Jump to content

Вавилони

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хаммурапийн засаглалын үеийн Вавилон.

Вавилони (Англи: Babylon, эрт.грек-Βαβυλών ) нь эртний Месопотамийн хот, Вавилоны хаант улсын нийслэл юм. Эдүгээ Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүгт 85 орчим км зайд орших Ал Хилла хот нь эртний Вавилони хот оршин байсан газар юм. Тигр болон Евфрат мөрний хооронд орших үр шимт хөрс бүхий уг нутагт энд тэндгүй шавар тоосгон балгасууд үзэгдэх нь Вавилонийн соёлын үлдэц аж. Түүхэнд өгүүлснээр эртний Вавилони жижигхэн суурин байснаа МЭӨ 3000 оны үед хөгжлөөрөө товойн гарч иржээ. Хот цэцэглэн хөгжихийн хэрээр алдар суу нь түгэх болж, улмаар анхны Вавилон улс бий болжээ. МЭӨ 2300 оны орчмоос Вавилон нь “Ариун хот” хэмээн шүтэгдэх болсон бөгөөд уг хотод байсан гэх Семирамисийн дүүжинт цэцэрлэг нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт багтдаг билээ. Вавилон гэх нэр нь эртний Аккад улсын Babilu (bāb-ilû буюу Бурхдын хаалга) хэмээх үгнээс гаралтай грек дуудлагатай үг гэж судлаачид үздэг. Мөн Библид өөрөөр тайлбарласан байдаг.

Вавилони хотын тухай анхны тэмдэглэл Аккадийн хаан Саргоны /МЭӨ ХXIV зууны орчим амьдарч асан/ үед хамаардаг байна. Он цаг өнгөрөх тутам Вавилоны хүн ам, хүчин чадал өсч иржээ. МЭӨ XX зууны орчимд Вавилони хотыг Аморитуудаас хагас нүүдэлчин Аккадичууд булаан авчээ. Тэд Суму-Абумаар удирдуулан өөрсдийн Анхны Вавилонийн улсыг байгуулжээ. Гэхдээ Хаммурапи хааны засаглал хүртэл Вавилони хот бүс нутгийнхаа хэмжээнд нөлөө бүхий жижиг хот байв. Хаммурапи хааныг “Хаммурапийн хууль”-аар нь хүн төрөлхтөн сайн мэддэг. Вавилони нь меспотамид 400 гаруй жил ноёрхсон Касситуудын үед нийслэл хот болжээ. Хот өөрөө Евфрат мөрний баруун зүүн хоёр эргийн дэнжийг дамнан оршдог байв. Вавилони хот цаг хугацааа өнгөрөх бүр улам гайхам сайхан, хүчирхэг болж байсан бөгөөд Ассирийн хаант улсын үед голлох нөлөө бүхий хотоор нэгэнт тодорсон байв. МЭӨ 1770-1670 оны орчимд болон МЭӨ 612-320 он гэхэд дэлхийн хамгийн олон хүн амтай хот болсон байна. Тухайн үед 200000 хүн амтай байсан гэж үздэг.

Иштар хаалганы хэсэг

Ассирийн Сенанчериб хааны засаглалын үед буюу МЭӨ 689 онд Вавилоничууд Мушезиб Мардукийн бослого гаргасан нь дарагдан Вавилон хотын хэрмэн хана, сүм, ордонг тонон дээрэмдэн эвдэж, хотыг бүхэлд нь балгас болгожээ. Энэ явдлын дараа Сенанчерибыг залгамжлагч Эсархаддон вавилоничуудад нигүүлсэнгүй хандаж, хуучин хотыг сэргээн засварлах ажлыг сайжаан дэмжиж, дахин сэргээжээ. Түүнийг нас барсны дараа МЭӨ652 онд түүний том хүү Вавилоны захирагч Шамах - Шум - Укин Ассирыийн хаан, өөрийн дүү Ассурбанипалын эсрэг вавилончуудыг удирдан бослого гаргасан байна. Ассиричууд дахин Вавилоныг бүслэн хааж, бууж өгөхийг шаардав. Хот өөрсддөө тулгарсан өлсгөлөнгөөс эмээн, бууж өгчээ. Ассурбанипал хаан хотынхныг уучилж, хэлтрүүлсэн байна. Ассирийн эзэнт улс унасны дараа вавилон бие даан товойн гарч иржээ.

