Jump to content

Баян-Уул сум (Дорнод)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баян-Уул сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠠᠭᠤᠯᠠᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Дорнод
Сумын төвЖавартхошуу
Газар нутаг
  Нийт5,623 км2 (2,171 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,800
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
21160

Баян-УулДорнод аймгийн 1924 онд байгуулагдсан сум. Баян-Уул сумын хүн ам 2017 оны байдлаар - 4654[1]. Дорнод аймгийн 14 сумаас хүн амын тоогоор 2 дугаарт (Хэрлэнгийн дараах) орно. Сумын нутаг дэвсгэр засаг захиргааны 6 багт хуваагддаг. Умард хэсгээрээ Орос улстай хиллэдэг.

Сумын төв Жаварт Хошуу нь Улаанбаатар хотоос 600 км орчим, аймгийн төв Чойбалсангаас баруун хойш 200 км зайд, Улз голын эрэг дээр оршино. Сумын иргэд ихэвчлэн өөрийн гараар барьсан дүнзэн байшинд амьдран сууна. Сум 4654 хүн амтай, халх, буриад ястан голлон амьдардаг. Сумын төвөөс баруун хойш 26 км зайд Эрээн тосгон бий.

Баян-Уул сум нь анх 1922 онд “Алхана сум” (дарга нь Д.Дондог) нэртэйгээр байгуулагджээ.1925 онд зарим буриад сумдын нэрийг хуучин хойт нутагт байсан нэрээр нэрлэж байсныг болиулж, өөрийн нутаглаж байсан газрынх нь нэрээр нэрлэх болсноор “Алхана” гэж нэрлэгдэж байсан энэ сум Баян Хан уулын сум (дарга нь Ц.Равдан) болж, эдүгээгийн тус сумын нутаг Эрдэнийн булаг, Доод Наанги, Баадай хөндий зэрэг газраар нүүдэллэн төвлөж байв. 1929 оны үед одоогийн Баяндун сумын Өвгөд уулнаас баруун тийш Улз голын дагуух суманд Бумбат, Дэлгэр уул, Баянзүрх, Паршин сумд нийлж “Тариалан сум” гэж нэрлэгдэх болсон байна. 1932 онд “Шинэ эргэлтийн бодлого”-ын заалтыг үндэслэн Тариалан сумыг дахин Баян-Уул (дарга нь Ц.Галдан, нарийн бичгийн дарга нь П.Цэвээн) гэж нэрлэж, одоогийн сумын төв Жаварт хошуунд төвлөрүүлжээ.

Энэ суманд 1923 онд Ойн аж ахуй (дарга нь Дамдин), 1924 онд Харилцан туслалцах хоршоо (дарга нь Ж.Цэрэн), 1925 онд бага сургууль (захирлыг нь Д.Дондог хавсарч байв), 1929 онд намын үүр (дарга нь Д.Дарьжав), 1934 онд мал эмнэлгийн салбар (эрхлэгч бага эмч нь Чимэдрэгзэн), 1938 онд хүний бага эмчийн салбар (эрхлэгч бага эмч нь Ц.Даржаа), 1939 онд гар үйлдвэрлэлийн артель (дарга нь Ц.Содов), 1941 онд сүү тосны завод (эрхлэгч нь А.Содномдагва), 1944 онд Эрээний тэрэгний үйлдвэр (дарга нь Д.Содномдаржаа), 1949 онд “Холбоо” нэгдэл (дарга нь Д.Сэрээтэр), 1950 онд Ононгийн сангийн аж ахуй, 1955 онд Холбооны газар (эрхлэгч нь Я.Рэнцэн) тус тус байгуулагджээ. Тус сумын хүний бага эмчийн салбар нь 1951 онд их эмчийн салбар (эрхлэгч их эмч нь Ц.Жалам) болж, бага сургууль 1944 онд бүрэн бус дунд сургууль болж өргөжин хөгжжээ. 1961 онд “Холбоо” нэгдэл татан буугдаж Ононгийн САА-тай нийлсэн байна. 1990-ээд онд САА, зарим албан байгууллагууд хувьчлагдаж, өмч хөрөнгө, мал нь хувьд шилжжээ.

