Jump to content

Гэндэнжамцын Дэлэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэлэг Гэндэнжамцын (1924-1992) — Сэтгүүл зүйн анхны эрдэмтэн судлаач. Түүхийн шинжлэх ухааны доктор. Ахмад сэтгүүлч, сурган хүмүүжүүлэгч багш. 1924 онд Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн. 1933-1935 онд нийслэлийн үлгэр жишээ бага сургууль, 1935-1939 онд дунд сургууль, 1939-1942 онд багш нарыг бэлтгэх сургууль, 1950-1953 онд ЗХУКН-ын дэргэдэх Намын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэжээ. 1965 онд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны академид “Монголын хувьсгалт хэвлэлийн үүсэл, хөгжил” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний, 1973 онд Москвагийн их сургуульд “Монголын тогтмол хэвлэлийн нийтлэлийн төрөл зүйлийн үүсэл, хөгжил” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. Г.Д. Монголын тогтмол хэвлэлийн түүхийг дагнан судалж, энэ сэдвээр дэд эрдэмтэн, докторын зэрэг хамгаалсан анхны хүн юм. Г.Д. 1942 оноос Ардын гэгээрлийн яаманд сайдын туслах, багш нарын болон холбооны техникумд багш, “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн”, “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлд нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч, МАХН-ын Төв Хороонд суртал нэвтрүүлэгч, хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад 1979 оноос сургалтын ажилд шилжиж, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн багш, эрхлэгчээр ажилласан байна. Г.Д. хэвлэл мэдээллийн байгууллагад 35 жил удирдах ажил хийсэн туршлагатай зохион байгуулагч, авьяаслаг сэтгүүлч төдийгүй сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх ажилд мэдлэг чадвараа зориулсан сурган хүмүүжүүлэгч багш, сэтгүүл зүй судлалд томоохон хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн судлаач юм. Г.Д. гол төлөв Монголын хэвлэлийн түүхийн асуудлыг хөндсөн 6 ном, судалгаа, сурталчилгааны 260 орчим өгүүлэл бичиж нийтлүүлсэний дээр 30 гаруй өгүүллийг гадаадын нэр хүндтэй сонин, сэтгүүлд хэвлүүлжээ. Энэ бүтээлүүдийн дотор “Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл” (1965), “Монголын хэвлэл (1971, 1972) хоёр боть нэг сэдэвт зохиол нь онцгой байр эзэлдэг. Доктор Г.Д. XIX-XX зууны зааг үед гадаад орнуудаас Монголын уншигчдад зориулан гаргаж байсан сонин, сэтгүүлүүдийг эрж цуглуулан нийтлэлийн агуулгыг дэлгэрэнгүй тусгахын хамт Монголын ууган тогтмол хэвлэл, хувьсгалын эхэн үеийн сонин сэтгүүлийг нарийвчлан судалж, ховор баримт мэдээллийг анх удаа судалгааны эргэлтэнд оруулснаараа сэтгүүл зүй судлалд онцгой байр эзэлнэ. Мөн 1920-1970 оныг хүртэлх хувьсгалт хэвлийн хөгжил, төлөвшил, нийтлэлийн онцлог, ур чадвар, гол төлөөлөгчдийн нийтлэлд дүн шинжилгээ хийж, тоймлон гаргаснаас гадна “Хэвлэлийн онол, дадлага” (1983, Д.Үржинбадамтай хамтран) номонд Монголын ОНМХ-ийн системийн бүрэлдэн тогтсон онцлог, сонин хэвлэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн арга туршлага, хувьсгалт хэвлэлийн зарчим, үүрэг зорилтыг тодорхой жишээ баримтад тулгуурлан үзүүлж, нэгтгэн дүгнэснээрээ онцгой ач холбогдолтой юм. Доктор Г.Д. Монголын сэтгүүл зүй судлал, түүний дотор тогтмол хэвлэлийн судлалын эх суурийг тавьж, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гавьяатай эрдэмтэн. Тэрбээр нэрт сэтгүүлч, судлаач эрдэмтэн төдийгүй 1960-аад оны дунд үеэс Намын дээд сургууль, Марксизм-ленинизмийн оройн их сургууль, МУИС-д хичээл зааж, улмаар 1979-1990 оныг хүртэл МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийг толгойлж, сэтгүүлч боловсон хүчин бэлтгэхэд олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан сурган хүмүүжүүлэгч юм.