Jump to content

Хеопсын пирамид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Гизагийн аугаа Пирамид-с чиглүүлэгдэв)
Гизагийн аугаа пирамид. 2005 онд. МЭӨ 2560 онд байгуулагдсан уг пирамид нь Дэлхийн хамгийн эртний, хамгийн аварга томд тооцогддог.

Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн хаадын дөрөв дэх угсааны фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.

Түүхэн цогцолбор

[засварлах | кодоор засварлах]
Гизагийн пирамид. XIX зууны стереоптикон фото

Хуфу пирамид нь Гизагийн цогцолборын үндсэн байгууламж бөгөөд уг цогцолборт Хуфу пирамидаас гадна гашуудлын хос сүм (нэг нь Хуфугийн хажууд, нөгөө нь Нилийн эргийн ойролцоо), Хуфу фараоны эхнэрүүдэд зориулсан “дагуул” маягийн гурван жижиг пирамид, сурвалжит угсаатнуудын шарилыг хадгалах мастаба хэлбэрийн булшнууд тэдгээрийг холбосон замууд ордог. Жижиг гурван пирамидын нэгэнд нь фараон Хуфугийн их хатан Хэтэфэрэсийн шарил, нөгөөд нь хатан бөгөөд төрсөн эгч Снеферугийн шарил, сүүлийнхэд нь фараоны эхийн шарил хадгалагдаж байдаг болохыг 1925 онд нээсэн байна. Тус цогцолборт мөн Гизагийн ажилчдын суурин байдаг байсан ба нийтийн оршуулгын газар, талх барих газар, шар айраг исгэх газар, зэс хайлуулах цогцолборууд байдаг байжээ. Гэхдээ уг цогцолборын нийт байгууламжийг одоо хүртэл бүрэн нээж, судалж амжаагүй байгаа юм.Агуу пирамидаас баруун өмнө зүгт хэдхэн зуун метр зайд түүнээс арай намхан Хафра фараоны пирамид байдаг. Хафра фараон нь Хуфуг залгамжлагчдын нэг бөгөөд түүний үед Сфинксийг байгуулсан гэх үзэл түгээмэл байдаг. Хафрагийн пирамидаас баруун өмнө хэдхэн зуун метрийн цаана Хафрагийн залгамжлагч Менкаур фараоны пирамид байдаг ба Хафрагийн пирамидын хагастай нь дүйцэхүйц өндөртэй байдаг. Хуфу пирамид нь ерөнхийдөө МЭӨ2560 онд дууссан гэж үздэг бөгөөд энэ нь радиокарбон шинжилгээгээр батлагддаг. Уг пирамидыг Хуфугийн шадар туслах Хемиунугийн зураг төслөөр барьсан гэж үздэг.

Хэрхэн бүтээсэн тухай онолууд

[засварлах | кодоор засварлах]

Агуу пирамидыг барихад хэдий хэмжээний ажиллах хүч оролцсон талаар өөр хоорондоо ялгаа бүхий маш олон мэдээллүүд байдаг. МЭӨ V зуунд амьдарч асан Эртний Грекийн түүхч Геродот Пирамид барих 20 жилийн хугацаанд 100000 ажилчин шаардагдсан гэж тэмдэглэсэн байдаг. Саяхан пирамидыг барьсан ажилчид өндөр мэдлэг бүхий хүмүүс байсан байх ёстой хэмээн баталж байна. Польшийн архитекторч В.Кочински 1,5 тонн чулуун шоонуудыг тээвэрлэх, байрлуулахад дор хаяж 20 хүн шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүн дээрээ тулгуурлан 300000 ажилчин байрлан ажиллаж, байнгын бус 60000 хүн нэмж ажиллуулж байж пирамидыг барьсан гэж тооцсон байна.XIX зууны үед амьдарч байсан Египет судлаач Вилъям Флиндерс Петри эртний Египетийн хөдөөгийн хүн ам болон боолууд Нил мөрний дагуу газар тариалан эрхэлж, хүнсээр хангаж байсан тул уг байгууламжид ажиллаж байгаагүй гэж таамаглал дэвшүүлж байв. Харин Египет судлаач Мирослав Вернер өөрийн таамаглалдаа ажилчдыг шатлан захирах ёсны зохион байгуулалттай байсан ба тус бүр нь 20000 хүн бүхий ур чадвар, ажлын хэлбэрээрээ ялгаатай 5 бүлэгт хуваагддаг байсан гэсэн санаа дэвшүүлсэн байдаг. Мөн математикч Курт Мендельсон хамгийн ихдээ 50000, судлаач Людвиг Бронкарт, Луйс Кроон нар 36000, Вернер 30000 хүн ажиллаж байсан гэж таамагласан байдаг.

Барилгын материал

[засварлах | кодоор засварлах]