Шинэ Вавилоны эзэнт улс

[засварлах | кодоор засварлах]

МЭӨ 626 онд Вавилоничууд Набополласарын удирдлага доор Ассирийн эзэнт улсыг түлхэн унагаж, оронд нь өөрийн шинэ Вавилонийн хаант улсыг үүсгэн, нийслэлээр нь Вавилон хотыг тодруулсан байна. Түүний хүү Навуходоносор II /МЭӨ 605-562 онд засаглаж асан/ хааны үед Вавилон хот гайхамшигт архитектур бүхий эртний хамгийн тансаг хотуудын нэг болжээ. Небучаднеззар хаан өмнөх үеийн Мушезиб Мардукийн байгуулсан хотын хаалгыг улам сайжруулан, Иштар хаалга болгосон бөгөөд хотын хэрмийг сайжруулан шинэчилж, Семирасийн цэцэрлэгийг бариулсан нь эртний дэлхий дахинаа ихэд алдаршсан байна. Гэхдээ Семирамисийн цэцэрлэг бодитой байсан эсэх талаар ихээхэн маргаантай байгаа бөгөөд нинейн цэцэрлэгийг сайжруулсан гэж үзэх судлаачид байдаг.

Персийн эзэнт улсад сөхөрсөн нь

[засварлах | кодоор засварлах]

МЭӨ 539 онд шинэ Вавилоны хаант улс Персийн Их Кир хаанд бут ниргэгдэж, түүний харъяанд оржээ. Вавилончууд хотынхоо хэрмийг давагдашгүй бат бөх гэж үздэг байсан ч Кир хаан цэргээ хуваан нэг хэсэг нь хэрмийн гадна вавилончуудын анхаарлыг татaж байх үед нөгөө хэсэг нь евфрат мөрнийг гатлан хотын хамгаалалтгүй хэсгийг бүрэн эзлэн авчээ. Иймээс хотынхон арга буюу бууж өгчээ. Үүний дараа Кир хаан еврэйчүүдийг цөллөгнөөс эх нутагтаа эргэн ирэхийг зөвшөөрчээ. Энэ талаар Геродот тэмдэглэсэн байдаг ба хуучин гэрээнд тодорхой өгүүлсэн байдаг. Кирийг залгамжлагч Дари хаан эзэнт улсын 9 дэх мужийн нийслэлээр Вавилон хотыг болгон, шинжлэх ухааны төв хэлбэрээр хөгжүүлжээ. Ахейменидийн эзэнт улсын үед Вавилон нь одон орон, математикийн төв болсон бөгөөд энд бүрэн хэмжээний одон орны зураг үйлдэж байв. Персийн эзэнт улсын үед Вавилон нь улс орны мужуудыгхолбон амн чухал төв, гүйцэтгэх үүрэг бүхий нийслэл хот болжээ. Тухайн үеийн дэлхийн хамгийн хүчирхэг хот хэмээн тооцогдж байв. Эхэн үеийн Персийн хаад Вавилоны шашинг хүндэтгэн чөлөөтэй шүтэх эрхтэй байлгадаг байсан бол гуравдугаар Дари хааны үед үүнийг нь хориглон, татварын хэмжээгээ нэмснээр МЭӨ522, 521 болон 482 онуудад удаа дараа бослого дэгдээж байв. Энэ нь аажимдаа персийн эзэнт улсыг сульдаан, МЭӨ 331 онд Аугаа Александрт эзлэгдэхэд хүргэсэн байна. Вавилон нь 200 жилийн турш Персийн эзэнт улсын нийслэл байсан юм.

МЭӨ331 онд Гаугамелагийн тулаанд Гуравдугаар Дари хаан Македоний Аугаа Александрт бут ниргэгдэж, вавилон хот залуу байлдан дагуулагчид хаалгаа нээлээ. Аугаа Александр хаан Вавилоны уугуул оршин суугчдад чөлөөлөгч, аврагчийн дүрээр орж ирсэн гэдэг. Александрын засаглалын үед Вавилон хот дахин соёл, шинжлэх ухаан, худалдааны төв болон хөгжжээ. Гэвч МЭӨ 323 онд Небучаднеззарын ордонд Александр хаан нас нөгчихөд, эзэнт улс нь бутарч, түүний жанжнуудын удирдлага доор хуваагдаж хоорондоо дайтахад хэд хэдэн удаа дайны хөлд нэрвэгдсэн байна. Байнгын самуунтай байсан энэ үед хүмүүс Вавилон хотоос дайжих болж, хүн амын тоо эрс цөөрч эхэлжээ. МЭӨ275 онд Вавилоны оршин суугчдыг шинэ нийслэл Селевкиа руу нүүлгэсэн байна. Энэ нүүлгэн шилжүүлэлт нь вавилон хотод дахин сэргэхгүй уналтыг авчирчээ.

