Булган сум (Дорнод)
- Булган сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Булган сум
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дорнод |
Сумын төв | Өндөрхошуу |
Газар нутаг | |
• Нийт | 7,111 км2 (2,746 бээр2) |
Хүн ам (2020) | |
• Нийт | ▲ 2,146 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 21090 |
Булган (ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ) — Монгол улсын Дорнод аймгийн сум.
Товч түүх
[засварлах | кодоор засварлах]Ардын Засгийн газрын 1923 оны 10-р сарын 23-ны өдрийн 32-р тогтоолоор хуучин засаг захиргааны нэгжийг өөрчлөн байгуулахад Баруун их сумын суурин дээр Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан-уулын хошууны “Баян Булган” сум 1931 онд үүсэн байгуулагджээ. Дорнод аймаг 1931 онд анх 24 сумтай байгуулагдахад 13 багтай, 700 гаруй өрхтэй, 1500 хүн амтай 80 мянган малтай “Шинэ Булган” сум зохион байгуулсан түүхтэй.
Тус сум нь зүүн хойд, зүүн талаараа Баянтүмэн сум, зүүн урдуураа Матад, урдуураа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, баруун талаараа Хөлөнбуйр, баруун хойгуураа Цагаан-овоо сумтай тус тус хиллэдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 600, аймгийн төв Чойбалсан хотоос 50 км зайтай. Тус сум нь 711,1 мянган га нутаг дэвсгэртэй. 510 өрх, 1775 хүн амтай. Нийт 42,8 мянган малтай. Мал аж ахуй, газар тариалан зонхилон эрхэлдэг.
Аймгийн төвөөс эрчим хүчээр хангагдсан, Мянганы замын дагуу зах зээлд ойрхон дэд бүтэц хөгжих боломжтой. Өвөр уртын булаг, Бага уулын шанд, Туг уул, Эрхтийн бүрд, Булган уул зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Өвөлдөө -7 хэмээс –38,5 хэм хүртэл хүйтэрч зундаа +14,5 хэмээс +25,7 хэм хүртэл халдаг. Жилийн хур тунадас дунджаар өвөлдөө 4 мм, зундаа 3 мм хүртэл байна. Бэлчээрийн зонхилох ургамал: Хиаг, хялгана, агь Чоно, хярс, мануул, үнэг, дорго, тарвага, зурам, туулай, зээр, бор гөрөөс, элээ, хэрээ зэрэг ан амьтад, жигүүртэнтэй. Нутгийн иргэд Булган уул, Норовлин, Жавхлант, Мөнх, Хүүхдийн овоо, Туг, уул зэрэг овоог тахиж шүтдэг.[1]
Газар нутаг
[засварлах | кодоор засварлах]Сумын төв Өндөрхошуу. Дорнод аймгийн төв Чойбалсангаас 50 км, улсын нийслэл Улаанбаатараас 600 км зайтай.[2] Нийт 7111 км кв нутагтай. Засаг захиргааны нэгжийн хувьд Өндөрхошуу, Хулсаншанд, Баян-Уул, Чулуут гэсэн 4 багтай
Алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- С. Жамъян- Гүн, Ардын Засгийн Гэгээрлийн Яамны анхны сайд, /Д.Сүхбаатарын анхын номын багш/
- Гомбодоржийн Жамъян - Алдарт морин хуурч, Ардын Жүжигчин, төрийн соёрхолт, зууны манлай морин хуурч,
- Моононгийн Баяр - Улаанбаатар хотын анхны захирагч,
- Дамдины Намсрай – Монгол Улсын Тээврийн Яамны анхны сайд, / 1940-1948 он/ шатрын спортын ууган мастер, сурын спортын мастер,
- Тасрангийн Балдан – Монгол Банкны Ерөнхий Хорооны анхны дарга /1940 он/, “улсын мэргэн” харваач,цолтой, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн,
- Жигмидийн Алтангэрэл – Сангийн сайд /1925-1927 он /,
- Сэнгийн Цэвээнсүрэн - 1924 оны анхны Үндсэн хууль батлалцсан,
- Мятавын Гэндэн – Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, “Эх оронч”,
- Сүхбаатарын Баяр – Дорнод аймгийн дарга 1931-1934 он,
- Доржийн Жигжид – Ахмад дайчин хүндэт хилчин,
- Сүхбаатарын Жадамбаа – эдийн засгийн ухааны дэд доктор,
- Донойн Пүрэв – Шүүх Яамны сайд 1972-1978 он, Унгар Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1978- 1981 он, хууль зүйн ухааны дэд доктор,
- Алтангэрэлийн Дашнамжил – Төр нийгмийн зүтгэлтэн, Дорнод аймгийн номын сангийн анхны үүсгэн байгуулагч.
- Сэдийн Дугарсүрэн – анагаах ухааны доктор, хүндэт профессор, хүний их эмч,
- Пэрэнлэйсамбуугийн Дорждэрэм – химийн ухааны дэд доктор, шатрын спортын дэд мастер,
- Гомбожавын Очирваань – анагаах ухааны дэд доктор, хүний их эмч, хурандаа цолтой,
- Тогоочийн Ойжины Загдхорлоо – анхны шүхэрчин эмэгтэй, Монголын түүхэнд анх удаа шүхрээр буусан эмэгтэй,
- Самбуугийн Лхам – мото спортын мастер,
- Цэвээний Жүгдэр – шатрын спортын мастер,
- Шаравын Пүрэвжав - – шатрын спортын мастер,
- Санк – радио спортын олон улсын хэмжээний мастер,
- Жамъангийн Цолмон – буудлагын спортын мастер,
- Бавуугийн Шагдар – Улсын тэргүүний сайн малчин,
- Доржийн Дэндэв – анхны мянгат малчин
- Жигжидийн Нина – Монгол Улсын аварга саальчин
- Гомбо Оюунсүрэн - Монгол Улсын аварга малчин
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ [dornod-library.mn] Дорнод аймгийн төв номын сан – БУЛГАН СУМ
- ↑ [dnews.mn] Дорнод аймгийн цахим сонин – Булган сумын танилцуулга (Memento 1. Аравдугаар сар 2013 цахим архивт)