Вирус

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Вирус нь бие даан өсч үржих чадваргүй, зөвхөн амьд эзэн эсийн уургийн нийлэгшлийн аппарат, ферментийг ашиглан репликац нь явагддаг бичил биетэн юм. Одоогийн вирусын ангилалын түгээмэл системд овог, төрөл, зүйл ордог. Вирусын овог, дэд овогууд нэршлийнхээ төгсгөлд –viridae, -virinae гэсэн төгсгөлтэй байдаг. Овогууд нь вирусуудын төрлийн эволюцийн нэгдмэл байдлыг илэрхийлдэг. Төрлүүд нэршлийнхээ төгсгөлд –virus гэсэн төгсгөлтэй байдаг. Овог хоорондын ялгаа нь төрлийн шалгуур болдог. Вирусын ангилал нь нуклейн хүчил, уургийн бүрэлдэхүүн, вирионы морфолог, репликацийн стратеги, физик химийн шинж чанар энгийнээс комплексруу шилжсэн өөрчлөлт дээр тулгуурлан ангилдаг. Хүн ба амьтны вирусын 25 орчим овгийн 60 гаруй төрлийн вирус мэдэгдээд байна. Вирус нь үржихдээ эхлээд вирусын биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргууд бэхлэгдэж авна. Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй, өөрийн онцлогоосоо хамаарч зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээнь: томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойны вирус нь мэдрэлийн эс, ДОХ-н вирус нь дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг. Үүнийхээ дараа өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусын ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчлөнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусын уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеины хүчил болон уургийг ашиглан "угсрагдсан" шинэ вирусууд нь эзэн эсийг үхэж задрахад цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээдэг. Вирусаар үүсгэгддэг хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: томуу, хомхой, ДОХ, Улаан бурхан, улаан эсэргэнэ, гахайн хавдар, цагаан цэцэг, гепатит гэх мэт.

Бүтэц[засварлах]

Вирус нь эсийн бүтэцгүй. Удмын материаллаг үндэс нуклейн хүчил, гадуур нь хүрээлэн тогтсон уурган бүтэц капсидаас бүрдэнэ. Үүнийг энгийн бүтэцтэй вирус гэдэг.

Зарим вирусын уурган капсидын гадна талаар эсийн мембранаас гаралтай липид, вирус өвөрмөц уургаас бүрдэх суперкапсид байх ба ийм вирусыг нийлмэл бүтэцтэй вирус гэнэ.

Вирусын хэмжээ нь нанометрээр хэмжигдэх тул бактерийн шүүрээр нэвтэрдэг. Зөвхөн амьд эсийн дотор үрждэг. Иймээс туйлын паразит. Вирусын репродукц эзэн эсийн метаболизмаас хамаардаг. Удмын мэдээллийг ДНХ ба РНХ-ийн аль нэг нь л хадгалдаг. ДНХ-тэй вирусыг дезосивирус, РНХ-тэй вирусыг рибоксивирус гэдэг.

Геном[засварлах]

Вирусын удмын мэдээллийг ДНХ ба РНХ-ийн аль нэг нь хадгалдаг. Өнөөг хүртэл ДНХ, РНХ-ийг зэрэг агуулсан вирус хараахан тогтоогдоогүй байна.

Вирусын ДНХ хоёр утаслаг, 106-108 молекул жинтэй, шугаман болоод цагираг тогтоцтой байдаг.

Нэг ба хоёр утаслаг РНХ нь шугаман, хэсэгчилсэн тогтоцтой байна. Удмын мэдээллийг хадгалж байгаа РНХ вирусын уургийн нийлэгжлийн үед РНХ-ийн үүргийг гүйцэтгэх эсэхээс үүдэн +РНХ, -РНХ-тэй гэж рибоксивирусыг ангилна. РНХ удмын мэдээллийг хадгалахын зэрэгцээ дамжуулагч болж байвал + РНХ, РНХ-ээс мРНХ үүсэж уургийн нийлэгжил явагдаж байвал -РНХ гэнэ. Үүний зэрэгцээ эргээх транскриптаза эсгэгтэй ретровирусын репликац дээр дурьдсан хоёр хэлбэрээс ялгаатай. Вирусын +РНХ, ДНХ (поксвирусээс бусад тохиолдолд) халдаах чадвартай. Учир нь ДНХ-ээс РНХ үүсэх трансрипцийн явцад эсийн полимераза оролцдог бол +РНХ рибосомд шууд уураг нийлэгждэг. Хоёр утаслаг РНХ, -РНХ дангаараа халдвар үүсгэдэггүй.

Мөн үзэх[засварлах]