Данжила

Данжила Галдан бошигт хааны нэг баатар жанжин нь байсан бодит түүхэн хүн. Зарим сурвалжид дурдсанаар Галдан хаантай ах дүүсийн хүүхдүүд буюу бүл болох хүн нь гэж бичсэн байдаг. Данжила нь Галдан хааны бүхий л амьдралын турш түүний үнэнч лагалдагч хамтран зүтгэгч байсан ба Галдан хааныг үрэгдсэний дараа Зүүнгарын хааны ширээнд суусан Цэвээнравдангийн заналхийлэлээс зугатахын тулд Манж Чин гүрэнд дагаар орсон байна.

1697 оны зун Данжила Галданбошигт хааныхаа гэрээсийг биелүүлэхээр түүний чандар, охиныг нь аван 300 итгэлт дайчнаа удирдан далай ламыг зорин аянд гарсан байдаг. Даанч тэд хүссэн газартаа хүрч чадсангүй. Цэвээнравдангийн цэрэг тэднийг отон дайрч, Бошигт хааны охин болон түүнд эцсийн мөч хүртэл үнэнч үлдсэн түшмэдүүд, албад иргэдийг нь олзлон авчээ. Данжила арай ядан амь мултарч Хами руу зугтан гарсан байна. Тэндээсээ Манжийн холбоотон лалын шашинт ноёдын тусламжтайгаар Бээжин хотноо хүрчээ. Манжийн эзэн хаан Энх-Амгалан түүнийг ихэд найршаан хүлээн авч, “Санждацан” цол шагнаж, Цахарын хошуунд нутаг эрхшээн суулгасан байдаг. Кан-Си хаан Данжилаг ийн “таалах” болсон нь түүний холын бодолтой холбоотой байлаа. Халхыг эзэгнэсэн чин гүрний дараагийн зорилго нь мэдээж эн тэнцүүрхэн мөчөөрхөж буй Монголын сүүлчийн тусгаар голомт-Зүүнгарыг дарж авах явдал байв. Тиймээс л Зүүнгарын ханы өшөөтнийг тэтгэж, алсын хүслээ гүйцээхийг зорьсон нь энэ.

Гэвч Данжила тэдний эс санасныг гүйцээж, Амарсанаа лугаа ахан дүүс-ойрад түмнийхээ эсрэг хөдлөөгүй юм. Тэрээр Манжийн эзэн хааны зараал ирэх бүрийд элдвээр аргацаасаар, өөрийн эзэн Галданбошигтынхоо асаасан Зүүнгарын төрийн голомтод үнэнч байсаар бие барсан билээ. 1690 оны хавар Ойрадын цэрэг манжийн цэрэгтэй хийсэн анхны томоохон тулалдаан болох Улз голын тулаан, мөн оны зун Улаанбуданчид болсон Ойрад манжийн хүч тэнцвэргүй тулалдаанд Данжила цэргээ оройлон оролцож, эр биеийн баатар зориг, эрдэм чадлаа шавхан харуулсан байдаг. Галданбошигтын хувь заяаг шийдсэн Тэрэлжийн Зуун модны тулалдаанд тэрбээр оролцоогүй юм.

Зарим эх сурвалжид тэмдэглэснээр Данжила өөрийн шилмэл эрсээс бүрдсэн мянгатаа авч, манжийн цэргийн араас цохилт өгөх, хүнсний нөөцийг булаах буюу устгах үүрэг хүлээн Хэрлэнгээс салж мордсон байдаг. Харамсалтай нь энэ зорилтоо биелүүлж амжаагүй байхад нь ойрадын гол хүч Зуун модонд Манжийн баруун замын цэрэгтэй халз таарч тулалдан бут цохиулжээ. Кан-Си буюу Энх-Амгалан хаан Галданбошигтыг дарахаар өөрийн биеэр дайлахдаа манж, халх, өвөр Монголчуудаас бүрдсэн 100 мянган цэргийг хөдөлгөсөн нь өдгөө түүхийн олон сурвалжаар батлагддаг.