Jump to content

Гэсэржавын Маш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гэсэржавын Маш

Гэсэржавын Маш (1948-2021) нь Монголын кино урлагийн “Алтан үе”-ийн уран бүтээлч, кино дэлгэцийн нэрт оператор, дүрсний найруулагч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн (МУУГЗ) юм.

Тэрбээр 1948 оны 4-р сарын 10-д БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хурандаа Г.Бумцэндийн зээ хүү, Г.Гэсэржав Б.Должинжав нарын 5 хүүхдийн нэг болон Улаанбаатар хотноо мэндэлжээ. Г.Маш нийслэлийн 2-р 10 жилийн бүрэн дунд сургуулийг дүүргээд 1966 оноос 1973 он хүртэл Монгол кино үйлдвэрт гэрэлтүүлэгч З.Маамхүүгийн дагалдан туслахаар ажиллаж байхдаа “Төөрсөөр төрөлдөө” кинонд морь маллагч, туслах оператор болон туслах гэрэлтүүлэгч, “Хил дээр”, “Өндөр ээж” киноны гэрэлтүүлэгч, туслах оператоор ажиллаж байв. Тэрбээр Монгол Кино Үйлдвэрт 17 настайдаа хөл тавьж адуу маллагч, туслах ажилтан, засварчин, камерын техникч, туслах оператороос өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээр ерөнхий оператор хүртэл Монголын кино урлагт 50 жил зүтгэж олон арван шавь бэлтгэсэн жинхэнэ уран бүтээлч юм.

Сурагчийн ширээнээс босоод удаагүй, бүрэн дунд боловсролтой залуухан Г.Машийн хичээл зүтгэл, дур сонирхол, авьяас чадварыг нь үнэлж 1969 онд туслах оператор болгож МУУГЗ, Кино найруулагч Р.Доржпалам, нэрт кино оператор Д.Баттулга нар МУ-ын Төрийн шагналт зохиолч Ч. Лодойдамбын “Тунгалаг Тамир” романаар хийсэн Монголын анхны өргөн дэлгэцийн кинонд 2-р оператороор (нарийн дэлгэцийн зургийг авсан) ажиллуулж их итгэл хүлээлгэснээр барахгүй БХКУДС-д элсэхэд нь ихээхэн дэмжлэг үзүүлжээ . Гэсэржавын Маш нь 1973 оноос 1978 он хүртэл Москва хотын Бүх холбоотны кино урлагийн дээд сургуулийн РСФСР Б.И.Волчек, Т.Г.Лобавагийн урланд суралцаж оператор мэргэжил эзэмшсэн юм. Суралцаж байх хугацаандаа буюу 2-р курсдээ "Мартагдашгүй намар" киногоор курсийн ажлаа хамгаалж, 3-р курсдээ “Зочин” хэмээх бүтээлээрээ "Шилдэг зураглаач" шагнал хүртэж байжээ. 1978 онд төгсөх курсийн оюутан Г.Машийг МУУГЗ, кино найруулагч Равжаагийн Доржпалам “Тэнгэрийн муухай арилдаг” кинондоо зураглаачаар ажиллуулж, уг киногоор дипломын ажлаа "Онц" дүнтэй амжилттай хамгаалсан нь Монголын киноны зураглаачдын оргил болсон эрхэм хүний мэргэжлийн анхны гараа байсан юм. Түүнийг энэ их урлагт хөл тавихад харааг хурцалж мэдрэмжийг нь хөгжүүлсэн анхны багш бол түүний аав Г.Гэсэржав юм. Аавыгаа даган зураг авч сурсан нь сурагч Машийг “Алтан үеийнхэн”-ийг хальсанд мөнхөлж, Монголын кино урлагийн дүрслэлийн мастеруудын томоохон төлөөлөл болсон урлагийн зүтгэлтэн болоход ихээхэн нөлөөлжээ.