Египет судлаач Марк Лехнер тэргүүтэй судлаачид, “Дэниел, Манн, Жонсон ба Менденхалл” пүүстэй хамтран практик судалгаа хийж туршсан байна. Туршилтаар Пирамид барихад дунджаар 14,667 ажилчин шаардлагатай бөгөөд ойролцоогоор 10 жилийн дотор дуусгах боломжтой гэж гарчээ. Мөн ямар нэгэн хөдөлмөр хөнгөвчилөх дугуй, араа, төмөр багажууд ашиглаагүй гэж үзвэл 40000 ажилчин шардлагатай гэж үзжээ. Тэд 2-2,8 сая (дунджаар 2,4 сая) ширхэг чулуун шоог оруулан барьсан гэж таамаглан олон төрлийн хувилбар тооцоог хийсэн бөгөөд өдөр бүр 10 цаг ажиллах ба цагт дунджаар 180 блок (1 минутанд 3 чулуун блок) байрлуулж байсан гэж тооцсон байдаг аж. Барилгыг барихад шаардагдаж байсан чулуун блокуудыг зөөхөд 27 жил шаардагдах байсан гэж Америкийн нэг судлаач өнөөгийн чулууны уурхайнуудын үйл ажиллагаанд үндэслэн таамагласан байдаг. Иймээс тэрээр 20 жилийн дотор баригдсан гэдэг нь үндэслэл багатай хэмээн үзсэн байдаг. Гизагийн өндөрлөгт уг байгууламжуудын цогцолборыг байгуулахад 5 хааны нүүрийг үзсэн 100-аас багагүй жил шаардагдсан. Гизад анх МЭӨ 2687-2667 онд төр барьж байсан Жосер фараон Саккарын алхамт пирамид, Улаан пирамид, Тахир пирамидуудын барилгыг эхлүүжээ. Зөвхөн эдгээрт 100000 куб метр хад, бул чулуу орсон байна. Египет судлаачид Хуфу пирамидыг барихад шаардагдсан хүн цагийн тооцооны дараах томъёоллыг гаргаж иржээ.

2,4 сая чулуу хэрэглэсэн ÷( 20 жил зарцуулсан ×1 жилд 365 өдөр байдаг × өдөрт 10 цаг ажилладаг байсан × 1 цагт 60 минут )байдаг учир 1 минутанд 0,55 чулууг байрлуулж байжээ хэмээн тооцсон байдаг.

Өөрөөр хэлбэл ажиллаж буй хүний тооноос үл хамааран 20 минут тутамд 11 блок суурилуулдаг байжээ.

Гиза дахь пирамидуудын цогцолборын газрын зураг.
Хуфу пирамидын дотоод бүтцийг харуулсан хөндлөн зүсэлт.

Папирус дээр бичигдсэн баримтуудаас үзвэл эртний Египетчүүд кубит хэмээх хэмжээсийг ашиглаж байсан бөгөөд нэг кубит нь 52 см орчим болдог. Анх баригдаж байхдаа Египетийн хаан кубит хэмээх хэмжээсээр Хуфу пирамид нь 280 (144,6 метр), суурийн тал бүр нь 440 (231метр) хаан кубит байсан ажээ. Хуфу пирамид ойролцоогоор 53000 кв.км талбайг эзэлдэг, хажуу гадаргуугийн налуу нь 51°50'40" байсан ажээ. Харин өнөөдөр пирамид элэгдэж 138,8 метр өндөр, тал бүр нь 230,4 метр болсон байна.

1301 онд болсон газар хөдлөлтөөр гадна талын чулуунууд маш их суларч хөндийрөн, унасан байсны зарим хэсгийг 1356 онд Бахри султан Кайр хотруу зөөлгүүлэн усан боомт болон сүм барихад ашигласан байна. Мөн нилээд их хэмжээний хэсгийг нь малталт хийж байсан судлаачид уг бүсээс зайлуулсан ажээ. Хэдий тийм боловч өнөөг хүртэд Хуфу пирамидын ойролцоо олон тооны ижил хэмжээ бүхий унанги чулуунууд байсаар байдаг билээ.

1882 онд хэвлэгдсэн алдар Египет судлаач Вилъям Флиндерс Петригийн “Гизагийн сүмүүд болон пирамидууд” номонд өөрийн судалгааны ажлын талаар пирамидуудын талаар маш нарийн өгүүлсэн байдаг. Хуфу пирамидын дотоод засал чимэглэл нь Гизагийн бус пирамидуудаас нилээд ялгаатай байдаг. Өрөө, танхимын тоогоор хамгийн олон бөгөөд маш нарийн, нягт нямбай хийсэн байдаг. Ерөнхийдөө дотоод засал чимэглэлүүд нь Хуфу фараоны 17 жилийн засаглал, түүний анд нөхөд, шадруудын талаар өгүүлсэн байдаг. Одоогоор пирамидын дотор мэдэгдээд байгаа 3 өрөө байгаа бөгөөд тэдгээр нь пирамидын босоо тэнхлэгийн дагуу байрласан байдаг. Газар доорхи өрөө, фараоны өрөө, хатны өрөө гэсэн 3 өрөө, агааржуулах хонгилууд болон хааны өрөөнд хүргэх их хонгил олдоод байна.

Байгуулсан аргачлал

[засварлах | кодоор засварлах]
Хуфу ба Хафра пирамидууд, 1840-өөд он.

Эртний Египетүүд пирамидад ашиглах хадан блокуудаа Этиопын уулархаг бүсийн хаа нэгтээ орших хадан уулнуудаас авч, Нил мөрнөөр зөөж Гизад авчирсан бөгөөд түүгээрээ пирамидуудыг барьсан. чулууг тэгшхэн гаргаж авахдаа энгийн арга ашиглаж байжээ. Тухайлбал эхлээд хадаа сайтар хэмжин тэмдэглээд тодорхой цэгүүдэд хадаа нүхлэн модон гадас шаагаад, өдөр бүр усалдаг байжээ. Ингэхлээр мод аажмаар тэлээд хад тооцоолсны дагуу цуурдаг байж. Ингэмэгц засч янзлаад Нилийн урсгалын дагуу салаар зөөж, Гизагийн ойролцоо авчраад пирамидын барилгын ажилд хэрэглэдэг байжээ. Пирамид өндөрсөхийн хэрээр түүний нэг талыг налуулан илүү ташилт бүхий элсэн налуу ухаа үүсгэж, түүгээрээ чулуунуудаа гулдран дээш нь гаргаад байдаг байж. Баригдаж дуусмагц элсэн ханаа нурааж тэгшилдэг байжээ.

Гизагийн пирамидуудын шөнийн үзэсгэлэн