Jump to content

Гладиатор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гладиаторын тулаан

Гладиатор (латин. gladiator - "сэлэмчин", gladius - "сэлэм") - Эртний Ромд эрх чөлөөтэй авахын төлөө олон нийтийг зугаацуулж өөр нэг дайчин боолтой буюу зэрлэг араатан амьтантай тулалддаг байсан боол эсвэл хэрэг хийсэн чөлөөт иргэн. Гладиаторыг бас мэсчин боол гэж хэлдэг

Гладиаторууд гартаа сэлэм барьж тулалдах ёстой байсан тул сул дорой нь үхэж, хүчирхэг нь амьд үлдэж, тэнд байсан хүмүүсийн баяр баясгаланг төрүүлдэг байв. Олон боолууд сайн дураараа гладиаторын сургуульд орохыг оролддог байсан, учир нь тэд тулалдаж, олны хайрыг татсанаар боолчлолоос ангижрах боломжтой байжээ. Гладиаторын сургуульд шинэхэн гладиаторууд хатуу ширүүн бэлтгэлтэй тулгардаг байсан бөгөөд ихэнх нь ажлын ачааллыг даван туулж чаддаггүй байв.

МЭӨ 105 онд гладиаторын тулааныг олон нийтийн үзвэрийн тоонд оруулсан. Үүнээс хойш төр шүүгч нартаа зохион байгуулалтын хариуцлагыг даатгадаг болж Гладиаторын тулаан нийслэл болон орон даяар хамгийн дуртай үзвэр болж байна.

МЭ 63 онд Эзэн хаан Нерон гладиаторуудын тэмцээнд чөлөөт эмэгтэйчүүдийг оролцуулахыг зөвшөөрсөн зарлиг гаргажээ. 89 онд эзэн хаан Домитиан одой гладиаторуудын тулаан зохион байгуулж байжээ.

Византид гладиаторуудын тулааныг 494 онд I Анастасий хааны зарлигаар зогсоосон байна.