Монголын кино урлаг 1978-2010 онд эрчимтэй хөгжиж, жилдээ 5-7 уран сайхны, 88 бүлэг баримтат кино, кино мэдээ сэтгүүлийн 24 дугаар, гадаадын 40 киног эх хэлнээ хөрвүүлэн кино үзвэрийн хэрэг эрхлэх газраар дамжуулан хот хөдөөгийн 30 гаруй суурин ба хагас суурин, нүүдлийн 500 гаруй цэгт хүргэж үйлчилдэг кино үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээний томоохон салбар болжээ. Тухайн цаг үед нэг намын үзэл суртал ноёрхож уран бүтээлчийн чөлөөтэй туурвих сэтгэлгээ хаалттай байсан хэдий ч уран бүтээл хийхэд төр засгаас ихээхэн дэмжиж, шаардлагатай хөрөнгө санхүүг гаргаж өгдөг байсныг дурьдах нь зүйтэй. Ийм л цаг үед, тухайлбал 1978 онд Г.Маш анхны бие даасан уран бүтээл болох “Тэнгэрийн муухай арилдаг“ бүрэн хэмжээний уран сайхны киногоор дипломоо "онц" дүнтэй хамгаалан БХКУДС-ийн кино теле операторын диплом өвөртөлсөн шинэхэн оператор МКҮ-тээ эргэн иржээ. МКҮ-ийн кино найруулагч Б.Жамсран шинээр бүтээх уран сайхны бүрэн хэмжээний “Тууврын замд” киноны ерөнхий оператороор залуу оператор Г.Машийг урьсан бол 1980 онд залуу кино найруулагч Ж.Сэлэнгэсүрэн Монгол-Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааг харуулсан “Эхлэл” уран сайхны киноны ерөнхий оператороор ажиллуулах хүсэлтийг түүнд тавьсан юм.

Түүний мэдрэмж, чадваруудыг цөөн хэдэн киноноос харвал, “Тууврын замд” уран сайхны кинонд хангай нутгийн үзэсгэлэнт байгаль, тал дүүрэн бэлчих мал сүргийг кадр дүүрэн зохиомжилсон ерөнхий план камер дурангийн намдуухан хэмнэл хөдөлгөөнөөр өнгө гэрлийн зохицолд нийцүүлэн авсан нь Г.Маш операторын өвөрмөц арга барил, авьяас чадварыг нээн харуулсан бүтээлийн нэг болсон юм. Энэ киноны гол баатруудын гадна төрх, тэдний дотоод сэтгэлийн хөдлөлийг "крупный план"-аар тод томруун харуулсан нь найруулагчийн тавьсан кадрын хөдөлгөөн мизансценаг камерын хөдөлгөөнөөр, панорам дурангийн татах түлхэх хөдөлгөөнийг хавсран маш жигд нягт, нэгээс нөгөө рүү шилжсэн урт планаар авсан нь тухайн орчин нөхцөлд үйл явдлыг үнэмшилтэйгээр үзүүлэх операторын оновчтой шийдэл байжээ. Г. Маш 1979 онд найруулагч Ж.Сэлэнгэсүрэнтэй хамт Монгол- Зөвлөлтийн найрамдал, нөхөрлөл хамтын ажиллагаа, Эрдэнэтийн их бүтээн байгуулалтын нэгээхэн хэсгийн ажил үйлсийг харуулсан “Эхлэл” уран сайхны киноны ерөнхий оператороор ажиллажээ. “Эхлэл” киноны бүтээн байгуулалтын үйл явцыг баримтат киноны арга барилаар сонирхолтой зохиомж, камер дурангийн хавсарсан оновчтой хөдөлгөөн, өргөн булантай фокусын зай багатай дуран, доод дээд ракурс голчлон хэрэглэсэн, мөн үйл явдлын зөрчилтэй хэсгүүдэд гар дээрээс дагах хөдөлгөөн хийсэн нь операторын оновчтой шийдэл болжээ. Энэ киноны ихэнх хэсгийн буюу бараг 90 хувийн зургийг натурт байгалийн гэрэлтүүлгээр, нийт зургийн 95 хувийг гар дээрээс авсан байна. Г.Маш оператор өглөө эртийн ба оройн нарны гэрлийг ашиглан крупный, средний планд подсвет хэрэглэсэн нь тухайн дүрүүдийн характер болон дотоод сэтгэлийг гаргах гэрлийн оновчтой шийдэл болсон нь харагддаг. “Тууврын замд”, “Эхлэл” кинонуудыг хар цагаан хальсаар экспозице өнгө гэрлийн тавилтыг зөв оновчтой шийдсэн нь жинхэнэ “тос даасан” бүтээл болжээ.