Сумын малын тоо 82000 орчим толгой, үүнээс тэмээ 140 гаруй, адуу 9200, үхэр 13200, хонь 35000, ямаа 25000 толгой байна.

Газар зүй, ан амьтан

[засварлах | кодоор засварлах]

Сумын нутаг дэвсгэр нь 562278 га, бэлчээрийн газар 339145 га, хадлангийн талбай 45296 га, тариалангийн газар 16.5 га байна. Төв нь УБ хотоос 600 км, Чойбалсан хотоос 189 км алслагдсан Жаварт хошуу суурин. Сумын нутаг дэвсгэр нь Хан Хэнтийн их нурууны үргэлжлэл Эрээний нурууны төгсгөл хэсэг ойт хээр, тал хээрийн бүсийн заагт орших байгалийн бүрдлийг төлөөлөхүйц үзэсгэлэнт нутаг. Дун уул (1434 м), Онцгой уул (1425 м), Бүрэнхаан уул (1438 м), Баруун хар чулуу (1344 м), Баян хан уул (1299 м) гэх мэт 35 орчим уултай, Онон, Улз, Хархираа, Эрээн урт зэрэг гол, Холбоо, Хар нуур зэрэг том, жижиг нуур тойромтой.  Ууланд нь нарс, хар мод болон хэдэн төрлийн навчит мод ургадаг. Сүүлийн хориод жилд Улз голын урд шилээр залуу нарсан ой өргөжин тэлж байна. Энд буга, хүдэр, бор гөрөөс, гахай, баавгай, хэрэм, шилүүс, дорго, илбэнх, чоно зэрэг ан амьтан элбэг бий. Ой модонд мойл, гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаагана, нэрс, долоогоно, чацаргана зэрэг жимс, жимсгэнэ, мөөг, сонгино, жууцай, мангир таана зэрэг амтлагч ногоо элбэгтэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1-р сарын дундаж температур -22-24 С, 7-р сарынх +18-20 С, жилд дунджаар 300-350 мм тунадас унадаг.

Алдар Гавьяатнууд

[засварлах | кодоор засварлах]

Халхын гол, чөлөөлөх дайны ар тал

[засварлах | кодоор засварлах]

1939 онд одоогийн Ульхан боомтоос баруун урагш 5 км орчим газар Монгол нэр нь Царам, ЦАРМ буюу /Централный авто ремонт машин/ төв засварын газар байжээ. Ульханаас Чойбалсан хот хүртэл тавигдсан сайжруулсан шороон засмал зам бий энэ замын дэргэд ЦАРМ, зэвсэг, шатахуун, хүнс, хувцас зэрэг агуулахууд байсан.

Халхын голын Хамар давааны орчимд Георгий Жуковын командын байр болон , окоп, тулгуурт байр, Талын хөндлөн, Тамсаг булгийн нисэхийн хороо эскадрилын барилга байгууламж байр зэргийг хийсэн модон материал нь ЦАРМ-д үйлдвэрлэсэн /одоогийн Бавж Барас ХХК байрладаг, хуучин хөрөө рамын суурин дээр нь хөрөө рам болон бусад тоног төхөөрөмж суурилуулсан/.

Өвөр Дархинтын Госпитал жалганд Оросын цэргийн хээрийн эмнэлэг, Өвөр Дархинтын нисэх онгоцны буудал нь байлдааны онгоцны нөөцүүд нь энд байрладаг ба баруун талд /одоогийн Сайжрахын нарс гэж нэрлэгдсэн/ тэр үед энэ нарсан дотор нисэхийн дарга нарын байр байсан.

Дархинтын цагаан нуурын зүүн хойд талд нарийн болон бусад хүнсний ногооны 10 га орчим талбай, одоо ч ул мөр нь бий.

1950, 60 оны үед Лодонгийн Дандар баатар ЗИС-5 машинаар Дархинтын даваа болон Эрээн даваагаар модны тээвэрт явдаг байсан.

