Дамдинсүрэнгийн Энхбаатар
Дамдинсүрэнгийн Энхбаатар нь Монголын төр, армийн зүтгэлтэн, 1990 оны ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг.
Тэрээр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод төрж өссөн бөгөөд тэндээ 10 жилийн сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Тэрээр 1980-аад онд Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж ирээд цэргийн албанд татагджээ. Д.Энхбаатар гадаад хэлний мэдлэгтэй байсан тул ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газарт орчуулагчаар ажиллаж байсан. Улмаар Цэргийн тагнуулын газарт ахмад цолд хүртлээ алба хашиж, мэргэжлийн цэргийн тагнуулч болжээ. Энэ үед Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэж, 1990 онтой золгов. Сэтгүүлч хэмээх үндсэн мэргэжилдээ хөтлөгдөн, “шинэ салхи”-ийг сониучирхаж явсан Д.Энхбаатар ардчиллын партизануудтай нэгджээ. Энхбаатар 1990 оны хавар Ардчилсан Холбооноос зарласан өлсгөлөнд оролцож явсан.
Улсын Их Хурлын гишүүн, Казиногийн хэрэг
[засварлах | кодоор засварлах]1996 онд болсон Улсын Их Хурлын ээлжилт сонгуулиар МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Д.Энхбаатар болон зарим гишүүдийн санаачилгаар "Казиногийн тухай" хуулийг санаачлан батлуулсан байна. 1998 онд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар нь авлигын хэргээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, улмаар шүүхээс уг хэрэг батлагдсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсны дагуу хоригджээ. Суллагдсаныхаа дараа БХЯ-ны “Транс сэргэлт” компанийн захирлаар ажиллаж байгаад хурандаа цолоор шагнуулжээ. Улмаар ЗХЖШ-ын Хяналт шалгалт, Үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Энхбаатарыг 2012 оны 3 сард ерөнхийлөгч Элбэгдоржийн зарлигаар бригадын генерал цолоор шагнасан байна.
Энхбаатар нь УИХ-ын гишүүн байх үедээ Монголд анх удаа болсон Казиногийн хэргээр авлига авсан нь нотлогдон бүрэн эрхээ түдгэлзүүлэн, эрүүгийн хариуцлага хамт хүлээсэн хүмүүс нь түүнтэй хамт тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн Дашжамцын Баттулга, тухайн үед УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд байсан Саригийн Батчулуун ба Мон Макао компанийн захирал Байгаль нар юм.