Персийн эзэнт улсын үе

[засварлах | кодоор засварлах]

Парфичууд буюу Сассанид Персийн эзэнт улс МЭӨ141 онд Вавилоныг эзэлснээр 800 жилийн турш Вавилон Сассанидуудын захиргаанд оржээ. Энд алдарт зөнч Мани Манихейн шашинг үүсгэж, түгээн дэлгэрүүлжээ..

Вавилоны археологи

[засварлах | кодоор засварлах]
Вавилон хотын туурь, 1932 он

Геродот болон Ктесиас нарын тэмдэглэснээр эртний вавилон хот ямархуу хэмжээтэй байсныг тодорхойлж болох юм. Тэд вавилон нь Мөрний 2 эргийг дамнан орших 2-3 давхар хана бүхий өндөр хэрэмт аварга хоын талаар өгүүлсэн байдаг.

Ктесиасийн тэмдэглэснээр хотын хэрмийн урт 360 стади буюу 68 километр үргэлжилдэг байсан гэж үздэг бол Геродот бүр 480 стади буюу 90 км үргэлжлэх бөгөөд хот өөрөө 520 км.кв нутаг дэвсгэртэй гэж тэмдэглэсэн байдаг аж.


Сүүлийн үеийн судалгаануудаас харахад Ктесиасийн тэмдэглэсэн нь тун ойролцоо байдаа бөгөөд хотын туурь 100 км.кв нутаг дэвсгэрийг хамарч байгаа юм. Сонирхолтой нь Геродот хотын хэмийн ханын өргөнийг 24 метр орчим хэмээн бичиж үлдээсэн байдаг байна.

Сэргээн засварлах үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

1985 онд Иракийн Ерөнхийлөгч асан Саддам Хусейн хуучин хотын туурин дээр сэргээн босголтын үйл ажиллагаа явуулахаар шийдвэр гаргасан байна. Сэргээн босгох үйл ажиллагаа нь дахин сэргээх, шинээр барьж байгуулах гэсэн 2 хэсэгтэй байв. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь олон археологчдод харамсал гунигийг авчирсан байна. Саддам Хусейн хуучин Вавилоны туурийн үлдэгдэл доторхи бичигт чулуунуудад өөрийн нэрийг оруулан бичихийг тушаасан бөгөөд эдгээрийн нэгэн дээр нь “Энэхүү байгууламжийг Небучеднеззарын хүү Саддам Хусейн Ирак улсыг алдаршуулан байгуулсан юм.” гэсэн байдаг ажээ. Энэхү туйлшрал нь түүний дэглэм унасны дараа үгүй болсон бөгөөд НҮБ, Иракийн шинэ удирдагч нар аялал, жуулчлал, түүх дурсгалын цогцолбор байгуулах цогц төслийн хүрээнд сэргэн босголтын ажлыг үргэлжлүүлэхээр шийдээд байгаа ажээ.

АНУ-ын зэвсэгт хүчний бий болгосон нөлөө

[засварлах | кодоор засварлах]
АНУ-ын тэнгисийн явган цэргүүд Вавилоны сэргээн засварласан туурийн өмнө, 2003 он.

2003 оны Иракийн дайны үед АНУ-ын Тэнгисийн явган цэргийн аялан явах нэгтгэлийн командлагч генерал Жэймс.Т.Конвэй хуучин Вавилон хотын туурийн ойролцоо нисдэг тэрэгний буудлыг байгуулах тушаал гаргажээ. Олон нисдэг тэрэгний олон удаагийн газардалт, хөөрөлтөөс бий болох салхи, шорооны нөлөө нь Вавилоны барилга байгууламжид ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Мөн түүхийн ховор дурсгалууд АНУ-ын цэргийн санаатай болон санамсаргүй үйлдлүүдээс болон устаж байгаа талаар Британийн музейн Жон Куртис хурцаар шүүмжилсэн нь олон нийтийн анхаарлыг нилээд татсан байна. АНУ-ын цэргийн хүчний дээд удирдагууд энэ талаар уучлал гуйж байгаа ч одоогийн байдлаар байрлалаа солиогүй байгаа ажээ.

Нэмэлт мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Вавилони – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Вавилони – Энэ үгийг тайлбар толиос харна уу