Jump to content

Гэндэнгийн Цэдэнбал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Гэндэн Цэдэнбал-с чиглүүлэгдэв)
Архангай аймгийн Өгийнуур сумын харъяат Аймгийн Хурц, Бадрангуй арслан Г.Цэдэнбал

Гэндэнгийн Цэдэнбал (1928-1998 он) нь Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул бөгөөд 1928 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Заяын шавь /Цэцэрлэг мандалын аймгийн Орхон голын сум /1923-1931/, Архангай аймгийн Хотонт сумын 4-р баг /1931-1952//, одоогийн Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг Зэгстэй баг, "Ар дугуй /Арван гэрийн бууц/" хэмээх газарт Нонпилийн охин Даваажавын отгон хүү болон мэндэлжээ. Аймгийн арслан /өнөөгийн "Хурц, Бадрангуй" арслан/ цолтой бөх. "Монгол бөхийн нэвтэрхий толь" /2013 он/-ийн 470 дахь талд тэмдэглэснээр /"Өлзийт сумын харъяат" хэмээн ташаарсан байдаг/ тэрээр аймгийн наадамд 3 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэж, 1 удаа 4-т үлдсэн байна. Социалист нийгмийн үед Булган, Сэлэнгэ аймгийн нутагт малын эмчээр томилогдон ажиллаж байсан ба нутгийнхан нь түүнийг "Монхор" Цэдэнбал хэмээн авгайлна.

Сонирхолтой түүх

[засварлах | кодоор засварлах]

1950-аад оны үед Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан нэгэн наадамд дархан аварга Ш.Батсуурь (тухайн үед улсын аварга цолтой байсан), улсын арслан "Боохой" хэмээх Д.Данзан нарын тэргүүтэй алдар цуутай бөхчүүд барилджээ. Тус наадмын шөвгийн 4 бөх шалгарч үлдэхэд "Боохой" Д.Данзан арслан аймгийн арслан Г.Цэдэнбалтай барилдсан бөгөөд Г.Цэдэнбал түрж хөөхөд "Боохой" Д.Данзан арслан ард байсан засуулдаа тулав. Энэ үед Г.Цэдэнбал "салтаадаж" өргөж давсан бөгөөд үзэгчид дахин барилдуулъя гэхэд нь "Боохой" Д.Данзан арслан: "...бяртай хүн бяртай хүндээ уналаа..." гээд тахимаа өгөв. Төд удалгүй "Боохой" Д.Данзан арслан аймгийн арслан Г.Цэдэнбалыг дагуулан Ш.Батсуурь аваргын байгаа асар руу очив. Тэр үед "Боохой" Д.Данзан арслан гансаа гаргаж нэрээд монгол гутлынхаа түрий рүү хийхдээ "...энэ наадамд "төмөр дэгээ" зэвэрсээн..." гэж хэлээд босч явжээ. Тэгээд үзүүр түрүүний барилдаан эхлэхийн өмнө "Боохой" Д.Данзан арслан өөрийнхөө монгол гутлыг Г.Цэдэнбалд өмсүүлж "...за, цаадхыгаа бариад авахаар дэгээ ороогоод, гараараа эрүү рүү нь сайн түлхээд байдаг юм шүү..." гэж захижээ. Ингээд үзүүр түрүүний хоёр бөх барилдаж эхлэхэд дархан аварга Ш.Батсуурь "Боохой" Д.Данзан арслангийн хэлсэн ёсоор бариад авахад нь дэгээ ороогоод эрүү рүү нь шуугаараа түлхээд л байж. Тэгж тэгж Г.Цэдэнбал давж дархан аварга Ш.Батсуурь унах нь тэр. Дархан аварга Ш.Батсуурь босч ирээд "....энэмуу "Боохой" л зааж өгсөн дөө!..." гэж хэлсэн гэдэг. "Боохой" Д.Данзан арслан өөрийнхөө гутлыг Г.Цэдэнбалд өмсүүлсний учир нь том гутлаар дэгээ ороовол дэгээ эс мултарна гэж тооцоолсон хэрэг байжээ.

Он Амжилт Бөхийн тоо
1951 Сэлэнгэ аймгийн наадамд улсын начин Х.Дашзэвэгээр 7 давж “Аймгийн арслан” цол хүртсэн. 128
1952 Сэлэнгэ аймгийн наадмын 7-ын даваанд Булган аймгийн арслан Ж.Ядамсүрэнд өвдөг шороодож үзүүрлэсэн. 128
1953 Сэлэнгэ аймгийн наадамд аймгийн арслан Д.Цэдэвээр 7 давж түрүүлсэн. 128
1955 Сэлэнгэ аймгийн наадамд 5 давж 4-т үлдсэн. 128
1955 Булган аймгийн наадамд аймгийн заан Н.Мягмараар 7 давж түрүүлсэн. 128

Нэмэлт мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]

Г.Цэдэнбал арслан эхээс гурвуул. Ах Г.Самбуу, эгч Г.Долгор. Төрсөн ах Г.Самбуу нь /нутгийнхан “шаадай Самбуу” гэж авгайлна/ 15 настайдаа /1930-аад оны эхэн үе бололтой/ одоогийн Батцэнгэл сумын нутагт болсон уул тайлгын наадамд барилдаж түрүүлсэн байдаг. Үзүүр түрүүнд улсын цолтой хүчтэнтэй таарч барилдан давахад нь нутгийн нэгэн хөгшин ихэд баярлан “ээ гялай, ээ гялай” хэмээн алгаа ташиж байсан юм гэдэг. Нутгийн ахмад настан “мужаан” Бадам /нутгийнхан “Бадамхай” гэх нь бий/: “... “шаадай” гуай нарын нутгийн залуус худгаас морь услаж байх үед тэрээр нэгэн хар морийг барьж авч өвчүү болон гэдэс дороос нь дээш өргөсөн юм. Тэгтэл сахь морины амнаас ус олгойдож билээ...” хэмээн дурссан байдаг. Г.Самбуу нь 1939 оны Халхын голын дайнд татагдан оролцож яваад амь үрэгдсэн байдаг.