Чойбалсан сум
Чойбалсан сум
ᠴᠣᠶᠢᠪᠯᠰᠠᠩᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дорнод |
Сумын төв | Хулстай |
Газар нутаг | |
• Нийт | 10,152 км2 (3,920 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,700 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 21030 |
Чойбалсан (монгол бичгээр - čoyibalsang, чойибалсанг) — Дорнод аймгийн сум. Сумын төв нь аймгийн төв Чойбалсан хотоос хойш 55 км зайд оршино. Дорнод Монголын төмөр замын Хэрлэнгол өртөө тус сумын төвд байдаг. Уг сум нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нам, төрийн тэргүүн Хорлоогийн Чойбалсангийн өсөж төрсөн нутаг билээ.
Ерөнхий мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Төв нь Улаанбаатараас 711 км, Чойбалсан хотоос 55 км алслагдсан Хулст суурин. Сумын төвд маршал Х.Чойбалсангийн хөшөөг 2005 онд түүний мэндэлсний 110 жилийн ойгоор босгосон. Сумын төв Чойбалсан хотын эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдсан, төмөр замын өртөө, хилийн боомттой.
Бэлчээрийн үетэн, алаг өвс, хиаг, хялгана, харгана, жижиг бутлаг үетэн, улалж, дэрс зонхилсон хээрийн ургамалтай. Хэрлэнгийн хөвөөгөөр алаг өвс, үетэн, улалж бүхий нугын ургамал элбэгтэй.
Хэрлэнгийн дагуу бургасан шугуйтай. Нутгийн ихэнхийг Дорнод Монголын тэгш тал, гүвээ толгод эзэлдэг. Цувраа (970м), Сэргэлэн (899м), Их үнэгт (956м), Өлзийт (786м), Цагаан толгой (652м), Дунд Хярд (773м) гэх мэт уулстай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -22°С, 7 дугаар сарынх +21 °С, жилд дунджаар 200-280 мм тунадас унадаг. Яхь, Хярд, Хар нуур, Цагаан нуур, Хөх нуур гэх мэт нуур тойромтой. Нутгийн нь дундуур Хэрлэн гол урсаж өнгөрдөг. Карбонатлаг, мараалаг нимгэн, хар хүрэн хөрс зонхилдог. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, дорго, тарвага зэрэг ан амьтантай. Хээрийн.болон усны шувуу элбэгтэй. Дэлгэрмөнх, Найнги, Гурванбаян, Үнэгт, Буяндэлгэр, Хулстай, Баянхутаг зэрэг тахилгатай уул овоотой. Тус сум 2005 оны тооллогоор 2844 хүн амтай, засаг захиргааны нэгж 3 багтай. Мөн оны тооллогоор 69645 толгой малтай, үүний дотор тэмээ 597, адуу 10163, үхэр 7735, хонь 32495, ямаа 18755 толгой байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1931 онд хуучин хошуудыг татан буулгаж нэгтгэх, шинэ аймаг, сум, баг байгуулах ажил явагдах үед Очирсүмбэр, Дэлгэрмөнх, Баянталбай сумдыг нийлүүлж нэг сум болгон Давст сум гэж нэрлэжээ.