Г.Маш нь 2005-2000 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын CDF телевизийн ARTE сувагт урилгаар 6 жил ажиллаж, бүрэн хэмжээний 15 баримтат кино бүтээжээ. 1994 онд болсон Монголын кино урлагийн анхны "Кино наадам"-аас "Гарьд магнай" киногоор Шилдгийн шилдэг операторын шагналыг хүртэж байв. Түүнээс гадна Дэлхийн киноны 100 жилийн ойн фестивальд 3800 кино оролцсоноос "Догшин хутагтын сахиус" УСК 31-р байр эзлэсэн бол "Тэрэгчин хүү", "Хүнд ачаа" зэрэг бүтээлүүд нь ОУ-ын 6 кино наадамд оролцож тэргүүн болон тусгай байрын шагналуудыг хүртэж, шүүгдийн зүгээс өндөр үнэлгээ авч байлаа. Тэрбээр Монголын кино урлагийн салбарт 50 гаруй жил зүтгэхдээ 42 уск, 72 баримтат кино, 1 бүрэн хэмжээний дуурийн ерөнхий зураглаач, дүрсний найруулагчаар ажиллажээ.

Уран сайхны кино

[засварлах | кодоор засварлах]
Ерөнхий зураглаач
  1. Тэнгэрийн муухай арилдаг 1978 он
  2. Тууврын замд 1979 он
  3. Эхлэл 1980 он
  4. Хуучин сүмийн нууц 1982 он
  5. Газарчин (хамтарсан) 1983 он
  6. Гарьд магнай 1983 он
  7. Галын урсгал 1985 он
  8. Ирж яваа цаг 1986 он
  9. Нандин эрдэнэ 1986 он
  10. Би нисэх дуртай 1987 он
  11. Хөх өвсний нуур хөлгүй 1989 он
  12. Бүлээн нурам 1990 он
  13. Тод магнай 1990 он
  14. Агшин 1992 он
  15. Өс хонзон 1993 он
  16. Учиртай гурван толгой (дуурь) 1993 он
  17. Монголын гурван өдөр 1993 он
  18. Төрийн сүлд өршөө /5 анги/ 1994 он
  19. Еэ еэ. Шар Буд аа 1994 он
  20. Чин ван Ханддорж 1995 он
  21. Газар шороо мину зээ /2 анги/ 1996 он
  22. Наран ургахыг хүлээхгүй 1997 он
  23. Салж чадахгүй хайр 1998 он
  24. Зүүдэнд ирсэн хонгорхон ижий 1999 он
  25. Хааны сүүлчийн хатан 2000 он
  26. Төрийн сүлд минь өршөө 2001 он
  27. Жинжиймаа 2001 он
  28. Сийлэн бөөр 2001 он
  29. Хэен хуар 2001 он
  30. Уучлаарай хайрт минь 2001 он
  31. Золиос 2001 он
  32. Мэлмий 2001 он
  33. Канка 2002 он
  34. Чингис хаан /Япон/ /тулааны оператор/ 2005 он
  35. Чингис хаан /Якут/ 2006 он
  36. Төрийн хэргэм 2007 он
  37. Тэнгэрийн ивээл 2009 он
  38. МИ 15 2010 он

Маш 72 баримтат киноны зураглаачаар ажилласан.

  1. Залгамж үе
  2. Мөнхийн гэрэл
  3. Монгол цирк
  4. Залуу Монгол
  5. Таван жилийн алхаа
  6. Цаатан
  7. Бөө нар
  8. Хүнд ачаа
  9. Тэрэгчин хүү
  10. Монгол 2030 (баримтат уран сайхан)