Сонирхолтой баримтууд=

[засварлах | кодоор засварлах]
  • Этрусканчуудын уламжлалаас авч үзвэл мэсчин боолын тулаан нь оршуулгын ёслолын нэгэн зан үйл байсан гэх тодорхойлолтод түүхчид хүрээд буй. Анх чинээлэг язгууртны оршуулгын ёслолын дараа тулалддаг уламжлалтай байсан бөгөөд эртний ромчууд хүний цус өөд бологсдын сүнсийг ариутгадаг гэж үздэг байсантай холбоотой. Энэ уламжлал бодит байсны тод жишээ нь Юлий Цезарийн тэнгэрт хальсан аав болон охиндоо зориулан хийсэн зуу зуун мэсчин боолын цус асгаруулсан тулаан билээ.
  • Кино дэлгэцнээ тэдний тулааныг ихэвчлэн хэн нэгний үхлээр төгсгөж харуулдаг. Ийм зүйл байсан нь үнэн боловч тулалдсан мэсчин боолууд нэр төртэйгөөр задгай театрыг хамтдаа орхин гарах тохиолдлууд ч олон байдаг байсан аж. Түүнчлэн тулаанд орж буй хүмүүсийг сонгохдоо ижил бие бялдартайг сонгодог байсан агаад зарим тохиолдолд шүүгч ч ажилладаг байсан гэдэг. Сургагч багш нар нь мэсчин боолуудад өрсөлдөгчийнхөө аминд хүрэх бус шархдуулах аргуудыг түгээмэл заадаг байсан нь мэсчин боолууд эздэдээ үнэ цэнтэй байсны нэгэн илрэл билээ. Гэсэн хэдий ч мэсчин боолуудын дундаж наслалт 25 байсан бөгөөд 5 тулаан тутамд нэг мэсчин боол амиа алддаг байсан гэж түүхчид үздэг.
  • НТ 80-аад оны үеэс мэсчин боолуудын тулаан энгийн цус асгаруулсан тэмцлээс тодорхой хэмжээний шаардлага тавигддаг спорт болон хөгжжээ. Тулаанчид 40-50 см урт илд, бамбай, хутга, жадтай байх ёстой бөгөөд задгай театрт гарч ирэхдээ морин тэрэг хөлөглөдөг байв. Димахер гэж нэрлэгддэг мэсчин боолууд хоёр гартаа хоёр илд барин тулалддаг байсан бол ретиари гэж нэрлэгддэг мэсчин боолууд төмөр тор, гурван үзүүртэй жад хэрэглэдэг байжээ.
  • НТ 1-р зууны үед орсон шинэчлэл дунд эмэгтэй хүн мэсчин боол болон тулаан хийсэн явдал байв. Домитиан цезарийн үед эмэгтэй мэсчин боолуудыг араатан амьтан, одой боолуудтай тулалдуулж байсан түүх бий. Гэхдээ НТ 2-р зууны төгсгөл үеэс эмэгтэй мэсчин боол тулаанд орсон түүх үгүй аж.
  • Хэдийгээр үзэгчдийн өмнө нэгнийгээ хөнөөхөөс ч буцахгүй тулаан хийдэг ч мэсчин боолууд хамтарсан нийгэмлэг байгуулж, амиа алдсан тулаанчийн оршуулах ёслолыг гүйцэтгэж, гэр бүлтэй байсан бол тэдний ар гэрт дэмжлэг үзүүлэх ажлыг хийдэг байжээ.
  • Түүхэн дэх хамгийн алдартай гладиатор бол Фракийн цэрэг байгаад олзлогдон ирж боол болгон худалдагдсан Спартак юм. Капуагийн Лентулус Батиутус түүний чадварыг үнэлж гладиатор болгохоор шийджээ. МЭӨ 73 онд Спартак өөрийн дагагч нарын хамт бослого гаргажээ. Тэд эзнээ алаад ойролцоох Везувий уул руу зугтан гарав. Тэд энэ зуур илүү олон боолыг чөлөөлөн өөрсдийнхөө хүчийг зузаатгасаар МЭӨ 72 оны өвөл гэхэд 70 мянгуулаа болжээ. Ромын зүгээс 3 легион цэрэг (15 мянга) хөдөлгөн боолуудын бослогыг даруулахаар явуулсан боловч тулааны маш арвин туршлагатай гладиаторууд тэднийг бут цохив. Тиймээс МЭӨ 71 онд Ромын Консул Марк Лицин Крассус илүү сайн бэлтгэлтэй 50 мянган цэргийг агуу жанжин Помпейн удирдлагад өгч босогчдыг үнсэн товрог болгохыг тушаажээ. Спартакийн гол хүч өнөөгийн өмнөд Италид явж байгаад урхинд орсон бөгөөд энэ үеэр Спартак өөрөө амиа алдсан юм. Түүний 6000 дагагчийг цовдлон Капуагаас Ром хүртэлх замд эгнүүлэн тавьсан байдаг.
  • Коммодус нь Ромын эзэн хаан байсан юм. Тэрээр өөрийгөө домогт баатар Геркулесийн хойд дүр гэж итгэсэн байна. Тиймээс Коммодус эр чадлаа батлан харуулахын тулд гладиатор болохоор шийджээ. Гэвч аюулгүй байдлаа хангах үүднээс модон сэлэмтэй гладиаторууд болон бэртсэн араатан амьтадтай тулалдаж байсан нь Ромын иргэдийн дургуйцлыг хүргэсэн байна. Заримдаа тэр Ромын жирийн иргэдийг цэнгэлдэхэд оруулж тулалдуулдаг байсан бөгөөд тулаанд зориулж маш их хөрөнгө зарцуулдаг байжээ. Коммодус 192 онд гладиаторуудын адилаар амфитеатрын тойрогт тулаан хийж байхдаа алагдсан гэж түүхчид үздэг.
  • Өмнө дурдсан гладиаторууд бусад гладиаторуудтайгаа тулалдан ялалт байгуулж байсан бол Флавиан Амфитеатрт Карпофорус аюулт араатнуудыг ялж алдраа дуурсгажээ. Тэрээр ихэвчлэн арслан, бартай ганцаарчлан тулаан хийж нэрд гарсан юм. Флавиан нэг өдрийн дотор нийтдээ хорин зэрлэг араатныг ялж байсан гэдэг. Энэ ялалт нь түүнд домогт баатар Геркулестэй ижил хэмжээний нэр алдрыг авч ирсэн байдаг.
  • Спикул бол МЭ 1-р зууны үеийн нэр алдар нь түгсэн гладиатор бөгөөд зугаа цэнгэлд дуртай эзэн хаан Неротой дотно холбоотой байлаа. Тэрээр олон ялалтууд байгуулсны ачаар боолоос чөлөөлөгдөж өөрийн ордонтой, боол эзэмшдэг чинээлэг иргэн болжээ. 68 онд төрийн эргэлт гарсан бөгөөд эзэн хаан Неро хайртай гладиаторынхаа гарт амиа алдахаар шийдэн Спикулыг дуудуулсан боловч тэр олдоогүй гэдэг.
  • Фламма бол Сириэс гаралтай боол бөгөөд гучин дөрвөн удаагийн тулаанаас хорин нэгд нь ялалт байгуулж , есөн тулаанд нь тэнцэн, дөрөвт нь ялагдал хүлээжээ. Фламма үүнийхээ төлөө дөрвөн удаа рудис хүлээн авч байсан.

Рудис гэдэг нь гладиаторт өгч байгаа боолоос чөлөөлөн Ромын жирийн иргэнээр амьдрах эрхийн бичиг байв. Гэсэн ч Фламма энэ бүгдээс татгалзан үргэлжлүүлэн тулалдсаар байгаад гучин насандаа нас баржээ.