Дедукци
Дедукци (англи. Deduction). Латин хэлний deductio-“гаргаж авах” гэсэн үгнээс гаралтай. Шинжлэх ухаан, танин мэдэхүйд түгээмэл хэрэглэдэг судалгааны тунгаан бодох арга юм. Өргөн утгаар нь авч үзвэл ерөнхий мэдлэгээс тусгай, эсвэл нэгж мэдлэгт шилжих үйл явцыг агуулдаг тунгаан бодох логик арга мөн. Энэ утгаараа нэгжээс ерөнхийд шилжих арга болох индукцийн эсрэг ойлголт гэж үзэж болно. Орчин үеийн шинжлэх ухааны арга зүй болон логикт дедукцийг нэлээд явцуу утгаар нь авч үздэг болж, баримжаанаас дүгнэлтэд шилжих замаар эхнийх үнэн байвал сүүлчийнх үнэн байдаг гэсэн баталгааны үндсэн дээр дүгнэлт гаргах үйл явц гэж тодорхойлж байна. Дедукцийг шинжлэх ухааны танин мэдэхүйн аргын хувьд шинжлэх ухааны онолыг боловсруулахад өргөн хэрэглэдэг. Энэ аргыг голлон хэрэглэдэг шинжлэх ухааныг дедуктив шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Үүнд юуны өмнө математик болон логик багтдаг. Дедукцийн үйл явцыг танин мэдэхүйн онол, сэтгэл судлал, логикийн ухаан судалдаг. Танин мэдэхүйн онол дедуктив үйл явцыг мэдлэгийн хөгжилтэй холбон авч үзэж, шинжлэх ухааны танин мэдэхүйн аргуудын систем дэх тэдний эзлэх байрыг тодорхойлж, гарвал зүйн үүднээс судалдаг онцлогтой. Сэтгэл судлал дедуктив үйл явц хувь хүний сэтгэхүйд яаж явагдаж, яаж бүрэлддэгийг судалдаг. Тэгвэл логикийн судлагдахуун нь дедукцийн хуулиуд ба зарчмууд, тэдний хоорондын харьцаа, энэхүү хуулиуд болон зарчмуудын тогтолцоо болдог. Логикийн илрүүлсэн дедуктив үйл явцуудын формаль шинж чанар нь тэднийг компьютерын техникийг ашиглах замаар автоматжуулах боломж олгодог байна.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.