Энэ сум нь 1000 гаруй өрхтэй, 10 гаруй багтай нэлээд том сум болсон байна. 1935 онд орон нутгийн засаг захиргаа шинэчилсэн зарчмаар сонгох, түүний гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх ажил орон нутагт зохиож энэ асуудлаар Давст сумын төлөөлөгчдийн хурал хуралдаж, хурал дээр олон төлөөлөгчдөөс сумын нэр нь зохимжгүй байна, олонд алдаршсан хуучин гурван сумын ард олонд тааламжтай гурван газрын нэрээс адил тэгш оруулж сумаа нэрлэх нь зүйтэй гэж санал гаргасныг үндэслэн хурлаас сумын нэрийг хуучин Очирсүмбэр сумын нэрээс "Очир", Баянталбай сумын нэрээс "Баян", Дэлгэрмөнх сумын нэрээс "Мөнх" гэдэг нэрийг авч Очирбаянмөнх сум гэж нэрлэсэн байна. Энэ сум нь 15 багтай зохион байгуулагджээ. 1936 онд 15 багийн 1338 өрх аж ахуйтанд 131313 толгой мал байсан байна. Мөн онд сумын захиргааны нэг гэрт зуны түр сургууль (багш нь Дугар), 1937 онд мал эмнэлгийн салбар (бага эмч нь Хандын Дорж), 1938 онд хүн эмнэлгийн санитар салбар (эрхлэгч нь санитар Орших) байгуулагджээ. Дээрх түр сургууль нь 1940 онд сумын анхны бага сургууль болж 60 хүүхэдтэй, 8 эсгий гэр, нэг жижиг байшинд хоёр багш (Балганы Жамъян, Жүгдэрийн Доржпалам)-тай хичээллэх болсон байна. 1942 оны эхэнд зарим сумдын зохион байгуулалтанд тэгшитгэл хийх үед тус сумын 6 багийн 660 өрхийн 1970 хүн ам, 57500 гаруй малыг Гурванзагал суманд шилжүүлээд Очирбаянмөнх сум нь 9 багтай 748 өрх 54700 гаруй толгой малтай үлджээ.
1944 онд Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Очирбаянмөнх сумын нэрийгөөрчилж БНМАУ-ын хошой баатар, маршал Чойбалсангийн нэрээр нэрлэсэн байна. Тус суманд нэгдэлжих хөдөлгөөн эрчимтэй явагдаж 1937-1958 онд "Жаргалант амьдрал", "Хэрлэн цагаан талбай", "Гучин жил", "Хэрлэн", "Баяндэлгэр", "Дэлгэрэх" нэгдлүүд байгуулагдаж 1959 онд эдгээр нэгдлүүд нийлж нэгдэл нийгмийн 34519, гишүүдийн амины 28364 бүгд 62883 толгой малтайгаар нэг нэгдэл болж, нэгдлийн нэрийг "Хэрлэн цагаан талбай" (дарга нь С.Гомбожав) гэж нэрлэжээ.
Атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх зорилтыг МАХН-ын Төв Хорооны 1959 оны III бүгд хурлаас дэвшүүлсний үндсэнд тус суманд сангийн аж ахуй байгуулагдаж Хэрлэнгийн САА (дарга нь Т.Дагва) гэж нэрлэв. Шинэ байгуулагдсан САА-н ажилчин, албан хаагчид болон "Хэрлэн цагаан талбай" нэгдлийн нэгдэлчин олны санал хүсэлтийг харгалзан улс, аймгийн удирдах дээд байгууллагуудын шийдвэрээр 1961 онд САА, Нэгдэл хоёр нийлж сум, САА болж Чойбалсан сум, Хэрлэнгийн САА гэж нэрлэгдэх болсон байна. Уг САА нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг голлон эрхэлж, улсын фондын өвс бэлтгэх, гахай, шувуу өсгөх, аймгийн төвийг сүүгээр хангах чиглэлээр ажиллаж байгаад 1990-ээд оны өмч хувьчлалаар улсын мал, тариалангийн хөрөнгө техникийг аж ахуйн нэгж, хувь хүмүүст өгсөн. Сумын нутаг дэвсгэр нь 1015212 га, үүнээс бэлчээрийн газар 827316.2 га, хадлангийн талбай 31339 га, тариалангийн газар 7000 га байна.
Алдар Гавьяатнууд
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын маршал Хорлоогийн Чойбалсан
- Монгол Улсын Хурандаа Генерал Сандивын Равдан
- Монгол Улсын Гавьяат Нисгэгч Хурандаа Дугарын Цэрэндорж
- Монгол Улсын Арслан Тамжавын Балсан
- Монгол Улсын Арслан Учралын Дамчаа
- Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Ганпүрэвийн Пүрэвсүрэн