Гүрсэдийн Доржсамбуу
Гүрсэдийн Доржсамбуу | |
---|---|
Төрсөн | 1949 он |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | жүжигчин, багш, найруулагч |
Идэвхтэй | 1968 - 1994 он |
Гүрсэдийн Доржсамбуу (1949 оны 3-р сарын 22-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн-1994 онд нас барсан) — Монголын жүжигчин, театрын найруулагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Найруулагч Г.Доржсамбуу 1949 он Д.Жамъянгийн хүү болон мэндэлээд Арнайн Гүрсэд хэмээх нутгийн айлд үрчлэгджээ. Сүүлд эцэг Гүрсэд нь “Тоншуул” сэтгүүлийн зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн болсон байна. Доржсамбуу бага насаа уран бүтээлийн жаргал зовлон хосолсон орчинд өнгөрөөсөн нь түүнийг ирээдүйн мэргэжлээ сонгож, өөрийн гэсэн үзэл бодолтой болон төлөвшихөд ихээхэн нөлөөлсөн гэдэг.
Харин төрсөн эцэг Жамьянгийн эцэг нь Дамдинсүрэн гэж Хатанбаатар Магсаржавын бичээч, туслах хийж явсан хүн гэдэг. Ардын хувьсгалаас хойш Хутаг-Өндөрийн сумын анхны даргаар ажиллаж явсан байна.
Тэрээр 1966 онд театрт хөл тавьж, дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад цэргийн алба хаахаар морджээ. Цэргээс халагдсаны дараа ажилдаа эргэн орж, 1971 оны 4-р сарын 19-нд УДЭТ-ын үндсэн жүжигчин болж, уран бүтээлийнхээ гарааг эхлүүлжээ.
Тэрбээр 1973 онд Д.Мягмарын “Нандин эрдэнэ” жүжгийн Жанцан, 1974 онд Армяны зохиолч А.Папаяны “Цаг өөр болжээ” жүжгийн Эдуард, 1975 онд төрийн шагналт, зохиолч Ч.Чимидийн “Маш нууц” жүжгийн Жамьяндоод тогложээ.
Тэрээр 1975 онд ЗХУ-ын Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуульд суралцаж 1980 онд төгсөж ирсэн байна.
1980-1985 онд УБДС-д багш, 1985-1994 онд Драмын театрт ерөнхий найруулагчаар ажилласан.
"Найрын ширээний ууц", "Нора", "Болд хэрхэн хатаагдсан нь""Нийгмийн санаа""Хөхөлдэй хүүгийн үлгэр""Халуун газар" зэрэг 20 гаруй жүжиг найруулан тавьжээ.
УРАН БҮТЭЭЛ НАЙРУУЛГА
[засварлах | кодоор засварлах]Г.Доржсамбуу жүжигчнээс дүр нэхдэг найруулагч байсан. Тэрбээр сургуулилалтын явцад юу ч хэлэхгүй хэрнээ жүжигчдийг алсуур хөтөлсөөр өөрийнхөө санаанд буй дүрийг гаргуулдаг байв. Ардын жүжигчин Д.Мэндбаяр “Намайг “Найрын ширээний ууц” жүжигт Ханджавын дүр бүтээлгэхээр сонгосон юм. Тухайн үед “Миний тоглох дүрийг өөр хүнд өгчихөөд надад ийм дүр өглөө” гэж дотроо голонгуй дурамжхан л байсан. Тэгтэл насан туршдаа тоглох дүр өгснийг ойлгохгүй, гомдож явснаа хожим ухаарсан. Хүн залуугаараа үргэлж амьдрахгүй. Гэтэл би өнөөг хүртэл Ханджавынхаа дүрд тоглосоор байна. Энэ жүжиг театрын тайзан дээр олон жил амьдарч буй уран бүтээл. Үзэгчид эхнээс нь дуустал инээдэг байсан. Тэр үед надад “Театрын хана хүртэл инээдэг болов уу” гэсэн бодол төрдөг байв” хэмээн хуучилсан Ардын жүжигчин Н.Мягмарнаран “Надад Самдангийн дүр өглөө. Сургуулилалтын явцад “За Дорж оо, би тоглож чадахгүй нь. Чи З.Пүрэвээ гуайд энэ дүрээ өгчих. Хошин дүрд тоглож байгаагүй надад тохирохгүй” гэхэд “Битгий солиор, чи Самданг гаргана. Би харчихсан гэж зүтгэж билээ. Тэрбээр “Хоёроос гурван дүр нэг жүжгээс төрөх юм бол би өөрийгөө агуу жүжиг хийчихлээ гэж бодъё” гэж ярьдаг байсан.
Найруулагчийн хувьд эхлээд зохиолоо жүжиг болгож харчихаад жүжигчидтэйгээ ажилладаг агуу хүн байлаа. Намайг инээдмийн төрөлд нээсэн хүн бол Г.Доржсамбуу. Энэ жүжиг тайзнаа 20 жил тасралтгүй тоглолоо” хэмээн өгүүлсэн юм. Жүжигчин Ц.Төмөрхуяг “Намайг гуравдугаар курсэд байхад Г.Доржсамбуу багш “Найрын ширээний ууц” жүжгийн зохиол өгөөд унш гэлээ. Уншсаны дараа “За чамд ямар санагдав” гэхэд “Ерөөсөө инээдтэй санагдсангүй. Сонин зүйл ер алга” гэхэд “Чи харж байгаарай, би үүгээр инээдмийн жүжиг хийнэ” гэж байна. Тун удалгүй жүжгийн нээлт боллоо. Би үзсэнийхээ дараа инээгээд, бүр гадаа гарч дэвхэцсэн. Дараа нь багш надтай тааралдаад ёжтойгоор “За сэтгэгдэл ямар байна” гэхэд “Хачин юм даа, би зохиолыг нь уншаад ойлгоогүй л байж дээ. Та яаж ингэж хийж чадав. Намайг уншихад инээдтэй санагдаагүй л юм даа” гэхэд “Харин инээх юм байдаг байхгүй юу, үүнийг л олж хараад, сурах хэрэгтэй” гэж билээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Гүрсэдийн Доржсамбуугийн 1971 онд Ц.Цолмонтой гэрлэж /Хүүхэд, залуучуудын театрт жүжигчин байсан/, 1972 онд охин Д.Сувд төрж, 1973 хүү Д.Амар /театрын найруулагч/, 1975 онд хүү, телевизийн найруулагч, зураач мэргэжилтэй Д.Цогт нар төржээ.