Ар Дархинтын Шинэстэй гэдэг аманд цэргийн хүнсний зориулалтаар гахайн ферм байсан /одоо Гахай жалга гэх нэршил үүссэн/, Царамаас баруун тийшээ 20 км орчимд Онон голруу түрж орсон гацааг сэтэлж / одоогийн Хясуу гэх нэршил үүссэн/ зам тавьснаар,Өвөр Дархинтаас хүнсний ногоо, Ар Дархинтаас гахайн мах болон бусад бүтээгдхүүн тээвэрлэдэг байжээ.

Баян-Уул суманд одоогийн хонхрын дэлгүүрын цагаан байшин нь шатахуун түгээгүүрийн газар болон цувааг нэвтрэн өнгөрүүлэх цэг /точка/ байсан, Цагаан-Овоо сумаас хойш 10 орчим км газарт бас адилхан байшин,шатахуун түгээгүүрийн цэг, Оросын улс төрийн болон эрүүгийн хоригдолуудын байр, Эрээн нурууны Засмал давааны ард Ар Хөндлөнгийн гүүрийн хажууд улс төрийн болон эрүүгийн хоригдолуудын байр байсан.

Баян-Уул сум дайны ар тал

1934-1939 онуудад БНМАУ-ын зүүн хязгаарын хилээр тухайбал Буйр нуур, Булан дэрс, Адаг дулаан, Халхын гол орчмоор Японы өдөөн хатгалгаар Япон Баргын цэргүүд удаа дараа хил зөрчиж анхаарлыг өөр дээрээ татаж байснаар Японы тагнуул туршуулын тасаг салаа нь Халхын голын районы газар орны байдлыг тагнан туршиж геодез зурагзүй болон бусад хайгуул судалгааны анхан шатны тандалтуудыг хийж байв.

Анхан шатны тандалт судалгаандаа тулгуурлан Халхын голын бүс нутагт 1936 оны 11-р сард Адаг дулаанаар хуягт танк нисэх онгоц зэрэг механикжсан Япон цэргийн хамгаалалттай нарийвчлсан хайгуул судалгааны анги нь булаг шандны усны бүтэц найрлага, хөрсний болон ургамлын бүрхэвч ашигт малтмал, газрын тос зэргийг судлахаар хил зөрчин орж ирсэнийг БНМАУ-ын хилчид, нисгэгчид сөнөөж устгасан.

БНМАУ-ын зүүн хязгаар Халхын гол орчмоор Япон эзлэн түрэмгийлэгчид довтлох нь гарцаагүй болсноос үүдээд ЗХУ нь 1935 оноос Чита хотоос Баянтүмэн, Баян-Уулаас Өндөрхаан хүртэл сайжруулсан шороон хучилттай зам тавих ажлыг эхлүүлэв.

Цагаантаны үлдэгдэл, ардын дайсан, нударган баячууд, хувьсгалын эсэргүү, Троцкийг дэмжигч, эрүүгийн гэмт хэрэгтнүүд зэрэг нэр заагдсан хоригдлуудын хүчийг ашиглан зам тавьжээ.

Дайны ар талыг бэхжүүлэх бүтээн байгуулалтаас ЦАРМ 1, цармаас урагш замын дагуу зүүн тал руу эгц хөндлөн 2 км зам энд зэвсэг, хувцас, шатахууны нөөц зэрэг нууц агуулахуудыг байгуулж 2, урагшаа 5 км орчим яваад Ар хөндлөнгийн гүүрийн зүүн талд шохойн бааюу, нарийн мужааны эсгүүрийн цех, модыг дүнзлэх токарь, төмөр замын дэр мод зүсэх хөрөө зэрэг суурь машинуудын цех байгуулагджээ ЦАРМ-аас банзаа энд авчирч бүтээгдхүүн үйлвэрлэдэг байжээ үйлдвэрлэгдсэн бүтээгдхүүнүүдийг Баянтүмэн, Тамсаг булаг, Талын хөндлөн, Баян-Уулын Замын анги, усны аж ахуй, цэргийн казарма, офицер, инженер техникчдын орон сууц, зочид буудал, гуанз, талхны газар холбооны байр /сүүлд өндөр настны байр байсан үүнтэй адилхан 2 байшин нийт 3/, штабын байр, клуб, хүүхдийн цэцэрлэг, сургууль, Хүн эмнэлэг, мал эмнэлэг, шатахуун түгээгүүрийн, газар төмөр замын төв вокзал гээд бүхэл бүтэн сум районы дайтай байгуулагджээ 5-н нисэх онгоцны буудал байгуулагдсан Тамсаг булаг, Талын хөндлөн, Баянтүмэн, Өндөрхаан, өвөр Дархинт дээр нь Холбоо нуурын нисэх буудал, сумын урд Бэрхийн голын дагуу нисэх буудал / соц нийгмийн үед энэ нисэх буудлыг ашиглаж байсан АН-2 онгоц, одоо ч ашиглахад бэлэн / нийт 7, нарийн төмөр замын төв вокзал Баян-Уулаас Баянтүмэнгээр дайран Тамсаг булаг, Тамсаг булгаас Матад төмөр замын далан барьж төмөр зам тавьж байжээ 3.

