Jump to content

Далантайн Цэрэнсодном

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Далантайн Цэрэнсодном (1939 оны4-р сарын 1-нд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн- 2024 оны 12-р сарын 5-нд Улаанбаатарт нас барсан) Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич. Ардын аман зохиол судлаач, Монголын нууц товчоо судлалын төвийн захирал.

Түүний эцэг Чойдорын Дамдинсүрэн хүүгээ мэндлэх үед цэргийн албанд татагдсан байна. Тухайн үед цэргийн албыг таван буюу түүнээс ч илүү жил хаадаг байсан тул эргэж ирэх нь ч тодорхойгүй учир залуухан охиныхоо амьдралыг бодоод өвөг эцэг нь эх Долгорыг ийнхүү нагац ах С.Далантайд богтлуулсан ажээ. Түүний нагац "эцэг" С.Далантай үлгэр тууль ярьдаг, нутаг усандаа нэлээд алдартай дархан хүн байжээ. Тиймээс хүү улаан үнээний сүүнээс гадна үлгэр домгоор угжуулж өссөн гэнэ. Далантай хүүхдүүдийнхээ эрдэм мэдлэгт их анхаардаг сүрхий хүн байсан бөгөөд тооны хүрдгийг ягштал цээжлүүлдэг байж. Тиймээс Цэрэнсодном хүү нэгдүгээр ангид ороход үе тэнгийнхнээсээ мэдлэгээр хол давсан байжээ.

1948-1950 онхд Халзан сумын бага сургууль, 1950-1958 онд Сүхбаатар аймгийнхаа дунд сургуулийг дүүргэж 1958 онд МУИС-ийн Монгол хэлний ангид элсэн орж Хэл шинжлэлийн агуу эрдэмтдийн төлөөлөл болох Т.Пагма, Ш.Гаадамба, Д.Чойжилсүрэн нараар хичээл заалгаж 1962 онд төгссөн байна.

Түүний төрсөн эцэг Ч.Дамдинсүрэн цэргийн заан, дүү нь Цэрэнтогтох гээд аймгийн арслан бөх байсан тул Цэрэнсодномыг бөх болох байх гэсэн боловч номын мөр хөөжээ.

Их сургуулиа төгсөөд Д.Цэрэнсодном Хэл зохиолын хүрээлэнд анх ажилд оржээ. Түүнээс авьяас билиг цухуйж буйг эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен нар аль хэдийнэ ажигласан байж. Ажилд ороод удаагүй байхдаа өнөөх айж гайхшруулсан Б.Ринчен багштай Увс, Ховдын хязгаарт судалгаа, шинжилгээ хийж хоёр сар хамт явсан нь тэднийг нэлээд ойр дотно болгожээ.

Тэрээр орос, англи, герман, хятад зэрэг гадаад хэлтэй ажээ.

Академич Д.Цэрэнсодном ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, “Монголын нууц товчоо” судлалын төвийн эрхлэгч, “Эх хэл бичиг” сэтгүүлийн ерөнхий редактороор 62 жилийн турш эрдэм судлалын ажлаа хийхдээ Монгол бичиг соёлын үнэт өв дурсгал - Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн тус бүр бие даасан салбар шинжлэх ухаан болтлоо хөгжсөн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа. Тэрээр “Дундад зууны үеийн монголчуудын бичгийн яруу найргийн эх ундарга хийгээд өвөрмөц шинж” сэдвээр Докторын зэрэг хамгаалсан байна.

Гэргий Доржийн Ичинхорлоо, тэд 3 хүүхэдтэй. Охин Хадаа, хүү Баяраа, хүү Сүмбэр нар.