Дмитрий Песков

Дмитрий Песков.

Дмитрий Сергеевич Песков (1967 оны 10-р сарын 17-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн)- Оросын төрийн зүтгэлтэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга бөгөөд 2012 оны 5-р сараас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч.

Тэрээр Владимир Путиныг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн байхад (2008-2012) түүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан. Орос Украинд 2022 оны 2-р сард довтолсны дараа ЕХ, АНУ, Канад, Япон, Их Британи түүний болон гэр бүлийн гишүүдийн эсрэг хувийн хориг арга хэмжээ авсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1967 оны 10-р сарын 17-нд Москвад Зөвлөлт, Оросын дипломатч Сергей Николаевич Песковын (Пакистан, Оман зэрэг орнуудад Элчин сайд байсан) хүү болж төрсөн. Дмитрийгийн эцэг тэр үеэр Арабын орнуудад - Египет, Ливи, Арабын Нэгдсэн Эмират улсад ажиллаж байсан бөгөөд Дмитрий энэ үеэр хэд хэдэн сургууль сольж, эх орондоо болон гадаадад ээлжлэн суралцдаг байв. 1983 онд Москвагийн 1243 дугаар тусгай англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль төгссөн. Бүрэн дунд сургуулиа төгсөөд хоёр дахь оролдлогоороо Москвагийн Улсын Их Сургуулийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын дээд сургуульд элсэн орсон. Тус сургуульд сурч байхад нь түүнийг цэргийн хугацаат албанд татсан, тэндээ уушгины хатгалгаа авч цэргийн албанаас чөлөөлөгдсөн байна. Дээд сургуульдаа эргэж ороод гуравдугаар ангиасаа эхлэн Туркийн компаниудад орчуулагчаар ажиллаж байжээ.

1989 онд Дээд сургуулиа түүхч-дорно дахины судлаач, референт-орчуулагч мэргэжлээр төгссөн ажээ.

1989 оноос хойш ЗХУ-ын Гадаад хэргийн яамны системд ажиллаж байсан. 1990-1994 онд Турк дахь ЗХУ, ОХУ-ын Элчин сайдын яамны жижүүрийн туслах, атташе.

1994-1996 онд ОХУ-ын ГХЯ-ны төв аппаратад ажиллаж байсан. 1996-2000 онд Турк дахь Оросын Элчин сайдын яамны хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан байна.

2000 онд Владимир Путин ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход болон ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Дмитрий Песков Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албаны хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргаар томилогдсон. Дараа нь тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны орлогч, нэгдүгээр орлогч дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч байсан.

2008 оны 4-р сарын 25-нд Песков ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин хэвлэлийн нарийн бичгийн дарга болсон.

В.Путиныг Монгол улсад албан ёсоор айлчлах үеэр хамт ирж байсан. 2021 онд Монгол улсын төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнуулсан.

Тэрээр түрк, араб, англи хэлтэй.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Албан ёсоор гурван удаа гэрлэж байсан. Анх 1989 онд Анастасия Будённая (Зөвлөлтийн алдарт цэргийн жанжин агсан Семён Будённыйгийн ач охин)-тай гэрэлсэн, хоёрдахь удаа Екатерина Солоцинскаятай 1994 онд гэрлэсэн байна. Сүүлд 2010 онд мөсөн дээрх уран гулгаач, дэлхийн хошой аварга Татьяана Навка-тай танилцаж 2015 онд гэрэлсэн байна. Д.Песков нийтдээ 3 хүү, 2 охинтой.