Владислав Ховалыг

Владислав Ховалыг (тува. Владислав Товарищтай оглу Ховалыг; орос. Владислав Товарищтайович Ховалыг, 1967 оны 12-р сарын 24-д ЗХУ-ын Автономит Зөвлөлт Тува улсын Тээли суманд төрсөн) - Оросын болон Тувагийн төрийн зүтгэлтэн. 2021 оны 9-р сарын 28-наас ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн (2021 оны 4-р сарын 7-ноос түр орлон гүйцэтгэгч байсан). «Нэгдсэн Орос» улс төрийн намын гишүүн.
2007-2008 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Газар болон өмчийн харилцааны сайд, 2008-2018 онд Тувагийн нийслэл Кызыл хотын дарга байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1967 оны 12-р сарын 24-нд ЗХУ-ын Тувагийн Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын Тээли тосгонд төрсөн.
1986-1988 онд ЗХУ-ын Зэвсэгт хүчинд цэргийн алба хаасан. 1988 онд Шагонар дүүргийн аж үйлдвэрийн комбинатад ажилчнаар ажлын гараагаа эхлүүлсэн.
1992 онд Красноярскийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
2006 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын Төрийн удирдлагын Академийг "Хямралын эсрэг менежмент" мэргэжлээр суралцаж төгссөн.
Их сургуулиа төгсөөд төрийн байгууллагуудад ажиллаж, Бүгд Найрамдах Тува Улсын Төрийн өмчийн хорооны хуулийн ахлах мэргэжилтэн болжээ. Дараа нь 1994-2004 онд тэрээр ОХУ-ын Холбооны албаны Санхүүгийн нөхөн сэргээлт, дампуурлын асуудлаар Тува дахь нутаг дэвсгэрийн байгууллагыг удирдаж байжээ. Дараа нь тэрээр Бүгд Найрамдах Тува Улсын Сангийн яаманд шилжин ажиллаж, хэлтсийн дарга, газрын даргын албыг дараалан хашсан байна.
2007 оны 4-р сараас 2008 оны 7-р сар хүртэл Бүгд Найрамдах Тува Улсын Газар болон өмчийн харилцааны сайд.
2008 оны 7-р сарын 30-нд Кызыл хотын даргаар ажилласан. Энэ албан тушаалд хоёр хугацаагаар улиран 2018 он хүртэл ажилласан.
2018 оны 11-р сараас 2021 оны 4-р сарын 7-ны өдөр хүртэл «Тываэнергосбыт» компанийн ерөнхий захирлаар ажилласан байна.
2021 оны 4-р сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн хүсэлтээр огцорсон Шолбан Кара-оолын оронд Владислав Ховалыг Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүнээр түр томилох Зарлиг гаргав.
2021 оны 6-р сарын 20-нд "Нэгдсэн Орос" намын бүс нутгийн салбараас 9-р сарын 19-нд болох Бүгд найрамдах улсын тэргүүнийг сонгох сонгуульд Владислав Ховалыг нэр дэвшүүлсэн юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаа 9-р сарын 28-нд болж Владислав Ховалыг ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн болсныг тэр өдрөө Тувагийн Их хурлын дарга Кан-оол Даваа зарлажээ.
Тэрээр эхнэр, гурван хүүхэдтэй.
2023 оны 2-р сарын 24-нд АНУ-ын Төрийн Департамент "Оросын Украины эсрэг үйл ажиллагаа явуулж, түрэмгийлэл үйлдсэн, мөн Оросын Холбооны Улсын ашиг сонирхлын үүднээс эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрийг хууль бусаар удирдсан", ялангуяа "Украинд тулалдахаар иргэдийг уриалан татан оролцуулсан" хүмүүст тавьсан хориг арга хэмжээний жагсаалтад Владислав Ховалыг нэмж оруулсан байна.