Вулгат

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Сикстиний Вулгат
Гэгээн Клементийн Вулгат, 1922 оны хэвлэл, Иоханы бичсэн Сайн мэдээний Ариун айлдлын тэргүүн хуудас

Вулгат буюу Латин Вулгата нь Христийн тооллын IV зууны үед Гэгээн Иеромийн еврей, арамей, грек хэлнээс латин хэл рүү орчуулсан Библи юм. IV зуунаас эхлэн ашиглаж эхэлсэн ба XVI зуунд Католик шашны ёслол мөргөлд ашиглах цорын ганц албан ёсны хувилбар гэж зарласан.

Христийн тооллын 382 онд Гэгээн Иером Пап I Дамасийн лүндэнгээр Vetus Latina буюу хуучин латин хувилбарыг хянан засварлаж, Библийн номуудыг эмхэтгэх ажилд томилогджээ. Бусад Библийн орчуулгаас ялгахын тулд грек хэлний βουλγάτα буюу вулгат (орчуулбал "түгээмэл") гэж тодотгон нэрлэх болсон.

1545-1563 онд зохион байгуулагдсан Трентийн Зөвлөлийн хуралдаанаас Латин Вулгат бол католик сүмийн ашиглах албан ёсны хувилбар гэж тунхаглажээ.

Латин орчуулгын тухай[засварлах | edit source]

Вулгат буюу Латин Библийг бүхэлд нь Иером орчуулаагүй. [1] Библийн латин орчуулгыг хэрхэн бүтсэнийг хэсэг бүрээр дэлгэрэнгүй авч үзвэл

Еврей хэлээр бичигдсэн Хуучин гэрээс: Дуулал номоос бусад номуудыг Гэгээн Иером орчуулж Христийн тооллын 405 оны орчим дууссан.

Грек хэлнээс орчуулсан Теодотионы нэмэлт: Гэгээн Иером Хөрвүүлсэн Даниел, Гурван хүүхдийн дуулал, Сюзаннагийн түүх, Үзэсгэлэн гоо ба луу (Даниел номын төгсгөлд байдаг)

Койне грек хэлээр бичигдсэн эх: Койне буюу энгийн хэрэглээний грек хэлнээс Гэгээн Иером Эстер номыг хөрвүүлсэн.

Грек орчуулгын эх: Гэгээн Иером Дуулал номыг грек орчуулгын эхтэй харьцуулан засаж орчуулсан.

Арамей хэлнээс: Тоби, Жүдит номыг Гэгээн Иером орчуулсан.

Эртний латин орчуулгын эхийн хянан засварлалт : Оролцсон хүмүүс тодорхойгүй. Барух, Иеремиагийн захидал, Эсдрас, Шавь нарын Үйлс, Элч нарын чуулгануудад бичсэн захидлууд, Илчлэлт номуудыг эртний латин эхтэй тулган хянасан.

Эртний латин орчуулгыг огт засварлалгүй тэр хэвээр үлдээсэн: Элч Паулын Лаодисеанчуудад бичсэн захидал, Манасейгийн залбирал, 4 Эсдрас, Соломоны эрдэнэ үгс, Сирах, Нэгдүгээр, Хоёрдугаар Макабе номын орчуулгын хувилбарыг тэр хэвээр нь авч ашигласан.

Шинэ Вулгат[засварлах | edit source]

Шинэ Вулгат буюу Нова Вулгата нь анх орчуулагдсан хэв маягаас ялгаатай. 1965 онд Пап VI Паул лүндэн гаргаж Библийг еврей, грек эхтэй нь тулган нягталж орчин үеийн хэл зүйн дүрэм, найруулгын дагуу сонгодог латин хэлээр засварлаж 1979 онд бүрэн дууссан. 1979 онд Пап II Иохан Паул Вулгатын шинэ хувилбарыг Ариун Сэнтийн шашны мөргөл, үндсэн ёслолд баримтлах гол эх сурвалж гэж зарласан.

Өрнийн соёлд үзүүлсэн нөлөө[засварлах | edit source]

Вулгат буюу Латин Библи нь мянга гаруй жилийн турш хамгийн өргөн ашигладаг Ариун Библийн орчуулга болсон. Дундад зуун, Сэргэн мандалтын үе, орчин үед ч шашин судлал болон урлаг, утга зохиол, уран барилгын чимэглэл зэрэгт латин орчуулгын эхээс эш татах, дүрслэх зэргээр ашигладаг. Христийн тооллын 400 оноос 1500-аад оны дунд үе хүртэл Европын улс орнуудын нийтлэг хэрэгцээг хангадаг цорын ганц эх сурвалж болж байв.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Платер, Уильям Эдвард (1926). Вулгатын дүрэм зүй, Латин Вулгат судлалын үндэс. Оксфорд: Кларендон хэвлэлийн газар.