Чита хотоос 80 км тутамд баригдсан шатахуун түгээгүүрийн байшин / байшингийн орчимд газар дор ёмкостиудыг булж байрлуулсан, Баян-Уулын байшингийн хажууд газар дор булаатай байгаа ёмкостиуд одоо ч байгаа бусдыг авсан Цагаан-Овоо сумын нутаг Зэгэстэйн байшин, Батноров сумын нутагт одоо балгас болсон/ Баян-Уул сумын баруун урд нарсан дотор байсан нөөцийн шатахуун хадгалах газраас цистер машинууд төмөр замын ачаа ачих буулгах өртөө рүү зөөж аваачих зорилгоор сумын баруун хаалганаас баруун тийш 1 км орчимд төмөр замын даланг ачаа ачих буулгах зориулалтаар далан нам хэсэгтэй байгуулжээ 4.

Замын анги нь зам тавихаас гадна явган маршаар явах цэргийн түр амрах байрыг 15 км тутамд байгуулсан /жишээ Хархираагийн гүүрний зүүн талд байх улаан тоосгон балгас/ 5

Дээрх барилга байгууламж, модон бүтээгдхүүн боловсруулах мод бэлтгэх зэрэг зохицуулалтыг Баян-Уул сумын Ойн анги нь орос мэргэжилтний туслалцаатай гүйцэтгэж байсан 6.

Усны аж ахуй нь Баян-Уул сумаас баруун хойд зүгт 12 км газар Хужир толгой нуураас эхлэн Улз гол хойд талд гол уруудан зүүн тийш Баяндун сумын Тээгийн булан хүртэл 30 гаруй нууц худгуудыг байгуулсан / одоогийн байдлаар Хужир толгой, Трактор хошуунд байх 2 худгийг айлууд ашиглаж байна мөн соц нийгмийн үед үтрэмийн худгийг ашиглаж байсан, энэ худаг нь төмөр замын төв вокзалын худаг байжээ.

Клубын байрыг 1970 он хүртэл Баян-Уул сумын Онон САА кино болон бусад соёлын арга хэмжээнд ашиглаж байжээ.

Холбооны 3 байр нь армийн бүх анги нэгтгэлүүдтэй холбогдсон байжээ / социйн үед өндөр настны нийгэмлэг, орон сууцны зориулалтаар ашиглагдаж байсан/

Хүн эмнэлэгийн байрыг нь 1947-1964 он хүртэл зориулалтаар нь ашиглаж байв 7.

Мал эмнэлэгийн байрыг 1947-1991 он хүртэл зориулалтаар нь ашигласан.

Сургууль цэцэрлэгийн байруудыг задалж зөөвөрлөн сумын төв хэсэгт аваачин цэцэрлэг ясли, сургуульд хичээлийн байр хүүхдийн дотуур байр зэрэгт ашиглаж байсан /одоо нэг цагаан корпус, яслийн байр нь хүүхдийн цэцэрлэг хэлбэрээр ашиглаж байгаа/

Зочид буудал нь 1947-1980 он, гуанз нь 1947-1984 он, талхны газар нь  1947-1995 он хүртэл ашиглаж байсан 8

Дээрх мод ашиглахтай холбогдон 1931 онд байгуулагдсан Ойн ангийн ашиглаж байсан байшин одоо ч айл ашигласаар байна.

