтай харь хүмүүс) хадгалж үлдсэн Хуучин Гэрээний эхний 5 номын эртний хувилбар. Гар бичмэлүүдийн хувилбарууд нь Вавилоны булаан эзлэлтийн өмнө нийтийн хэрэглээнд байсан эртний еврей болон Фойнихийн бичигтэй төстэй үсэгнүүдтэй. Энэхүү эх бичвэр нь МЭӨ 600-700 оны үед бичигдсэн.
  • Вулгат бол МЭ 400 оны үед Жеромын гаргасан Латин хэл дээрх стандарт Библи. МЭ 200-аад оны үед нийтийн хэрэглээний хэл грек хэлнээс латин хэл уруу шилжсэн юм. Олон нийтийн хүртээл болгохын тулд энэхүү эх бичгийг бий болгох шаардлага урган гарсан.

Орчин цагийн Библи[засварлах | edit source]

ХристИтгэлт Ариун Библи нь 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсгийг Хуучин гэрээ гэдэг бөгөөд нийт 46 номоос бүрдэнэ. Харин удаах хэсгийг Шинэ гэрээ гэх ба 27 номоос бүрдэнэ. Шинэ гэрээний эхний 4 номыг Сайн мэдээний дөрвөн ном гэдэг бөгөөд Христийн амьдрал, сургаал, Христ итгэлийн талаар өгүүлдэг. Христийн шашны Ариун Библид Еврей Библийн ихэнх хэсгийг багтаасан боловч бага зэргийн ондоо зүйлүүд бий. Протестант урсгалыг дагагчид Ариун Библийн номоос өөрсдийн үзэл номлолдоо тааруулан засаж, хасах зэргээр одоогийн ашиглаж буй 64 ном бүхий Ариун Библийн хувилбарыг бий болгожээ. Протестант урсгалынхан Хуучин Гэрээнээс 7 номыг хассан бөгөөд Мартин Лютер Шинэ Гэрээнээс мөн зарим номыг тухайлбал Илчлэлт номыг хасч, засварлахыг оролдсон нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар протестант хувилбарын Библид хэвээр үлдээхээс өөр аргагүйд хүрчээ.

Библийн орчуулга[засварлах | edit source]

1631 он. KJV хувилбарын Шинэ Гэрээ хэсгийн нүүр

Ариун Библийн маш олон хөрвүүлгүүд байдаг. Хамгийн анхны орчуулга IV зуунд эхэлсэн бол түүнээс хойш латин, англи зэрэг хэл рүү хөрвүүлж эхэлсэн. Эдгээрээс англи хэлээрх хөрвүүлэг хамгийн их тархсан байдаг ба Жеймс Хааны Шинэ Хувилбар, Олон Улсын Шинэ хувилбар гэх орчуулга түгээмэл ашиглагддаг.

  • Жеймс Хааны Шинэ Хувилбар - AV/KJV хувилбарын өгүүлбэрийн бүтцийг хэвээр хадгалсан ч үг хэллэгийг нь орчин үеийнхтэй нийцүүлэн орчуулсан Америк хувилбар.
  • Олон Улсын Шинэ Хувилбар - Хэлний үнэ цэнийг эх бичвэрийн үнэн зөв байдалтай хослуулахыг зорьсон. Эх хувилбаруудаас (Америкчуудын гаргасан) гадна англичилсан хувилбар болон британи хувилбар (эр, эм хүйсийг ерөнхийлөн нэрлэсэн) гэж бий.
  • Шинэ Англи Библи - 1960 онд Английн хэсэг эрдэмтдийн орчуулсан, орчин үеийн үг хэллэг бүхий хувилбар. Үг хэллэг ба бичлэгийн хэлбэр нь албаны бөгөөд оюунлаг шинжтэй. Энэ нь орчуулагчид нь эрдэм боловсролтой хүмүүс байсныг илтгэн харуулдаг гэж үздэг.
  • Мэдээний Библи- Еюган Петерсон гэдэг хүний гаргасан өөрчилсөн гэхээсээ илүү тайлбарласан хувилбар. Эх хэллэгийнх нь оронд орчин үеийн зүйрлэл, үзэл санаа болон үгэн наадгайг илүү түлхүү хэрэглэсэн.
  • Сайн Мэдээний Библи - Англи хэлийг хоёрдогч хэлээ болгосон хүмүүст илүү тохиромжтой хэлбэрээр бичигдсэн орчин үеийн, уншихад дөхөм англи хэлний хувилбар. Үүнд дэлхий даяарх англи хэлээр уншдаг хүмүүсийн дийлэнхийн мэддэг энгийн үг хэллэгийг хэрэглэхийг чармайсан. Мэргэжлийн болон ярианы үг хэллэг хэрэглэхээс зайлсхийсэн өөрөөр хэлбэл хялбаршуулсан хувилбар юм.

Ариун Библийн анхны монгол орчуулгыг XIII зуунд Ромын Папын Монгол Эзэнт гүрэн дэх элч, католик шашны санваартнууд анх орчуулан Монголын эзэн хаадын дэмжлэгээр хэвлэжээ. 2016 онд Ариун Библийн монгол орчуулгын 710 жилийн ой тохиож байна. XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн католик санваартнууд Ариун Библийг тухайн үеийн аялгуунд тохируулан шинээр орчуулах ажлыг ар болон өвөр Монголд гүйцэтгэж байв.

Мөн үзэх[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]