Гамаль Абдель Нассер

Гамаль Абдель Нассер. 1961 он

Гамаль Абдель Насер Хусейн (араб. جَمَالُ عَبْدُ ٱلنَّاصِرِ حُسَيْنُ‎ ; 1918 оны 1-р сарын 15-нд Египтын Александриа хотод төрсөн—1970 оны 9-р сарын 28-нд Каир хотод нас барсан) — египтын хувьсгалч, цэргийн болон улс төрийн зүтгэлтэн. 1956-1970 онуудад Египтын хоёр дахь Ерөнхийлөгч байсан.

Тэрээр 1956 онд Суэцийн сувгийг үндэсний болгосон нь Суэцийн хямралд хүргэж, Египет болон Арабын ертөнцөд түүний нэр хүндийг эрс нэмэгдүүлсэн. Пан-Арабизмын үзэл суртлыг баримталж, 1958-1961 онд Египет, Сирийн бүрэлдэхүүнд багтаж Арабын нэгдсэн улсыг тэргүүлж байжээ. 1962 онд тэрээр социалист өргөн шинэчлэл, улс орны шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн. Нассер нь өнөө хүртэл Арабын ертөнцөд нэр хүндтэй хүн хэвээр байгаа бөгөөд ялангуяа нийгмийн шударга ёс, Арабын эв нэгдлийг эрхэмлэх хүсэл эрмэлзэл, шинэчлэлийн бодлого, империализмын эсрэг тэмцлээрээ хүндлэгддэг байна. Түүний Египетийн ерөнхийлөгчийн засаглалын үед соёл, аж үйлдвэржилт эрчимтэй хөгжиж байв: Асуаны далан, Хелван аж үйлдвэрийн хот зэрэг баригджээ.

Нассер Египетийг Британийн нөлөөнөөс бүрэн чөлөөлж, Зөвлөлтийн талыг баримталж байсан. Түүний засаглалын үед тус улс хөгжиж буй орнуудын дунд нөлөө бүхий хүчин болж чадсан. Түүний дотоод бодлогын гол зорилтуудын нэг нь нийгэмд шударга ёсыг хангах явдал байсан бөгөөд үүнийг либерал ардчиллын үндсэн нөхцөл гэж үзсэн юм.