Зүүн ар булаг гэж нэрлээд байгаа БТ-5 танкын рот нь зүүн нарсан дотор хойд хэсэгт нь танкийн нуувчууд бий урд хэсгээр нь хамгаалалтын нуувчтай батальон харуулын үүрэг гүйцэтгэж байсан 9, зүүн ар булгийн баруун өндөр, сумын урд 11 нарсны урд орой, шатахууны нөөцийн газрын урд орой дээгүүр агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зенитийн батарейн сууриуд, Холбоо нуурын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах сөнөөгч И-15, И-16 онгоцны эскадрил зэрэг хамгаалалтын анги нэгтгэлүүд хамгаалж байсан 10.

Өвөр Дархинтын нөөцийн нисэх онгоцны буудал, баруун талын аманд нь цэргийн амралт госпитал, нарийн ногооны талбай, Баян-Уулын төмс, хүнсний ногоо тариалах талбайд тарьж, Улз голоос хүрдээр усыг ногооны талбай руу суваг татаж усжуулж байсан 11.

Ар Дархинтад төмс хүнсний ногоо тариалж, ар Үнэрчид байцаа бусад нарийн ногооны парник байгуулж өсгөвөрлөдөг байжээ мөн ар Дархинтын Шинэстэйн аманд гахайн ферм байгуулж, ачааны машинаар өвөр Дархинтын нисэх буудалд хүргэж ачааны болон байлдааны ТБ-3 онгоцоор Баянтүмэн, Тамсаг булаг, Талын хөндлөн, Өндөрхаан зэрэг байлдааны анги нэгтгэл, нисэхийн ангиудыг хоол хүнсээр ханган хүргэж өгдөг байжээ. Ар Үнэрчийн хүнсний аж ахуй нь улаан буудай, төмс зэргээс хүнсний болон техникийн спирт үйлдвэрлэн гаргаж авдаг байсан 12 мөн Онон голын хойд талд байдаг орос монгол айлууд болон одоогийн ОХУ-ын хил дээрхи Гавань тосгон хамтралаас сүү, цөцгий, цөцгийн тос зэргийг зөөвөрлөхөд зориулан Онон голын Чулуутын гармыг нээж дээр нь бярвааз тавьж, гол татуу үед усаар гол гатлаж зөөвөрлөж байжээ 13.

Эдгээрийг 1945 оны чөлөөлөх дайны үед улам өргөжүүлэн ашиглаж байжээ.

1935 оноос зам барилга байгууламжуудыг барьж 1936 оны 3-р сарын 12-ны өдрийн БНМАУ, ЗХУ-ын харилцан туслалцах гэрээ протоколд гарын үсэг зурсанаар хамгаалалтын болон байлдааны анги нэгтгэлүүд Монголд орж ирсэн.

Энэ ар талын хангамж бэхжээгүй буюу байгаагүй бол Халхын голын районыг Японд алдах байсан гэж үзэж байна.

1941 оны 6-р сарын 22-ноос 1945 оны 5-р сарын 9-ныг хүртэл 1936 оны 3-р сарын 12-нд байгуулсан гэрээ протоколдоо үнэнч шударга байснаараа 1945 оны 5-р сард болсон Ялтын уулзалтаар холбоотнууд БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах тухай хурлын дараа дорно зүгт Японы милитаристуудаас Азийг чөлөөлөхөд БНМАУ-ыг татан оролцуулахад БНМАУ-д механикжсан тээвэр хөгжөөгүйг тооцон ердийн хөсгөөр цэргийн болон улс ардын аж ахуй хэрэгцээнд тээвэр хийх шаардлагаар 1945 оны 6-р сард партизан Содномдаржаагаар ахлуулсан бүлгийг эхний ээлжинд нутгийн буриад дархчуудын хүчийг ашиглан Эрээн нуруунд тэрэгний үйлдвэрийг байгуулж тэрэгний дугуйг тачанк тэрэгний дугуйн технологийг ашиглан байгуулжээ. Эрээний тэрэгний үйлдвэрийг БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулахад чөлөөлөх дайны оролцоог харгалзан тусгаар тогтнолын билэг тэмдэг гэж үзэж болох үйлдвэр юм.